
Наадмын дараа буюу 7-р сарын 16-нд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст түр саатуулсан. Түүнийг УИХ-ын гишүүн З.Энхболдын гомдлын дагуу саатуулсан. Учир нь тэрбээр сонгуулийн үеэр “Санал тоолох автомат машинд олон нийт итгэхгүй байна. Энэ маргаантай асуудалд З.Энхболд нар буруутай” хэмээн ярьсан аж. Тиймээс З.Энхболд гишүүн үүнийг нэр хүндэд нь халдаж, гүтгэсэн гэж үзэн цагдаад өгсөн байна. Харин МАН, АН-ынханыг сөргөлдүүлэх болсон үйл явдал АН-ын бүлгийн хурал дээр болжээ. З.Энхболд гишүүн АН-ын бүлгийн хурал дээр “Би Л.Оюун-Эрдэнийг шоронд хийхдээ л хийнэ” гэсэн нь МАН-ынхны чихэнд хүрч, тэд ихэд эгдүүцсэн гэв. Тиймээс Л.Оюун-Эрдэнэд ямар нэгэн сөрөг зүйл хийхгүй гэсэн амлалтыг нь авна гэж МАН-ынхан зүтгэсэн гэж эх сурвалжууд хэлж байгаа юм. З.Энхболд ч мөчөөгүй өгөхгүй, МАН-ынхан ч “УИХ-ын даргыг сонгохдоо зөвшилцөх ёстой” гэсэн шалтагаар УИХ-ын дарга томилохыг хэдэн өдрөөр хойшлуулсан байжээ. МАН энэ асуудлаа шийдэх гэж АН-ын дарга Н.Алтанхуяг биш харин З.Энхболдыг бүлгийн хурал дээрээ дуудсан ч тэрбээр очоогүй. Энэ нь мөн л МАН-ын бүлгийн гишүүдийн уур унтууг хүргэж орхисон гэв. Гэтэл өчигдөр З.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ нарын асуудлыг нэг тийш болгож чадаагүй байтал АН-ынхан УИХ-ын даргыг шууд томилсон нь дарин дээр давс нэмсэн хэрэг болсон аж. Тиймээс ч УИХ-ын дарга томилогдонгуут МАН-ынхан эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн хэвлэлийн бага хурал хийлээ.
Одоогоор үйл явдал цаашид хэрхэн өрнөх нь тодорхойгүй байна. З.Энхболдыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа МАН-ынхны дараагийн нүүдэл юу байх бол гэж олон ч хүн сонирхож байна. УИХ-ын хувьд ИЗНН, “Шударга ёс” эвсэл, бие даагч гишүүд гээд олонхи болж байгаа нөхөд нь МАН-ын гишүүдгүйгээр кнопоо дараад шийдээд байх шинжтэй болов. Тиймээс МАН-ынхан будлиантай байгаа сонгуулийн тойрог дээр анхаарлаа хандуулж байгаа гэж эх сурвалж хэллээ. Тодруулбал Өвөрхангай аймагт АН-аас УИХ-д нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг унагаахаар төлөвлөж, үүгээр наймаа тохироо хийхээр яригдаж байгаа гэв. Шинэ УИХ даргаа сонгосон ч үүний араас гацаасан, хатгасан, эсэргүүцсэн ширүүхэн үйл явдлууд үргэлжилж магадгүй байна.
Т.Гэрэл