УИХ-ын анхдугаар чуулганыг энэ долоо хоногт хаахаар болсон байна. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцсэний дараа анхдугаар чуулганыг хаахаар төлөвлөсөн байна.
Өнгөрсөн долоо хоногт холбогдох хүмүүсийн бүрэн эрхийг хугацаа дуусгавар болсноор Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Самдангийн Цэдэндамбыг, УИХ-ын Тамгын газраас Балдангийн Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлэх саналыг холбогдох байгууллагуудаас УИХ-д өргөн мэдүүлж, холбогдох байнгын хорооны дэмжлэгийг хүлээгээд байсан. Харин хэлэлцэхээр төлөвлөсөн асуудалтай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ тус намын бүлгээс гаргасан зарчмын байр суурийг илэрхийлж горимын санал гаргасан юм.
Тэрээр Төрийн албаны орон тооны гишүүдийг томилох талаар өмнөх Улсын Их Хурлаас гаргасан тогтоол хүчинтэй хэвээр байгаа, нөгөө талаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэж буй эдгээр хүмүүс өргөдлөө албан ёсоор өгөөгүй, ээлжийн амралттай байгаа, түүнчлэн холбогдох танилцуулга бүрэн биш байгаа учраас тус намын бүлэг энэ асуудлаар завсарлага авах хүсэлт гаргасан тул хуралдаан даргалагч тус намын бүлэгт ажлын гурав хоногийн завсарлага өглөө. АН-ын бүлгийн завсарлага энэ долоо хоногийн Мягмар гарагт дуусах тул Лхагва, эсвэл Пүрэв гарагт УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, улмаар анхдугаар чуулганаа хаах чиг барьж байгаа аж.