Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Төсвийн тодотгол болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр алтны роялти татварыг нэмж 5 хувьд хүргэх Засгийн газрын саналыг хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун урт хугацаандаа алтны татварыг нэмэх нь зүйтэй. 5 хувийн татвар авах бол зохистой харилцаа гэв. Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Алтны роялтийг нэмэх нөхцөл бүрдээгүй байна. Өнөөдөр валютын нөөцөө нэмэх, алтны олборлолтыг нэмэгдүүлж экспортын орлогоо нэмэгдүүлэх нь бидний нэн тэргүүний зорилго. Тэгэхээр богино хугацаандаа үүнийг хийхээс өөр арга байхгүй. Зөвхөн энэ оны долдугаар сарын байдлаар 8.7 тонн алт эскпортлоод 341.5 сая долларын орлого олчихсон байна. Энэ бол хомсдоод байгаа валютын нөөцөд их том ач холбогдолтой зүйл. Тэгэхээр 2019 оноос үйлчлэх хуулийг нааш нь татах шаардлага байхгүй” гээд хууль санаачлагч нь хуулиа эргүүлэн татах зарчмын зөрүүтэй санал гаргасан ч гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Мөн УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Одоогийн шинээр өргөн баригдсан хуулиар-алтны татварыг өсгөснөөр компаниуд Монголбанкинд тушаах нь эрс багасч, тэр хэмжээгээр худалдаа далд хэлбэрт шилжиж, улсын нөөцөд орох алтны хэмжээ буурах бодитой эрсдэл байгаа" гэж санууллаа. Ингээд алтны роялти татварыг 5 хувьд хүргэх Засгийн газрын саналыг Эдийн засгийн байнгын хороогоор дэмжлээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)