Ардчилсан намын Их хурлаар намын даргыг бүх гишүүдээсээ санал аван тодруулахаар болж, шийдвэрлэсэн. Тэгвэл тус намын даргад нэр дэвшигчийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.
Бүртгэл ирэх бямба гариг буюу энэ сарын 17-ныг хүртэл явагдах юм. Энэ талаар Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Ардчилсан намын даргын Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар мэдээллээ.
Тэгвэл өнөөдрөөс Ардчилсан намын гишүүдийн шинэчилсэн цахим бүртгэл эхэлж байгаа бөгөөд бүртгэлд хамрагдсан, татвараа төлсөн гишүүн нь намын даргаа сонгох сонгуульд оролцох эрхтэй байх гэнэ.
Ардчилсан намын даргын Сонгуулийн хороо нь нийт 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Тус хороо нь Их хурал болж өнгөрсний дараа буюу энэ сарын 8-наас удирдлага зохион байгуулалтаа хийн, улсын хэмжээнд нийт 339 сонгуулийн салбар хороог байгуулсан байна.
Тус намын дүрэмд зааснаар намын даргад нэр дэвшигч нь 40 хоногийн хугацаанд сурталчилгаагаа хийнэ. Харин намын даргыг тодруулах сонгууль ирэх нэгдүгээр сарын 29-нд болох юм.