Амьжиргааны түвшин доогуур айлд орон сууц барьж өгнө

“Монгол Хабитат” хүмүүнлэгийн байгууллагын “Хөх Тэнгэрийн барилга” төслийн хүрээнд барих 20 амины орон сууцны ажил Хан-Уул дүүргийн Биокомбинатад уржигдар эхэллээ. Амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай 20 айлд хүлээлгэн өгөх тус байшинг долоо хоногийн дотор барих аж. “Хөх тэнгэрийн барилга” нь байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хадгалдаг бөгөөд өвлийн улиралд бага нүүрсээр халдаг хэмнэлтэй гэнэ. Төслийн захирал Артур Чарвьз “Айл өрхийн гишүүдтэй хамтран 20 айлын байшинг барьснаар ядуурлыг бууруулахад тус дөхөм болно гэдэгт итгэж байна” гэв. Энэхүү баригдаж буй байшин дотроо унтлагын болон зочны өрөө, гал тогооны хэсэгтэй. Мөн гадаа нь байгаль орчинд ээлтэй, хөрс бохирдуулдаггүй эко “00”-той бөгөөд айл бүр өөрийн эзэмшлийн хашаа, талбайтай байхаар төлөвлөжээ. Байшингийн төлбөрийг бага багаар хүүгүйгээр төлж дуусгах юм байна.
Д.Ундрах 24tsag.mn