Зөрчилтэй архины үйлдвэрүүдэд арга хэмжээ авна

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлдэг газруудад шалгалт хийжээ. Манай улсад “Тусгай зөвшөөрөл” бүхий спиртийн 15, архины 92, дарсны 15, шар айрагны 23 нийт 145 үйлдвэр бүртгэлтэй байдаг аж. Мөн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан архины 18, спиртийн тав, шар айрагны ес, дарсны зургаан үйлдвэр байдаг байна. Үүний 68 нь шалгалтад хамрагджээ. Энэхүү шалгалтын явцад ихэнх үйлдвэрүүд технологи, эрүүл ахуй, хяналтын чиглэлээр зөрчилтэй байжээ. Түүнчлэн 43 үйлдвэрийн 34.8 хувь нь тоолуурын холболт, суурилуулалтын үеийн батлагдсан схем зураггүй, техник ашиглалтын паспорт хөтөлдөггүй, тоолуурын техникийн бэлэн байдал, ашиглалт, хэмжил гүйцэтгэх аргачлалд байнгын хяналт тавьж ажилладаггүй нь илэрчээ. Энэ мэт зөрчлүүд архины үйлдвэрүүдэд элбэг байжээ. Зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагад хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахаар болсон байна.
Д.Ундрах 24tsag.mn