Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Т.Аюурсайхан гишүүний санаачилсан уг хуулийн төсөлд хэрэглэгчээс ирүүлсэн гомдлыг эхлээд аж ахуй эрхлэгч шийдвэрлэхээр, улмаар арбитр, төрийн захиргааны байгууллага, эцэст нь шүүхээр шийдвэрлүүлдэг байхаар тусгажээ.
Мөн зах зээлийн харилцаанд шинээр үүсэн гарч буй харилцааг зохицуулах шаардлагаар урамшуулал, сугалаат худалдаа, интернэт худалдаа болон явуулын худалдаа, үйлчилгээний явцад хэрэглэгчийг хохироохыг хориглосон зохицуулалт бий болгосон байна.
Гишүүд асуулт тавьж үг хэлсний дараагаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх санал хураалт явуулж гишүүдийн олонх уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.