Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзжээ. Тэд Унгарын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр уулзсан байна.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Жүдогийн ДАШТ-ий үеэр тантай уулзаж байгаадаа баяртай байна. Бид хоёул жүдо бөх сонирхдог, бас дуртай. Энэ ижил сонирхол маань цаашдын хамтын ажиллагаанд нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд өнөөгийн бодит байдлыг бодолцон хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай төрийн тэргүүнтэй уулзах завшаан тохиосонд баяртай байгаагаа илэрхийлж, “Бид таныг улстөрч, сайн тамирчин гэдгийг мэднэ. Монголын жүдочдын тэмцээнд гаргаж буй амжилтад баяр хүргэмээр байна” хэмээгээд Владивостокт болох чуулганы үеэр дахин уулзаж, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцохыг хүсчээ.
Сэтгэгдэл (3)