Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юньшантай уулзаж, Монгол Хятад хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны асуудлаар санал солилцжээ.
Талууд өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжин, бүхий л салбарын хамтын ажиллагаанд чухал түлхэц болж байгааг онцлон тэмдэглээд Монгол Улс өнгөрөгч 7 дугаар сард Ази-Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалтыг амжиллтай зохион байгуулахад Хятадын Засгийн газраас зохих туслалцаа дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчдыг дэмжих тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөөд эдийн засаг сайнгүй байгаа энэ үед Хятад Улстай бодит хамтын ажиллагаагаа идэвхижүүлж, харилцан ашигтай хамтарч ажиллах, хоёр улсын эдийн засгийн хөгжилд түлхэц болох томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой алхамуудыг хийх шаардлагатай байгааг уулзалтын үеэр Ерөнхий сайд тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.