УИХ-ын сонгуульд МАХН-МҮАН-аас “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар сонгогдоод буй З.Баянсэлэнгэ гишүүний нэрийг татаж магадгүй бололтой. Учир нь түүний хэрэг Чингэлтэй дүүргийн шүүхэд шалгагдаж буй. Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчлахад МАХН-ын гишүүдтэй хамт сулла хэмээн жагсаж байсан юм. Тэгэхдээ Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдан, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар эрүүгийн хэрэгт татагдсан билээ. Түүнтэй хамт МАХН-ын гишүүд болох Б.Батболд, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нар мөн шалгагдаж байгаа. Тэдэнд холбогдох шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 4-нд болж, улсын яллагч Ц.Хашбаатар нэг жил найман сарын хорих ял төлөвлөснөө дуулгасан. Гэвч шүүх бүрэлдэхүүн нэмж шалгах зүйл бий гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан. Харин үүнийг улсын яллагч Ц.Хашбаатар эсэргүүцэж, эсэргүүцэл бичээд байсан билээ. Уг эсэргүүцлийн үндэслэлтэй эсэхийг Нийслэлийн шүүхэд хэлэлцэж, мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, анхан шатны шүүхээр шийд гэсэн шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр З.Баянсэлэнгэ гишүүнд холбогдох шүүх хурлын тов удахгүй гарах юм. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол тэрээр улсын яллагчийн зүгээс төлөвлөөд буй 1.8 сарын хорих ялаар шийтгүүлж, УИХ-аас түүний нэрийг татах юм.
Түүнийг УИХ-ын гишүүн болсноор халдашгүй байдал нэрийн дор хэрэг нь шийдэгдэхгүй болж байгаа хэмээн хардах хүмүүс байгаа. Харин хуулийн байгууллагын эх сурвалж “Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүний халдашгүй байдлаар гэмт хэрэгт холбогдсон ч хаацайлагдаад хэрэг нь шийдэгдэхгүй байдаг заалтыг хүчингүй болгосон. Тиймээс УИХ-ын гишүүн болж, тангараг өргөсөн ч гэм буруутай нь тогтоогдвол ялаар шийтгүүлнэ” гэв.
Тэгэхээр удахгүй товлогдох шүүх хурлын шийдвэрээс З.Баянсэлэнгэ гишүүний хувь заяа шийдэгдэх юм. Дашрамд дурдахад, түүнийг иргэд энэ жилийн “Ордны одтой бүсгүй”, “Хорооны даргаас, УИХ-д сонгогдсон азтай бүсгүй”-гээр шалгаруулаад байгаа билээ. Учир нь тэрээр нэг хүний төлөө амиа биеэ золиослон өлсгөлөн зарлаж, тэмцсэнийхээ төлөө намын жагсаалтад дээгүүр жагсаж, УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа юм.
Б.Чимэг



















































Сэтгэгдэл (1)