Зам тээврийн сайдын багцын урсгал зардлын дүн нь 2016 оны төсвийн тодотголтой харьцуулахад 325.6 сая төгрөгөөр буюу гурван хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Засгийн газар ирэх онд "гацаанд орсон" төмөр замын томоохон төслүүдээ хөдөлгөх зорилттой байгаа юм. Энэ хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2018 оны эцсээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг ЗТХЯ-наас мэдээлэв.
Мөн энэ оны тавдугаар сард яамны улсын байцаагч нар газар дээр нь ажиллаж дүгнэлт гаргажээ. Дүгнэлтийн дараа өмнө хийсэн ажлуудыг сэргээн байгалийн хүчин зүйлээс хамгаалах мөн технологийн шаардлагатай ажлыг гүйцээх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан ч одоогоор шийдвэрлээгүй байгаа аж. Гэхдээ 2017 оны дөрөвдүгээр сараас төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Одоогоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил 51 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд санхүүжилтийн асуудлын улмаас гацаанд ороод байгаа юм. Эргэн сануулахад, төмөр замын ТЭЗҮ-ийг анх 2012 онд Австрали улсын “Ай Ком” компани 1520 мм-ийн царигтай байхаар боловсруулж, барилгын ажлыг эхлүүлсэн. Гэвч 2014 онд УИХ-аас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын царигийн өргөнийг хэлэлцэж, 1435 мм байхаар шийдвэрлэснээр өмнөх ТЭЗҮ-д өөрчлөлт оруулах шаардлага үүссэн билээ.
Сэтгэгдэл (1)