УИХ-ын нэгдсэн чуулганаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Хар машины технологиос Америкчууд өөрсдөө татгалзаж эхлээд байна. Сая болоод өнгөрсөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг ч гэсэн хакердчихлаа гээд байна. Тэгэхээр Монголчууд бие биендээ итгээд гараараа сайхан тоолчихож болдоггүй юм уу, Монголчууд төрийнхөө тэргүүнийг сонгох гэж байгаа болохоос биш, аль нэг намын гишүүнийг сонгох гээгүй, мөн Ерөнхийлөгчийн сонгуульд хэдэн төгрөг төсөвлөгдөж байна вэ?" гэсэн асуулт асуулаа.
Түүний асуултад СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хариулав. Тэрбээр "Гараар тоолж болохгүй, хуулиараа хориотой. Ард нийтийн санал асуулгыг хуулийн дагуу зохион байгуулна. УИХ, орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгуулийг хуулийн дагуу явуулна. Тэгэхээр гараар тоолох боломжгүй. Автоматжуулсан системд 2012 оны сонгуульд 20 гаруй тэрбум төгрөг баталж өгч байсан. Өнөөдөр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 2 тэрбум төгрөг байгаа. Анх хэрэглэж байснаасаа төсөв 10 дахин багассан" гэв.
Сэтгэгдэл (1)