Засгийн газраас “Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтын дүнг өнөөдөр Хууль зүйн байнгын хороодоор хэлэлцэх хуваарьтай байсан. Гэвч шалгалтын дүн Ардчилсан намын бүлгийн гишүүдэд албан ёсоор ирээгүй учраас тус бүлэг уг асуудлаар долоо хоногийн завсарлага авна гэдгээ мэдэгдээд байгаа.
Энэ талаар АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Хөгжлийн банкнаас авсан томоохон зээлүүдийн 60 хувийг МАН-ын бүлгийн гишүүд авсан байдаг. Цаашилбал шалгалтын дүгнэлтийг УИХ-ын гишүүдэд тараагаагүй байж шууд Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх гэж буй нь хууль зөрчсөн үйлдэл. Эхлээд гишүүдийн гар дээр материал ирэх ёстой. МАН-ынхан ингэж хууль зөрчихөө зогсоох хэрэгтэй. Хөгжлийн банкнаас олон компани зээл авсан. Томоохон зээл авсан компаниудын 60 хувь нь МАН-ын компаниуд. Гэтэл ганц Ардчилсан намынхан хувааж аваад идчихсэн юм шиг ярих хэрэггүй. Бондоос зээл авсан зарим компанийн эргэн төлөлт ч асуудал үүсгэхээр байна” гэсэн юм.
Харин МАН-ын бүлэг “Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтын дүнгийн мэдээллийг сонссон. Тэгэхээр тус бүлгийн гишүүд шалгалтын материалтай танилцсан бөгөөд бүлгээрээ хэлэлцсэн гэсэн үг. Харин АН-ынхан шалгалтын дүнтэй танилцаж чадаагүй байгаа аж. Тиймээс уг асуудлыг өнөөдрийн Хууль зүйн байнгын хороодоор хэлэлцэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.