Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер З.Гаалтыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Элчин сайд Ж.З.Гаалт нар Монгол, Америкийн харилцааны цаг үеийн асуудлаар санал солилцов. АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш бөгөөд Монгол, Америкийн иж бүрэн түншлэлийн харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэх, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс ач холбогдол өгч ажиллахыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат илэрхийллээ. Мөн хоёр талын улс төр, цэрэг-батлан хамгаалах, боловсрол, соёлын болон иргэд хоорондын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэв.
Монгол Улс нь АНУ-ын Зүүн Хойд Ази дахь чухал түншид тооцогддог гэдгийг Элчин сайд Ж.З.Гаалт дурдаад, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри өнгөрөгч 6 дугаар сард Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол Улсын ардчиллын үйл явцыг тууштай дэмждэг гэдгээ сануулсныг тэмдэглэсэн юм. Мөн тэрбээр Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахад хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.