
Монгол Улсын томоохон татвар төлөгчдийн нэг “Саусгоби Сэндс” компани Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдлээ. Тус компани татварт ногдох орлогынхоо нэг хувийн санхүүжилтийг тээврийн хэрэгслээс ялгарах хорт утааг бууруулах ажлыг санхүүжүүлэхээр өнөөдөр /2025.12.12/ гурван талт гэрээ байгуулав.
Гэрээнд санхүүжүүлэгч “Саусгоби Сэндс” ХХК-ийн Ерөнхийлөгч Шү Жиншинг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, гүйцэтгэгч “Эко Майн Системс” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Досан нар гарын үсэг зурлаа.
“Саусгоби Сэндс” ХХК-ийн санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн ТҮК-ийн 74 машинд шатахуун зарцуулалтыг 30 хувиар багасгаж, яндангаас ялгарах хорт утааг 80 хүртэл хувиар бууруулах эко төхөөрөмж суурилуулна.

Цаашид “Саусгоби Сэндс” компани нийслэлийн гэр хорооллын бүсэд байрлах том оврын усан халаалтын зуухуудыг шинэчилж, хийн түлшний технологид шилжүүлэх ажлыг мөн санхүүжүүлэх юм.
Л.Баяр



















































