Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулиар сонгогдсон шинэ гишүүд долоодугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тангарагаа өргөж, УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан билээ. Тэгвэл шинээр сонгогдсон гишүүд 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй байдаг. Тэгэхээр хуулийн дагуу шинэ гишүүд ирэх наймдугаар сарын 05-нд багтаан ХОМ-ээ гаргаж өгөх юм байна.
Авлигын эсрэг хуульд, "10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасныг үндэслэн Улсын Их Хурлын гишүүд болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох байгууллагуудад гаргаж бүртгүүлэх учиртай" хэмээн заасан байдаг.
Тиймээс Авлигатай тэмцэх газраас Улсын Их Хурлын гишүүдийн 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газарт ирүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч, хамтран ажиллах асуудлаар Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт албан бичгийг хүргүүлсэн байна.