Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэнд энэ сарын 10, 11-ний өдөр Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн билээ. Тэгвэл гадаадад саналаа өгсөн сонгогчдын битүүмжилсэн дугтуйнд хийсэн саналын хуудсыг гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс Сонгуулийн Ерөнхий Хороонд өчигдөо хүлээлгэн өгчээ.
Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн буюу энэ сарын 26-ны 22:00 цагт эхлүүлж, ажиглагч, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, саналыг хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж саналыг тоолж дүнг гаргана аж.
Гадаадад байгаа иргэдээс сонгуульд оролцож саналаа өгөхөөр 7209 иргэн бүртгүүлсэн бол 4816 иргэн буюу 66.8 хувь нь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улс дахь 45 салбар комиссын тогтоосон санал авах байранд очиж саналаа өгсөн байна.