УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн 93,9 хувийн саналаар Н.Чинбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо.
Түүнийг Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр ҮХЦ-д нэр дэвшүүлсэн юм. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Р.Гончигдорж, Н.Чинбат, Д.Зүмбэрэллхам, Ж.Дашдорж нар нэрээ дэвшүүлж, зөвлөгөөний үеэр Ц.Сарантуяагийн нэрийг тус шүүхийн шүүгч нарын нэг нь санал болгожээ. Тэдгээрээс Д.Зүмбэрэллхам албан бичгээр нэрээ татаж, санал хураалтад Р.Гончигдорж, Н.Чинбат, Ж.Дашдорж, Ц.Сарантуяа нар өрсөлдснөөс Н.Чинбат Улсын Дээд шүүхийн шүүгчдийн олонхын саналыг авснаар УИХ-д санал болгох тогтоол гаргасан юм.
Гавьяат хуульч Намжилын Чинбатын хувьд өмнө нь буюу 1996 оноос хойш Оюуны өмчийн газрын даргаар ажиллаж байснаар нь иргэд илүү мэддэг. Тэрбээр өдгөө Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхийн албан тушаал хашиж буй юм. Хуульч мэргэжилтэй тэрбээр дээрх газрын даргын албан тушаал хашихаас өмнө Дээд шүүхийн орлогч дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн зэрэг олон ажил эрхэлж байсан юм. Н.Чинбат өнгөрсөн жилийн тавдугаар сард болсон ШЕЗ-ийн гишүүнд мөн нэр дэвшиж, одоогийн тус зөвлөлийн дарга Н.Лүндэндоржтой өрсөлдөж байсан билээ.
24tsag.mn