зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Дөчдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

        ДӨЧДҮГЭЭР БҮЛЭГ:


БАЛЧИР ХҮҮХЭД БОЛЖ ХУВИЛРУУН ДАЯАНЫ СЭТГЭЛИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЭВ
БИЧИН ВАН ӨГҮҮЛСНЭЭ БУЦААРУУН ГАХАЙ БАГШИЙГ ХУГАСТУУЛАВ


Өгүүлэх нь, Бичин ах дүү гурвуул үүлнээс бууж шууд ордонд орсонд тэр Удишар улсын эзэн түшмэд угтан гарч талархан мөргөвэй. Бичин Манзушир Бодисадва ирж тэр шулмыг хураан аваачсаныг нэгэн зэрэг өгүүлсэнд эзэн түшмэд бүгдээр маш баясан залбиран мөргөвэй. Эзэн түшмэд ийн баясалдан атал, хаалгач түшмэл орж ирээд: “Гадна бас дөрвөн тойн ирэв” хэмээн айлтгасанд Гахай маш хирдхийн: “Аяа, ах минь, тэр шулам арга гаргаж Манзушир Бодисадва болон ирээд маныг хууран өдгөө тойн хувилан ирсэн буй за?” хэмээсэнд Бичин: “Юуны тийм хэрэг байх аж! Дотогш залж оруул!” хэмээв.


Бичиг цэргийн олон түшмэд зарлигийг уламжлан дөрвөн тойныг дотогш урин оруулсанд Бичин үзвээс, эрдэнийн ойт сүмийн тойд хааны дээл малгайг хүргэж ирсэн ажгуу. Бичин үүнийг үзээд их л баясан “Сайн! сайн!” хэмээгээд тэр дээл малгайг хаанд өмсгөж бас хан хөвгүүнийг дуудан хас цомцгийг авчирч түүний гарт бариулаад хаан ширээнд суулгах хэмээсэнээ тэр хаан сууринд суухгүй, индрийн дээр сөгдөн уйлан өгүүлрүүн: “Би үхээд гурван жил болов, өдгөө багшийн ачаар дахин эдгэжээ. Би ямар айлгүй хаан сууринд суумуй. Багш та нарын нэг нь хаан сууринд суу, би дуртайяа эм үрээ авч иргэн болохыг хүсмүй.” Тэр Тансаг гагц сэтгэлээр бурханд мөргөн ном залахыг бодох тул юуны хаан суухыг хүсэх аж. Бичинийг хаан болтугай хэмээхүйд Бичин инээн өгүүлрүүн: “Өвгөн Сүн би хаан болсугай хэмээвээс дэлхий дахины хаан сууринаа цөм би суух бөлгөө, өдгөө тойн болсон тул тийм их буяныг эдлэж чадахгүй болжээ. Хэрвээ хаан сууваас урт гэзэг тавин, улс гэрийн энх түвшний төлөө сэтгэл зовж орой унтан эрт босмуй. Үүнд бид яахан тэсэх буй? Чи мөн хаан сууриндаа суу, бид мөн тойн болж номоо залаар одсугай” хэмээсэнд хаан хэдий хүчлэн маргавч болохгүй тул хаан ширээнд сууж, дэлхий дахины хүмүүст шан тавиад эрдэнийн ойт сүмийн тойдод хишиг хүртээж, сүмд эгүүлэв. Бас зүүн ордныг нээлгэж Тансагийг хүндлэн хуримлаад уран зурагчийг авчран Тансаг багш шавь дөрвүүлийн хөргийг хөрөглөж алтан харшид тахив.


Тэр багш шавь дөрвүүл Удишар улсыг амаржуулаад өрнөш одохоор хаанд айлтгасанд тэр Удишар улсын хаан, хатан, хан хөвгүүн тэргүүлэн бичиг цэргийн олон түшмэд цөм энтэй торго, элдэв зүйлийн эрдэнэ ба алт мөнгийг авчирч Тансагт барьсанд өчүүхэн ч авсан бээр үгүй. Тансаг замын тэмдгээ солиод Бичинийг шаардан морийг эмээллүүлэн одсугай хэмээхүйд тэр хаан их л салж ядан өөрийн луун сүйхийг засаж Тансагийг залан суулгаад, хоёр жигүүрийн бичиг цэргийн түшмэдээр зам удирдуулан хаан хатан хөвгүүн нэгэн гэрийн хүмүүс сүйхийг дамнан хотыг гаргасан хойно, Тансаг сая луун сүйхнээс бууж, олонд ёслон салахуйд хаан өгүүлрүүн: “Багш, номоо залж зүүнш эгэхүйд хэрхэвч мөхөс хүн миний ордонд бууму” хэмээсэнд Тансаг: “Шавь би дагамуй” хэмээв. Тэр хаан нулимсыг цувруулан олныг авч хойш эгэв. Тэндээс, Тансаг багш шавь дөрвүүл их замыг өлгөн, гагц сэтгэлээр гандарагүд уулыг зоривой. Тэр үес чив хэмээн намрын сүүл, өвлийн эхний цаг тул:


        Навч намаа нь зулгаран унаж ой шугуй сийрээд
        Наримын тариа боловсрон гүйцээд нийдэм халиурмуй.
        Давааны гүйлс нарнаа ээгдэн өнгө ороод 
        Уулын хулс салхинаа сэжлэн жихүүнээр амисгамуй.


Багш шавь нар дөрвүүл Удишар улсаас гарч шөнө хоноглон өдөр замнасаар хагас сар болсонгүй нэгэн тэнгэр тулам уулны өмнө ирэв. Тансаг их л цочин морины жолоог татаж Бичин хэмээн дуудсанд Бичин: “Багш, захих учир юун?” хэмээн асуусанд Тансаг өгүүлрүүн: “Чи тэр өндөр уулыг үз, шулам намайг хорлох магадгүй, сэргийлэн хичээвээс сайн.” Бичин инээн: “Багш, сэтгэлийг сул болгон замаа хөөтүгэй, өвгөн Сүн би мэдмүй” хэмээсэнд тэр багш дотор уужран, морийг шаардан ууланд орж үзвээс үнэхээр бартаатай уул ажгуу.


        Асга оргил огторгуйд тулаад
        Алам цүнхээл луст нэвтэрчээ.
        Уулын энгэр цагаан үүл хөвөлзөн хар манан татаад
        Улаан гүйлс, ногоон хулс хөх нарс ургажээ.
        Уулны ард халил өндөр хана хад сүндэрлэн
        Харанхуй живүүн хонгил агуй харагдмуй.
        Хадан хонгилоос булаг бургилан,
        Горхи горчигнон урсмуй.
        Хар Бич жимс түүн хад асга дээгүүр харайлан,
        Хандгай буга эвэр сэрийлгэн гүйлдмүй.
        Өгөө эрэх барс үдэш бүр харагдан
        Ус татах луу өглөө бүр үзэгдмүй.
        Агаараар жигүүртэн шувууд сүрэглэн нисч,
        Ой дотор араатан гөрөөс сүлжилдэн гүймүй.
        Энэ үнэхээр хүмүүсийг гэлмүүлэн зүрх түгшүүлмүй.
        Хад чулуу дэгдэрлэн зэргэлээд хөх униар хүдэньэн татжээ.


Багш шавь дөрвүүл хараахан цочин гэлмэгдэн атал, тэр уулны хотгороос нэгэн хэсэг улаан үүл дэгдэн огторгуйд долоод бөөн гал мэт болохуйд Бич их л цочин Тансагийг мориноос буулгаад: “Дүү нар бүү явагтун, шулам айсуй” хэмээсэнд Гахай малтуураа өргөн Шороо таягаа далайн Тансагийг томоолон хамгаалав. Тэр улаан уулын дотор үнэхээр нэгэн шулам буй ажгуу. Тэр шулам: “Баруун газраас ном залаар одогч Тансаг болбоос арван төрөлд ариун бясалгал хийсэн алтан цалцагын бүрэлбаа мөн, түүний махыг нэгэн хэсэг олж идвээс тэнгэр газар лугаа хамт өнгөрмүй” хэмээн хэдэн жилийн өмнө сонссон бөлгөө. Тийнхүү тэр шулам энэ ууланд хүлээсээр байсан ажгуу. Санамсаргүй энэ өдөр хүрч ирсэнд, тэр шулам огторгуйд зогсон ажиглаваас гурван шавь нь Тансагийг хамгаалан зогсчээ. Тэр шулам үзээд гайхан өгүүлрүүн: “Сайн тойн байнам! Тэр морь унасан цагаан царайтай тарган тойныг Тан улсын Тансаг мөн хэмээн би сая тодолтол, бас яагаад муухай дүрт гурван тойн түүнийг хамгаалав. Тэр гурван тойны ханцуй шамлан зэвсэг барьсан нь алалдахуйд асар цагаарсан улс буй за. Аяа! Эдний дотроос аль нэгэн нь намайг таньсан буй за. Ийн болбоос тэр Тансагийн махыг хэрхэн олж идмүй?” хэмээгээд бас дотроо: “Хүчээр бариваас үл болох, арга гарган түүний сэтгэлийг төөрөгдүүлбээс барьж болох, би одож түүнийг нэгэн зэрэг шоглосугай” хэмээн сэтгэв.


Тэр шулам үүлнээс бууж, уулын доор ороод нэгэн долоон настай чармаа нүцгэн хөвгүүн болон хувилаад, олс дээсээр гараа хүлж нарс модны салаанаас дүүжлэгдэн амандаа: “Амь авар! Амь авар!” хэмээн дуудмуй. Бичин улаан үүл сарниад, галын дөлгүй болсоныг үзээд: “Багш, моринд мордон явсугай” хэмээсэнд, Тансаг өгүүлрүүн: “Чи сая шулам ирэв хэмээсэн бөгөөтөл юунд явсугай хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Улаан үүл газраас дэгдэн огторгуйд тулаад нэгэн бөөн гал болсонд, шулам ирэхийг мэдэж чамайг мориноос буулгасан бөлгөө. Өдгөө улаан үүл нэгэнтээ сарнисныг үзвээс лав замын шулам буй за, аймшиггүй хүнд үл халдмуй, бид явсугай!” хэмээв. Гахай үүнийг сонсоод өгүүлрүүн: “Ах чи үнэхээр өгүүлж чадмуй, шуламд бас замын шулам буй буюу?” Бичин өгүүлрүүн: “Чи юу мэдмүй. Аль нэгэн агуйн шулам найр хийвээс зүг бүрийн шулмыг урих буюу, тэр найрт одох шулам хуримд яаран хүнийг хорлох чөлөөгүй тул замын шулам хэмээмүй.”


Тансаг, тэр үгийг нь итгэхтэй үгүйтэй моринд мордож урагш яван атал, гэнэт “амь авар!” хэмээх нялх хөвгүүний дуу гарахуйд Тансаг их л цочин өгүүлрүүн: “Аяа, шавь, энэ уулын дотор ямар хүн бархирмуй?” Бичин өгүүлрүүн: “Багш, замаа хөө, түүний хашхирахыг хайхрах хэрэггүй” хэмээв.


Тансаг мөн хэмээгээд морийг шаардан, нэгэн газар явсангүй, бас: “амь авар!” хэмээх дуу сонстмуй. Тансаг морины дээр өгүүлрүүн: “Аяа, шавь минь, энэ дууг сонсвос чөтгөр шулмын дуу бус, хэрвээ чөтгөр шулам болбоос гагц дуу гараад цуурайгүй болой. Тэр биднийг дахин дахин дуудмуй, санаваас лав зовлонд тохиолдсон хүн буй за. Бид эчиж аварсугай.” Бичин өгүүлрүүн: “Багш, энэ өдөр нигүүлсэнгүй сэтгэлээ хураан, уулыг гарсан хойно нигүүлсэвч мөн хожимдох бээр үгүй. Энэ сайн газар бус. Чи тэр өвс модонд наалдан амьдардаг амьтан бүхэн цөм шулам бүтдэг ёсыг мэдэх буюу, өөр амьтан бас ч гайгүй, гагц тэр аварга могой хэмээгч нь удаан жил бясалгал хийж, шидийг олон шулам бүтвээс хүний нэрийг сайн мэдмүй! Тэр хэрвээс өвсөн дотор буюу уулан гууд нууж хүний нэрийг дуудахуйд үл эчвээс харин ч гайгүй, үзвээс сүнсийг дуудан аваачиж, шөнө ирж амийг хорломуй. Яв! Яв! Түүнийг хэрэгсэж үл болмуй” хэмээв.


Тансаг аргагүй, түүний үгийг дагаж морь ташуурдан урагш явав. Бичин дотроо сэтгэрүүн: “Энэ шулам хаа байж ийн бархирмуй, өвгөн Сүн би нэг аргалсугай” хэмээгээд Шороог дуудаж: “Чи морийг хөтөлж алгуур явж бай, би бие цэвэрлэсүгэй” хэмээв. Тансагийг явуулсаны хойно Бичин тарни уншин уулыг нүүлгэн газрыг товчлох увидас үүсгэн шийдмээр хойш нэгэнтээ заасанд Тансаг, багш шавь гурвуул хэдийн уулыг өнгөрөн даваа гараад шулмыг ардаа орхив. Бичин Тансагийн хойноос хөөж ирээд хамт яван атал, уулын ард бас “амь авар!” хэмээн дуудах дуу гарсанд Тансаг өгүүлрүүн: “Аяа, шавь минь, тэр зовлонтой хүн бидэнд уулзах ерөөлгүй буюу, бид түүнээс хэтрэн гарчээ. Та нар сонс, уулын ард тэр бас дуудсаар буй.” Гахай өгүүлрүүн: “Тэр уулын өмнө талд буй, өдгөө салхи эргэсэн тул ар талд сонсдмуй.” Бичин өгүүлрүүн: “Салхи эргэсэн ба үгүйг хэрэгсэх хэрэггүй, хурдан яв!” хэмээв. Бүгдээр цөм үг дуугүй болж, урагш одохыг түр өгүүлэхгүй.


Жич өгүүлэх нь, тэр шулам уулан хөтөл дээр зогсон гурав дөрвөнтөө дуудсан боловч нэг ч хүн ирсэнгүйг үзээд дотроо сэтгэрүүн: “Тансаг холгүй бөлгөө, юунд өдгөө болтол үл хүрч ирмүй?... Лав өөр замаар одсон буй за” хэмээгээд бие сэгсрэн дээсээ тайлаад улаан гэрэл болон огторгуйд гарч дахин ажиглав. Бичин, шулам ирэхүйг үзээд Тансагийг мориноос буулгаад: “Дүү нар хичээгтүн! Тэр шулам бас ирэв!” хэмээсэнд Гахай Шороо хоёул яаран зэвсэгээ барин багшаа хамгаалав.


Тэр шулам огторгуйгаас үзээд маш гайхан өгүүлрүүн: “Энэ тойн үнээр хэцүү! Би үзэхүйд тэр цагаан царайтай тойн морь унаж агсан бөлгөө, өдгөө бас яахан тэр гуравт хамгаалагдвай, тэр цадалтай тойныг нь урьдаар унагаваас, Тансагийг сая барьж болмуй. Эс тийн бөгөөс хүчээ талаар сүйтгэж, эцэст хоосон болмуй” хэмээгээд үүлнээс бууж тэднээс холгүй өмнө нь ирээд, бас уг ёсоор хувилж, нарс модны салаанаас дүүжлэгдэн авай.


Бичин тэргүүн өргөн үзвээс улаан гэрэл нэгэнтээ сарнисанд багшаа явсугай хэмээхүйд Тансаг өгүүлрүүн: “Шулам ирэв хэмээгээд өдгөө бас юунд явсугай хэмээмүй” Бич өгүүлрүүн: “Энэ бас нэгэн зам хөөгч шулам тул бидэнд эс халдав” хэмээсэнд, тэр багш их л уурлан өгүүлрүүн: “Энэ муу сармагчин чи шуламтай газарт шуламгүй хэмээмүй, шуламгүй газарт шулам ирэв хэмээн худал үнэнээр хэлж намайг айлган мориноос татаж буулгамуй. Өдгөө бас юуны зам хөөгч шулам хэмээн намайг хуурмуй. Мориноос унаган миний гар хөлийг гэмтээвээс чиний дотор амрах буюу!” Бичин өгүүлрүүн: “Багш бүү зэмлэ, гар хөл чинь гэмтвээс засахуйд хялбар, шуламд баригдваас бид чамайг хаанаас эрмүй?” хэмээхүйд Тансаг нэгэнтээ хилэгнэн цагирагийн тарниа уншсугай хэмээтэл Шороо хүчлэн гуйсанд сая уншихаа байж моринд мордон урагш явав.


Тэндээс Тансаг моринд мордтол “Багш, амь авар!” хэмээн дуудах дуу гарсанд Тансаг нүд өргөн үзвээс нэгэн чармаа нүцгэн хүүхэд модон салаанаас дүүжлэгдэж амуй. Тэр багш нь морийг татаж бичийг хараан өгүүлрүүн: “Энэ муу сармагчинд өчүүхэн ч нигүүлсэхүй сэтгэл үгүй! Гагц харгис догшноор явах дуртай! Би чамд хүн дуудаж буй хэмээн төдий чинээ хэлэн атал, чи харин хүн бус шулам ирэв хэмээн намайг хуурмуй. Чи үз! Тэр модноос дүүжлэгдсэн нь хүн бус буюу?” Бичин багшаа тарни уншихаас айж дуу эс гарав. Тансаг модны дэргэд хүрээд ташуураар зааж: “Чи ямар хөвгүүн буй? Энд юунд дүүжлэгдэв? Учраа өгүүл, би чамайг аварсугай” хэмээв. Аяа, энэ нь үв үнэн шулам атал, Тансаг хэмээгч энгийн хүн тул эс танихыг хэрхсү.


Тансагийн ийн асуухыг үзэгтүн, тэр шулам нүднээсээ нулимс цувруулан өгүүлрүүн: “Энэ уулын баруун этгээдэд нэг хувхай нарсан зав буй. Тэр завын чанад этгээдэд нэгэн тосгон буй, би тэр тосгоны хүн бөлгөө. Миний өвөг эцгийн овог Хун, гэрт сая лангийн эд хөрөнгө буй тул хүмүүс түүнийг Хун сая лан хэмээн дууддаг. Миний өвөг үгүй болсон хойно өв хөрөнгийг эцэг минь залгамжлан эзлээд хэдэн жилийн дотор хэтэрхий бүрэлгэсний учир гэрийн амьдрал баахан доройтсон ч мөн буман лангийн эд хөрөнгө буй тул хүмүүс түүнийг Хун буман лан хэмээн дууддаг. Миний эцэг газар бүрийн сайн эрс лүгээ нөхөрлөн, алт мөнгө зээлүүлж хүү хөлс олж идэхийг бодсон бөлгөө. Тэдгээр орон сууцгүй хүмүүс алт мөнгийг агсан авчраад хүү байтугай эхийг ч үл өгөхүйд, миний эцэг үүнээс хойш алт мөнгийг бусдад өгөхгүй хэмээн ам алдсан бөлгөө. Тэдгээр алт мөнгийг агсан авагсад цөм үгээгүй ядуугийн туйлд хүрсэн хүмүүс тул, далдуур нам сүлбээ байгуулан өдрөөр гэрийг тонож эд хөрөнгийг хоосортол цөлбөн дээрэмдээд эцгийг минь алаад эхийг минь булаан цайзын хатан болгохоор аваачив. Тэр үес, миний эх намайг орхиж ядан өвөртөө тэврээд, айж цочихын туйл болж, аргагүй дээрэмчидийг дагаж энэ ууланд хүрч ирсэнд, хулгайч нар мөн намайг алсугай хэмээв. Миний эх хүчлэн гуйсанд хулгайч нар намайг цавчиж алсангүй, өлбөргөн хөлдөөж алсугай хэмээн энэ модноос дүүжилжээ. Энэ өдөр их багш лугаа тохиолдов. Багш энэрэнгүйн сэтгэлийг ихэд үүсгэн, амийг авран гэрт илгээвээс, үхэн үхтэл их ачийг умартахгүйгээр биеэ худалдаж багшийн ачийг хариулсугай” хэмээв.


Тансаг итгэн Гахайг тайл хэмээсэнд тэр манхуу, шулмыг танихгүй дээсийг тайлан атал, Бичин хажууд агаад тэсч ядан зандан өгүүлрүүн: “Энэ муу шулам! Чамайг таних хүн энд байнам! Чи аймшиггүй хэнийг хуурмуй? Үнээр чиний эд хөрөнгө дээрэмд цөлбөгдөн, эцэг чинь алагдаад эх чинь булаагдсан бөгөөс чамайг аварсан ч хэнд тушаамуй? Чи бас ямар юмаар бидэнд талархмуй?” Тэр шулам маш эмээн эдний дотор эрдэмтэй нь энэ хүн ажгуу хэмээн сэтгэлдээ тэмдэглээд, бас нулимсыг цувруулан өгүүлрүүн: “Аяа, багш минь, хэдийвээр эцэг минь алагдан эх минь булаагдаад эд хөрөнгийг минь цөлбөсөн ч газар тариа ойр төрөл буй.” Бичин өгүүлрүүн: “Чамд ямар төрөл садан буй?” Шулам өгүүлрүүн: “Энэ уулын энгэрт миний нагацын гэр буй, тэр давааны ард миний эгцийн гэр буй, энэ завын ам дах Ли Сэ болбоос надад бүл авга болмуй, тэр модон дотор суугч Хун сан болбоос миний төрлийн авга мөн. Бас ойрын авга үеэл ах нар миний гэрээс холгүй сууж буй. Өвгөн багш та намайг хайрлан аварваас, би гэртээ хүрсний хойно багшийн ачийг байдаг төрөл садан бүхэнд өгүүлж газар тариагаа данжлан өвгөн багшийн ачийг хариулсугай” хэмээв.


Гахай үүнийг сонсоод Бичинийг хориглон өгүүлрүүн: “Ах, ийм балчир хүүхдийг ухчилж яамуй! Тавиваас барав. Дээрэм үүний эд хөрөнг алт мөнгийг аваачихаас бус гэр өрх газар тариаг цөм аваачих буюу? Бид үүнийг аваачиж илгээн саданд нь тушааж өгвөөс хурим тавин маныг зочлох буй за, бид хэдий их гэдэстэй боловч, үүний арван мо тарианы үнэ өртгийг идэж барахгүй буюу” хэмээгээд, тэр манхуу гагц гэдсийг дүүргэхийг бодохоос өөр юуны сайн муу хүнийг ялган таних аж, чавирын хутгаар дээсийг огтлон шулмыг тавив. Тэр шулам Тансагийн морины өмнө ирж нулимс асгаруулан тэргүүн авалгүй мөргөхүйд тэр багшийн энэрэнгүй сэтгэл ихэд хөдлөөд: “Хөвгүүн ир, миний морин дээрсундлагтун” хэмээсэнд тэр шулам өгүүлрүүн: “Аяа, багш, би модонд хэдэн өдөр дүүжлэгдэн гар хөл минчүүрээд нуруу нугасны өвдөх минь хэцүү. Би бас бага гэрийн хүүхэд тул морь унаж чадахгүй.” Тансаг Гахайг дуудаж чи үүрэгтүн хэмээсэнд шулам нүдээ арчиж өгүүлрүүн: “Энэ багшийн хоншоор урт зогдор хатуу тул, миний энэ нүцгэн биеийг шүргэвээс хэрхэн тэсэх буй, би аймшиггүй үүнийг үүрэх бээр үгүй.” Тансаг өгүүлрүүн: “Тийм болбоос Шороо чи үүртүгэй” хэмээв. Тэр шулам бас нүдээ арчиж өгүүлрүүн, “Аяа, багш минь, гэрийг дээрэмдсэн тэр олон хулгай цөм царай нүүрээ алаглан будаж, сахал зүүн, шийдэм эргүүлэн иллд барьсан тул би тэднээс айж цөс хэмхэрвэй. Энэ багшийн цэнхэр хөх царай нь тэдгээртэй адил, би аймуй.” Тансаг Бичинийг дуудаж үүртүгэй хэмээсэнд, бич хадганан инээсээр: “Би үүрсүгэй! Би үүрсүгэй!” хэмээв.


Тэр шулам сэмээр баясан бичийг үүрэв. Бичин түүнийг үүрээд замын хажууд аваачиж хирлэн үзвээс хүнд нь гурав дөрвөн жингээс хэтрэхгүйд инээн өгүүлрүүн: “Энэ муу шулам, чиний үхэх цаг болсон буй за. Өвгөн Сүн намайг яахан хуурч чадмуй?” Тэр шулам өгүүлрүүн: “Би зовлонд тохиолдсон сайн гэрийн хүүхэд болой, багш  намайг юунд шулам хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Чи үнэхээр сайн гэрийн хүүхэд болбоос бие чинь юунд ийм хөнгөн буй?” Шулам өгүүлрүүн: “Нас бага тул бие хөнгөн болой.” Бичин өгүүлрүүн: “Чи энэ жил хэдэн настай вэ?” Шулам өгүүлрүүн: “Долоон настай.” Бичин инээн өгүүлрүүн: “нэг жилд нэг жин нэмэгдвээс мөн долоон жин болох бөлгөө, чи юунд дөрвөн жин ч хүрэхгүй буй?” Шулам өгүүлрүүн: “Би нялх байхуйн цагт эхийн сүүг олж хөхсөнгүй.” Бичин өгүүлрүүн: “Тийн болтугай, бааж шээвээс чи надад хэлтүгэй” хэмээгээд Тансаг, Гахай, Шороо гурвуулыг өмнөө оруулан Бичин тэр хүүхдийг үүрч хойноос даган шууд баруунш одов. Үүнийг шүлэглэсэн шүлгийн үг:


        Ёс ном өв тэгш ихэд албин чөтгөр тотгорлон,
        Самадийн бясалгал амарлингуй тул ад шулам завшнам.
        Сэтгэлийн эзлэгч төв чигч гол замаар явахуйд 
        Модон эрхтэн ухаан бядуу гажуу этгээдэд бачлагднам.
        Санааны морин дуугүй хайр хүслийг өвөрлөөд
        Шар шарагчин үггүй ганцаар зовон цухалднам.
        Этгээд шулам санаандаа хүрээд хоосоор дэмий л баярлавч
        Эцэс сүүлд савагдахыг тэр юуны мэднэм.


Тэндээс тэр Бичин шулмыг үүрч дотроо гаслан: “Багш сайн мууг танихгүй. Ийм бартаат ууланд явахуйд хоёр чих хүнд санагдах атал, надаар энэ шулмыг үүрүүлмүй. Энэ шулам байтугай сайн хүн агсан ч эцэг эх нь үгүй тул хэнд аваачиж өгмүй, харин савж алахуйг хүрэхгүй” хэмээн сэтгэхүй тэр шулам мэдээд зүгээс дөрвөн аман хий сорон, бичний нуруун дээр үлээгээд, мянган жингийн хүндээр дарав. Бичин инээн өгүүлрүүн: “Хөвгүүн минь, чи биеэ хүнд болгох увидсаар намайг дарсугай хэмээмү юү?” Тэр шулам биедээ хор ирэх магадгүй хэмээгээд хоосон биеэ орхиж үнэн сахиус нь огторгуйд гарч харан авай. Бичин тэр шулмын бие улам хүнд болохуйг үзээд их л хилэгнэн замын хажуугийн чулуун дээр шавар болтол савж орхиод, бас хэрэгөдөх болуузай хэмээн биеийг нь туячин дөрвөн мөчийг замын хажууд шидэн орхив.


Тэр шулам огторгуйгаас үүнийг үзээд ихэд хилэгнэн өгүүлрүүн: “Энэ тойн үнэхээр ёсгүй, би чиний багшийг хорлосугай хэмээгээд бас гар хөдлөөгүй атал, чи юунд миний хоосон биеийг тэр мэт гэмтээмүй! Би ухаантайн тул огторгуйд гарав, эс бөгөөс үүнд алагдах болой. Энэ завшаанд Тансагийг барихгүй бөгөөс хэрэг муу болмуй” хэмээгээд огторгуйгаас их салхи хөдөлгөсөнд чулуу өнхрөн хайр дэгдэв. Тэр салхи үнэхээр хэцүү:


        Хуй салхи босч хурын үүлийг хуйлруулан
        Хар уур манаран хурмаст нарыг халхалав.
        Ой модыг үндсээр нь үгтээн,
        Өвс цэцгийг угаар нь хийсгэвэй.
        Харангуй манан татаж харах нүдийг хавхлаад
        Хайр чулуу хийсэн хүн амьтныг цохилмуй.
        Аймшигт энэ салхи алтан дэлхийг бүрхэхүйеэ
        Араатан жигүүртэн айн үргэж орилолдон чарлалдмуй.


Энэ нэг зэрэг их салхи салхилсанд, Тансаг морин дээр тогтож ядан, Гахай газарт наалдан хэвтээд, Шороо гараар нүүрээ бүтээжээ. Шулмын дэгдээсэн салхийг мэдээд Бичин яаран нэхэмжлэн иртэл, тэр шулам хэдийнээ Тансагийг шүүрэн авч бараа туруугүй болжээ. Удсангүй салхи намжиж, нар үзэгдсэнд Бичин урагш одож үзвээс, бөх цагаан морь чичрэн янцгааж, дамжуур амьтай замын хажууд эзэнгүй хаягдаж, Гахай эргийн ёроолд ёолон хэвтмүй! Шороо гангын хөвөөнд гаслан дуудмуй. Бичин ихэд яаран: “Гахай!” хэмээн дуудсанд тэр манхуу сая нүдээ нээж, салхи намжсаныг үзээд, мөлхөн босч Бичиний ханцуйнаас татаж, “Ах минь, хэцүү их салхи болой!” хэмээсэнд Шороо бас урагш давшин: “Энэ нь хуй салхи болой” хэмээв. Бичин: “Багш хаа буй?” хэмээн асуусанд Гахай өгүүлрүүн: “Салхи ирэхүйд бид цөм нүүрээ бүтээн нүдээ анивай, багш морин дээр бүүргээ тэврэн асан бөлгөө.” Бичин өгүүлрүүн: “Салхи хааш аваачсаныг үл мэдмү юү?” Шороо өгүүлрүүн: “Өвсөөр боосон золиг буюу? Юуны салхинд хийсэгдэх аж?” хэмээв. 


Тэндээс Бичин өгүүлрүүн: “Дүү нар минь, бид энд тархаж тус тусын замаа эрвээс ямар?” Гахай өгүүлрүүн: “Ахын үг мөн болой, бид эртхэн тархаж өөр өөрийн замаа эрвээс харин сайн, тэр баруун газар хэмээгч үзүүргүй хол, хэзээ хүрмүй!” Шороо үүнийг сонсоод их л цочин өгүүлрүүн: “Хоёр ах юу хэлж баймуй, бид анх төрөлд нүгэл үйлдэж ял олоод завшаанаар Хомсим Бодисадва биднийг номдоо оруулж санваар хүртээгээд, Тансагийг хамгаалан баруун газар одож ном залан хилэнцээ арилга хэмээсэн бөлгөө. Энэ өдөр өэнд хүрч ирээд өөр өөрийн замаа эрэн тархваас Бодисадвагийн сайнд удирдсан сэтгэлийг хоосон болгож, өөр өөрийн санваараа эвдэн, үүсгэл буй бөгөөтөл төгсгөл үгүй хэмээн хилэгнэх болой!” Бичин өгүүлрүүн: “Дүү чиний үг зөв, гагц миний үгийг багш үл сонсохуйг яасу, өвгөн Сүн миний алтан цэцгийт ал нүд сайн мууг илт таних бөлгөө, саяын энэ салхи хэмээгч дүүжлэгдэгч хүүхдийн үүсгэсэн салхи болой, багш танихгүй харин сайн хүн болгож надаар үүрүүлмүй. Би түүнийг аргалж арилгасугай гэтэл тэр харин биеийг хүнд болгох увидас хэрэглэн намайг дарав. Би түүнийг хэмх савсанд тэр бас увидас хэрэглэн салхи үүсгэн багшийг барьж аваачсан буй за. Багш удаа бүр миний үгийг сонсохгүйд сэтгэл цөхөж зориг хариад тархсугай хэмээсэн бөлгөө. Өдгөө дүүд тархах сэтгэл үгүй бөгөөс би бодлого шуудахуйд мөн бэрх болов. Гахай чи чухам хэрхсүгэй хэмээмүй?” Гахай өгүүлрүүн: “Би сая ам алдаж хэдэн үг хэлэв, үнэн нь тархах хэрэггүй, бид шороон үгээр шулмыг эрэн, багшийг гаргасугай.” Бич үүнийг сонсоод маш баясан өгүүлрүүн: “Дүү нар минь, тийн болбоос морио хөтлөн юмаа дамнаад нэгэн сэтгэлээр багшийг гаргахаар ууланд орсугай” хэмээв. Тэндээс гурвуул уулыг туулан жар далан газар явавч огт чимээ сураг үгүй, гагц ой мод үргэлжлэн харагдахаас бус, араатан жигүүртэн нэг ч үзэгдэхгүй. Бич тэсгэлгүй ундууцан уулан орой дээр үсрэн гарч, тэнгэрийн орныг түйвээсэн мэт гурван толгой, зургаан гартай болон хувилаад, болд бэрээгээ гурав болгон хувилгаад зүүнш баруунш дэмий л цохилохуйд Гахай үзээд Шороон зүг өгүүлрүүн: “Муу болов, номын ах багшийг эрж үл олохдоо хилэгнэсээр зүрхэн хий өвчтэй болов” хэмээв.” Бичин ийнхүү цохилохуйд, уранхай саранхай дээл хувцастай, нэг бүлэг ядуу эрхтэн өмнө нь ирж сөгдөөд: “Их богдод уул усны навдаг савдаг бид золгоном” хэмээсэнд, Бичин: “Та нар юунд ийм олон буй?” хэмээн асуусанд олон эрхтэн мөргөн өгүүлрүүн: “Энэ уулын нэр зургаан зууны газрын тэмдэгт уул хэмээмүй. Арван газарт нэг уулан навдаг, нэг савдаг буй тул бүгд жаран эрхтэн баймуй. Өчигдөр их богдын хүрч ирэхийг сонссон боловч нэгэн цагт цуглаж эс завдсан тул их богд таныг угтахуйг осолдов, ялыг хэлтрүүлэхийг түмэнтээ хүсмүй.” Бичин өгүүлрүүн: “Би та нарын ялыг түр хэлтрүүлсүгэй, энэ ууланд хэдий шулам буй?” Олон эрхтэн өгүүлрүүн: “Аяа, их богд, ганц шулам биднийг гасалгахуйн туйлд хүрүүлжээ. Тэр шулам бидний зул хүжийг таслан тахил өглөгийг булаан, аж төрөхийн аргагүй болгож атал, их богд бас юунд хэдий шулам буй хэмээн асуумуй!” Бичин асууруун: “Тэр шулам өдгөө хаа сууж буй?” Олон эрхтэн өгүүлрүүн: “Энэ ууланд нэгэн зав буй, завын нэр нь хувхай нарсан зав хэмээмүй. Завын дотор нэгэн гал үүлт хэмээх агуй буй, тэр агуйд нэгэн шулам буй, тэр шулмын хувилгаан эрдэм маш их, үргэлж биднийг аваачиж гал түлүүлэх, үүд сахиулах, шөнө болбоос дохио тэмдэг цохих зэрэг зүйл бүрийн явдалд зармуй, бага шулам бас зоос авахаар ирмүй!” Бичин өгүүлрүүн: “Та цөм эрлэгийн чөтгөрийн хувилгаан ямар зоос баймуй?” Олон эрхтэн өгүүлрүүн: “Түүнд өгөх зоос үгүй тул аргагүй уулын гөрөөсийг барьж олон шуламд хүргэмүй. Хэрвээ юм хүргэхгүй бөгөөс сүм хийдийг эвдэн дээл хувцасыг булааж амар үл байлгамуй! Их богд тэр шулмыг арилгаж уулын олон амьтныг аврах ажааму.” Бичин өгүүлрүүн: “Та нар түүний агуйд үргэлж одож зарагддаг болбоос тэр шулам хаанаас ирсэн, нэр нь хэн болохыг мэдэх буй за?” Олон эрхтэн өчрүүн: “Түүнийг хэлбээс их богд та бас мэдэх буй за! Тэр болбоос үхэр шулам вангийн хөвгүүн эм рагчагаас төржээ. Тэр хойно галт ууланд гурван зуун он бясалгаж “самадийн үнэн гал”-ыг бүтээсэн тул хувилгаан шид нь маш их. Үхэр шулам ван түүнийг илгээж энэ уулыг сахиулжээ. Багын нэр нь Улаан хөвгүүн, өргөсөн цол Идэр богд их ван хэмээмүй.”


Бичин түүнийг сонсоод их л баясан, олон эрхтэнийг эгүүлээд, уг биеэр болж уулын оройгоос үсрэн буугаад Гахай, Шороо хоёрын зүг ийн өгүүлрүүн: “Дүү нар зовсны хэрэггүй, сэтгэлээ сул тавь, энэ шулам өвгөн Сүн над лугаа хуучин танил болох тул, багшийн амийг хорлох бээр үгүй.” Гахай инээн өгүүлрүүн: “Ах худал бүү өгүүл, чи хэмээгч дорно Үлэмж биет тивийн хүн, тэр хэмээгч өрнө Үхэр эдлэгч тивийн шулам, та хоёул хоёр их далай, түмэн  давхар уул усыг алслан атал, яахан танил болмуй?” Бичин өгүүлрүүн: “Саяын ирсэн нь цөм тус газрын навдаг савдаг, уул усны эрхтэн нар болой, би тэднээс энэ шулмын уг ирлийг асуусанд тэдний өгүүлэх нь, энэ шулам болбоос үхэр шулам вангийн хөвгүүн эм рагчагаас төрсөн Улаан хөвгүүн хэмээмүй. Цол нь Идэр богд их ван хэмээнэм, таван зуун оны өмнө өвгөн Сүн би тэнгэрийн орныг ихэд түйвээн, дэлхий дахины нэрт уулыг бартал тойрон, их эрсийг эрэн явахуйн цагт, тэр үхэр шулам ван, өвгөн Сүн над лугаа ах дүү барилдсан долуулын нэг бөлгөө. Бид долуулын дотор өвгөн Сүн миний бие авсаар тул энэ үхэр шулам ванг их ах хэмээн дууддаг. Энэ шулам түүний хөвгүүн, үүний эцэг нь над лугаа ах дүү барилдсан тул, тэр надад ач болмуй. Тэр ямар аймшиггүй миний багшийг хорломуй? Бид эртхэн одсугай.” Шороо инээн өгүүлрүүн: “Эртний үгэнд “Гурван жил эс явалцваас төрөл төрсөн ч танилцахгүй болмуй” хэмээжээ, чи салсаар тав зургаан зуун жил болов, энэ хооронд явалцсангүй бөгөөд найр хуримд нь ч уригдсангүй, тэр юуны чамайг таних буй?” Бичин өгүүлрүүн: “Чи юунд хүнийг энэ мэт хирлэмүй! Ерийн үгэнд “Уул хэдий ойр боловч уулзахгүй, хүн хэдий хол боловч учирмуй” хэмээжээ. Тэр хэдийвээр архин ширээ базаан, авга намайг дайлахгүй боловч, миний багшийг хорлохгүй бүхэл бүтнээр надад буцаан өгөх буй за” хэмээгээд, ах дүү гурвуул чигч сэтгэлийг барин, бөх цагаан моринд боодол амьтайгаа ачаад, их замд орж шууд явав.


Тэндээс зуу илүү газар явж нэгэн их нарсан ойд хүрэв. Ойн дотор зав буй, завын ёроолоор тунгалаг горхи урсмуй. Завын эхэнд чулуун гүүр буй бөгөөд үзүүр нь нэгэн агуйд нэвтэрчээ. Үүнийг үзээд Бичин өгүүлрүүн: “Та нар үзэгтүн, тэр хадны байдлыг үзвээс лав шулмын суусан орож буй за! Та хоёрын хэн нь юмаа сахин, хэн нь намайг дагаж шулмыг барихаар одмуй?” Гахай өгүүлрүүн: “Өвгөн Гахай би сууж чаддаггүй, би чамлугаа одсугай.” Бичин өгүүлрүүн: “Сайн! Сайн! Шороо чи морь юмаа сахиж энэ шугуйд далдлан суу, бид хоёул одож багшийг эрсүгэй” хэмээгээд, Гахайг дагуулан багшаа эрэн одов. Бясалгал гүйцээгүй балчир хүүхдийн самадин гал хэцүү хэмээхүл, багшаа гаргаж Гахай Бичиний сэтгэл нэгэнтээ нэгдэв. Үүнээс хойш ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    8 цаг 13 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    10 цаг 1 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    11 цаг 26 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    11 цаг 29 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    11 цаг 33 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    12 цаг 16 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    12 цаг 49 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    12 цаг 53 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    12 цаг 53 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    13 цаг 27 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    14 цаг 36 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    14 цаг 46 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    14 цаг 51 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    15 цаг 14 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    15 цаг 31 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    15 цаг 56 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    16 цаг 25 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    16 цаг 49 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    16 цаг 50 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    17 цаг 5 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК