Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.11.04/ хуралдаанаар "Прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” болон “Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Мөн "Эрдэнэт" -ийн асуудлыг шийдэх ажлын хэсэг гаргалаа.
Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын "Ростех” корпорацийн "Эрдэнэт үйлдвэр” ХХК болон "Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан. Энэ дагуу дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцсэн юм.
Ажлын хэсэг байгуулах шалтгаан нь Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын "Ростех” корпорацийн "Эрдэнэт үйлдвэр” ХХК болон "Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг дотоодын аж ахуйн нэгж худалдан авсантай холбоогүй. Хамгийн гол нь Монгол Улсын Үндсэн хууль тэргүүтэй хэд хэдэн хуулийг зөрчсөн үйл явцыг нь шалгах нь чухал гэдгийг гишүүд онцлон тэмдэглэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ш.Раднаасэд, Б.Дэлгэрсайхан нар Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдах Ажлын хэсгийн үйл ажиллагааны цар хүрээг тогтооход анхаарах нь чухал гэдгийг дурдав.