зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Дөчин дөрөвдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ДӨЧИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ:


ТЭРГҮҮН СҮЛД УМЫН БИЕ ТЭРЭГЧДЭД УЧРАВ
ТӨВ СЭТГЭЛ ГАЖУУ БУРУУГ ДАРЖ ТОЙДЫГ АВРАВ


Шүлгийн үг:


        Ном залагчид саад тотгороос ангижран баруунш зорчихуйяа
        Нарт уулс давхар давхар туулж баршгүй.
        Жаргах наран шингэх саран жил оныг шаардан,
        Жиргэх болжмор зулгарах цэцэг хавар хамрыг нөгчөөмүй.
        Барманусын тоосны доор гурван мянган ертөнц 
        Банчид дулдуйн үзүүрт дөрвөн зуун тив.
        Хээр хонон хэт дэрлэж хол замыг хөөрүүн.
        Хэзээ нэгэн цагт хойш буцах ажаам.


Өгүүлэх нь, лусын хөвгүүн ирж шулмыг даран, хар уст голын эрхтэн зам нээснээр Тансаг багш шавь дөрвүүл голыг гараад их замыг барин өдөр шөнөгүй явсаар удалгүй бас хавар болов. Гагц үзвээс:


        Гурван арга орчиж агаар тэнгэр гийгүүлэн
        Түмэн бодис амилан алтан дэлхийг чимэглэжээ.
        Тэргүүлэгч цэцгийн салаанаа цас тогтоод,
        Талын тариаланд буудай чихэлмүй.
        Цас мөс хайлан гол горхи хорчигноод
        Цурав нуга хөврөн цурам талыг бүрхжээ.


Төв хэмээн: 


        Он эх улирлын тэргүүн болоод 
        Нар дулаан салхи дүлээн аж,
        Навч цэцэг цоморлигтон дэлгэрмүй.
        Уд улиас нахиалан гөлөглөж
        Ургах бутас чийг хураар амилбай.


Багш шавь дөрвүүл замын гудас хаврын үзэмжийг бахархан алгуур яван атал, гэнэт олон хүний бархирах дуу сонстов. Тансаг дотроо айн морио татаж хойш харан өгүүлрүүн: “Бичин ээ, хаана дуу гармуй?” Гахай өгүүлрүүн: “Яг газар дэлбэрэн уул нурах мэт.” Шороо өгүүлрүүн: “Тэнгэр дуугаран аянга нижигнэхэд адил.” Тансаг өгүүлрүүн: “Хүн хашхиран морь янцгаамуй за.” Бичин инээн: “Та нар энд байгтун, өвгөн Сүн би огторгуй дээр гарч юу болохыг үзсүгэй” хэмээв.


Бичин үүлэнд гишгэн огторгуйд дэгдэн гарч лавлан үзвээс, хол нэгэн хот харагдмуй. Бас ойртож үзвээс хотоос өлзийт туяа татахаас өөр муу уур харагдахгүйд, Бичин дотроо сэтгэрүүн: “Муу газар бус атал юунд ийм зэвүүн дуу гармуй?....” хот дотор бас туг хиур зэр зэвсэг үзэгдэхгүй бөгөөд буун дуу ч бус атал, юунд ийнхүү хүн морь үймэлдэх мэт дуу гарах аж?....” хэмээн хараахан сэтгэн атал тэр хотын дүүргийн нэгэн элсэн дэн дээр олон тойд хурж тэрэг зүтгэн, хүч нийлүүлэн эдлэхүйн тул бүгдээр: “Махагал бурхан” хэмээн хашхирах дуу харин ч Тансагийг цочоосон ажгуу.


Бичин үүлийг алгуураар доош болгон ойр хүрч үзвээс, тэр тэргэнд цөм мод чулуу ваар тоосгын зүйлийг тээжээ. Тэр элсэн дэнгийн эрэг нь эгц ташуу бөгөөд зам бас хавчил нарийн тул тэр тэрэг яахан гарч чадмуй? Хэдийвээр тэнгэр дулаан боловч тэдгээр тойдын өмссөн нь уранхай навтархай, байдал нь цөм арван хувийн зүдүү тул Бичин дотроо сэжиглэн сэтгэрүүн: “Энэ газар лав тариа төмс сайн болоод хөлслөх хүн олдохгүйн тул, эдгээр тойд өөрөө мод чулууг зөөж сүм барих буй за...” хэмээн хараахан үзэж байтал, хотын дотроос хоёр залуу бумба гэхэлзэн гарч ирэв. Тэдний хувцсалж чимсэнийг үзвээс:


        Тэргүүнд одот малгай тавьж,
        Биед гэмэрлэг дээл өмсчээ.
        Тэргүүнд тавьсан одот малгайгаас гэрэл цацраад,
        Биед өмссөн хэмэрлиг дээл мяралзан харагдмуй.
        Хөлд үүлэн гутлыг өшиглөж,
        Дундуур ёнгорын бүс бүсэлжээ.
        Нүүр царай нь тэргэл саран мэт ариун хээнцэр
        Дүр байдал нь тэнгэрийн арш мэт гэгээмсэг сайхан.
        Хоёр бумбын гарч ирэхүйг тэдгээр тойд үзээд,
        Цөм айн эмээж нэн их хүч гаргаж тэрэг зүтгэмүй.


Бич сая ухаж дотроо сэтгэрүүн: “Аяа! Эдгээр тойд лав тэр бумбаас айх буй за, эс бөгөөс юунд ийнхүү хүчийг шийтгэн тэрэг зүтгэмүй? Миний хэдийн сонссон нь баруун газарт нэгэн улс аж, бумбыг хүндлэн тойдыг доромжилмуй хэмээжээ. Тэр лав үүнийг өгүүлсэн буй за. Би лавтай мэдээг олохгүйгээр багшид айлтгаваас багш лав үнэн байдлыг үл олж ирэв хэмээн намайг зэмлэх буюу, би одож лавлаад багшид мэдүүлсүгэй” хэмээв.


Бичин үүлнээс бууж хотын дэргэд хүрээд биеэ сэжин нэгэн бумба болон хувилаад, тохойд хоосон сагс тохойлон, гарт ганди барин тогшиж, амандаа ном эгшиглэн хотын хаалга орохуйд, өмнөөс нь хоёр бумба гарч ирэв. Бичин бие бөхийн ёсолж: “Хоёр багшид ядуу бумба ёсолмуй” хэмээсэнд, тэр бумба хариу ёслон асууруун: “Багш хаанаас ирэв?” Бичин өгүүлрүүн: “Шавь би, далайн хязгаарыг тойрон, тэнгэрийн хормойг зорчсоор энэ өдөр энд хүрч ирээд, буянт сайн өглөгийн эзнийг сурмуй. Та хоёроос асуух нь энэ хотын аль зээлийн ард бумбад сүсэгтэй буй? Аль гудамжны иргэд эрдэмтэнд дуртай буй? Ядуу бумба би цав бадарлахуйд сайн.” Тэр бумба инээн өгүүлрүүн: “Энэ багш юунд ийнхүү урам хугарах үг өгүүлмүй?” Бичин асууруун: “Юуг урам хугарах үг хэмээмүй?” Бумба өгүүлрүүн: “Чиний цав бадарлах хэмээгч нь урам хугаруулагч үг бус буюу?” Бичин өгүүлрүүн: “Гэрээс гарсан хүн цав бадарлаж идэхгүй, биед юуны зоос аж худалдан авч идмүй?” Бумба инээн өгүүлрүүн: “Чи хол газраас ирсэн тул мэдэхгүй, бидний энэ хотын бичиг цэргийн сайд түшмэд цөм бумбад сүсэгтэй, баян иргэд цөм эрдэмтэнд дуртайгаар үл барам эр эм хөгшин залуус алин ч гээд манз цав үл барих бээр үгүй. Нэн эрхэм нь түмэн наст хаан эзэн бумбын ёсонд их л дуртай болой.” Бичин өгүүлрүүн: “Ядуу бумба би, нэгд нас бага, хоёрт холоос ирсэн тул үнэхээр мэдэхгүй. Хоёр багш надад газрын нэр болоод энэ лусын хааны бумбад сүсэгтэйн учрыг хэлж өгөх ажааму.” Бумба өгүүлрүүн: “Энэ газрын нэрийг Харшаар улс хэмээмүй, хаан нь манд ураг садан болмуй.”


Бичин сонсоод хадганан инээн өгүүлрүүн: “Тийм болбоос бумба хаан суусан буюу?” Бумба өчрүүн: “Тийм бус. Энд хорин жилийн өмнө их ган болоод, нэг дусал ч бороо орсонгүй тариа төмс алдсанд, хаан эзэн хамаг түшмэд харц иргэд бүгдээр биеэ ариутган тэнгэрт мөргөн бороо гуйхуйд, тэнгэрээс гурван хувилгаан бууж ирээд амьтныг аварав.” Бичин асууруун: “Аль гурван хувилгаан буй?” Бумба өгүүлрүүн: “Өдгөө манай багш нар болой.” Бичин асууруун: “Танай багш нарын эрхэм цол хэн хэн хэмээгч буй?” Бумба өчрүүн: “Манай их багшийн цол нь Барс хүчит хувилгаан, хоёрдугаар багшийн цол нь Буга хүчит хувилгаан, гуравдугаар багшийн цол нь Ямаа хүчит хувилгаан хэмээмүй.” Бичин бас асууруун: “Гурван багшийн рид шид нь ямар буй?” Бумба өчрүүн: “Манай багш салхи урин бороо оруулах нь алга хөрвүүлэх мэт хялбар, усыг зааж тос болгох, чулууг дохиж алт хувилгах нь хуруу хөдөлгөх мэт амар, тэнгэр газрын оньсыг олж, одон гарагийн нууцыг эзэмших увидас буйн тул хаан эзэн бид лүгээ ураг элгэн болсон бөлгөө.” Бичин өгүүлрүүн: “Энэ хаан үнэхээр хувь заяатай болой. Энгийн үгэнд “Эрдэм буй болбоос эрхэмүүдэд хүндэтгэгдмүй” хэмээжээ. Их багш нарт ийм их хувилгаан чадал буй бөгөөс эзэн хааны элгэн садан болохуйд мөн осолдох бээр үгүй. Аяа, их багш нарт нүүр золгох хувь ерөөл ядуу бумба надад буй болов уу?” Бумба инээн: “Чи миний багш нарт золгосугай хэмээвээс ямар бэрх буй! Бид хоёул хэмээгч багшийн шадар шавь бөлгөө. Миний багш бумбад маш дуртай, гагц “Бумба” хэмээх үгийг сонсвоос даруй үүднээс гарч чамайг угтах болой. Бид хоёул чамайг удирдан золгуулсугай” хэмээв.


Бичин бие мэхийн ёслон өгүүлрүүн: “Ядуу бумбыг хайрлаваас, даруй удирдан оруулах болов уу?” Бумба өгүүлрүүн: “Чи энд сууж түр хүлээгтүн, бид албан явдлаа гүйцэтгэж ирээд чам лугаа орсугай.” Бичин өгүүлрүүн: “Гэрээс гарсан хүн зоригоор явах бөгөөтөл бас ямар албан явдал байх аж?” Бумба гараар тэр элсэн дэнд байгч тойдыг зааж өгүүлрүүн: “Тэд, манай хар ажлыг хиймүй.” Бид хоёул тэднийг залхуурах болуузай хэмээн байцаахаар одмуй.” Бичин инээн өгүүлрүүн: “Багш ташаарав. Бумба тойн хэмээгч нь цөм нэгэн адил гэрээсээ гарсан хүн атал, юунд манай төлөө хар ажлыг үйлдэн, бас бидэнд байцаагдмуй.” Бумба өгүүлрүүн: “Чи мэдэхгүй. Тэр жил манай энд их ган болсонд, тойд ном уншин бурханд залбиран бороо гуйв, бумба нар тэнгэр тахин бороо гуйв. Бумба тойн цөм улсын пүнлүүг идэх бөгөөтөл, тойд нь чадалгүй тул хэдий ном уншивч бороо оруулж чадсангүй. Хойно манай багш нар ирээд салхи урин бороо оруулж, олон амьтныг авран тусалсан тул, хаан тойдыг хэрэггүй хэмээн хилэгнээд, сүм бурхныг цөм эвдээд, төдийг нь хураан авч, гэр нутагт нь хариулалгүйгээр цөм манд зардас болгон өгөв. Өдгөө манай гэрт гал түлэх, газар шүүрдэх, ус аван үүд сахигч нь цөм тэд болой. Манай сүмийн хойд биед гэр байх тул эдгээр тойдоор мод чулуу зөөлгөмүй, эднийг залхуурах магадгүй хэмээн бид хоёул үзэхээр ирсэн бөлгөө.”


Бичин үүнийг сонсоод хоёр бумбын хормойноос татаж нулимс цувруулан: “Би  хувь ерөөлгүй буй за хэмээн өгүүлсэн нь үнэн болжээ. Их багш нарын гэгээн нүүрт золгож чадахгүй болов!” хэмээсэнд бумба өгүүлрүүн: “Юунд олж золгохгүй хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Бумба би ийнхүү газар бүхэнд хэсэх нь нэгд болбоос амиа тэжээхийн тул, хоёрт болбоос бас саднаа эрэхийн тул бөлгөө.” Бумба асууруун: “Чамд ямар садан буй?” Бичин өгүүлрүүн: “Надад нэгэн авга буй бөлгөө, хар багаасаа үсээ тойлж тойн болоод, цагийн гачигт нутгаасаа гарч ирээд энэ хэдэн жил бас харьсангүй. Би өвөг дээдсийн ачийг санаж, дашрамд эрэн сурсугай хэмээсэн бөлгөө. Санаваас энэ газарт хоригдож харьж эс чадсан буй за. Би түүнийг эрж золгоод, та нарын хамт хотод орсугай.” Бумба өгүүлрүүн: “Тийм болбоос маш хялбар, бид эндээ байсугай, чи маныг орлож элсэн дэнд одоод байцааж үз, таван зуун хүн буй болбоос барах нь тэр, тэдний дотор чиний авга буй болбоос, бид чиний нүүр талыг харж түүнийг тавин илгээгээд чам лугаа хотод оруулбаас ямар?” 


Бичин тал өгөн ёслоод, бумбаос салан гандигаа тогшсоор шууд элсэн дэнд ирсэнд, тэдгээр тойд сөгдөн мөргөж өгүүлрүүн: “Бид таван зуун хүн цөм буй, тэргийг өчүүхэн ч залхууралгүй зүтгэмүй.” Бичин дотроо инээн: “Эдгээр тойд цөм тэр бумба нарын хал үзүүлэхүйд хаширсан аж, миний мэтийн хуурмаг бумбыг үзээд ийм хэцүү айжээ. Үнэн бумба ирвээс айн үхэх буй за” хэмээн сэтгээд гараа сэжин: “Бүү сөгд, айх хэрэггүй, би танай ажил хийхийг байцаахаар ирсэн бус, саднаа эрэхээр ирсэн болой.” хэмээсэнд тэдгээр тойд Бичинийг томоолон авч нэг нэгээр Бичинд садан болж аваачуулахыг хүсмүй. Бичин нэг зэрэг тойрон үзээд хадганатал инээхүйд бүгд тойн өгүүлрүүн: “Багш саднаа эрэхгүй юунд дэмий л инээмүй?” Бичин өгүүлрүүн: “Би та нарын өөдгүйд инээмүй! Та нар эцэг эхээсээ хагацаж гэрээс гарч тойн болоод юунд гурван эрдэнийг шүтэн, шашныг хүндлэн номоо уншихгүй, бумба нарт боол зардас болмуй?” Бүгд тойн өгүүлрүүн: “Багш, та маныг дооглох нь зөв! Та лав холоос ирсэн тул манай энэ газрын аюултайг мэдэхгүй буй за.” Бичин өгүүлрүүн: “Би холоос ирсэн тул үнэхээр мэдэхгүй, танай энэ газар ямар аюул буй.”


Олон тойн уйлан өгүүлрүүн: “Манай улсын хаан сэтгэл гажуудан ёсыг алдаад, ер багш танай бумбын шашинд баясах болоод манай бурхны үүдний шавь нарт хардмуй.” Бичин асууруун: “Тэр юунд ийн хардмуй?” Тойд өгүүлрүүн: “Салхи урин бороо оруулахын учирт гурван хувилгаан бууж ирээд эзнийг хууран итгэлийг олсноос нааш, эзэн хаан бидний шашныг сөнөөн, сүм бурхныг эвдээд, түдээг цөм хураамжлан уг нутагт хариулахгүй, тэр бумба нарт боол зардас болгов. Амсах хал зовлон нь үнэхээр тэсэхүйеэ бэрх болжээ! Хол газраас нэгэн бумба ирвээс хаанд олж золгохоор үл баран бас шагнагдмуй, хэрэв тойн ирвээс хол ойрыг хэлэлцэхгүй, барьж аваачаад тэр бумбад боол болгомуй.” Бичин өгүүлрүүн: “Тэд бас өөр ямар нэг уран арга аж хааны сэтгэлийг ийн хэцүү олсон буй за? Гагц салхи урин бороо гуйх болбоос тэр нь мөн ч гажуу үүдний өчүүхэн увидас тул хэрхэн хааны сэтгэлийг хөдөлгөн чадмуй?” Бүгд тойн өгүүлрүүн: “Тэд хайрыг хайлж мөнгөн үрэл болгох, самадид сууж сахиус буух, усыг тос болгох, чулууг алт болгох зэргийг чадмуй. Өдгөө бас бумбын сүм барьж, хааны түмэн наслахын тул өдөр шөнөгүй ном хийх хэмээмүй. Үүнээр хааны сэтгэлийг ихэд хөдөлгөв.”


Бичин өгүүлрүүн: “Үзвээс, ийм ажгуу. Та нар цөм тархагтун.” Бүгд тойн өгүүлрүүн: “Бид явж болохгүй! Тэдгээр хувилгаан, хаанд мэдүүлж манай зүс царайг хөрөглөн зурж аваад газар бүр тархаажээ. Энэ Харшаар улсын газар нутаг бас ч уудам. Олон Фу, Жоу, Сянь, гацаа тосгон, бууц, зээлийн газар цөм бидний зураг буй бөгөөд дээр нь зэрэгтэн нэг тойныг бариваас гурван зэрэг нэммүй, зэрэггүй хүн нэг тойныг бариваас тавин лан мөнгө шагнамуй хэмээн хааны бичгийг тархаажээ. Тиймийн тул бид дутааж үл чадмуй. Манай зэргийн тойн хүн байтугай, гэзгээ хяргасан ба хожгор түжгэр халзан мэлзэн хүн ч цөм явж болохгүй болжээ. Газар бүхэнд тагнуул тавьж баривчлахаар бэлтгэсэн тул, ямар чадалтай байсан ч мултарч чадахгүй. Бид мултрах аргагүй тул энд зовлон амсмуй.”


Бичин өгүүлрүүн: “Тийм болбоос, та нар үхвээс барав” хэмээсэнд, бүгд тойд өгүүлрүүн: “Өвөг минь, үхсэнгүй буюу. Газар бүрээс барьж ирсэн тойд нийт хоёр мянга илүү бөлгөө. Хал зовлонг үл даан зургаа долоон зуу үхэв, өөрийн биеэ хорлосон нь долоо найман зуу болжээ. Гагц бидний энэ таван зуун тойн үхээгүй баймуй.” Бичин өгүүлрүүн: “Та нар юунд үхэхгүй буй?” Бүгд тойн өгүүлрүүн: “Боомилбоос дээс нь тасармуй, хоолойгоо огтолбоос эл хутга үл даамуй, голд харайваас живэхгүй хөвмүй, хор идвээс бие амарлингуй болмуй.” Бичин өгүүлрүүн: “Тийн бөгөөс тэнгэрээс та нарыг урт наслуулах санаа буй буй за.” Бүгд тойн өгүүлрүүн: “Багш нэгэн үг ташаа хэлэв, тэнгэрээс биднийг “зовлон удаан” амсуулах санаа буй буй за! Бидний идэх гурван цагийн хоол нь хараар чанасан шингэн будаа, шөнө нь мөн энэ элсэнд хономуй. Нүдээ анимагц сахиулсан эрхтэн үзэгдмүй.” Бичин өгүүлрүүн: “Та нар зовсоор нүд хөхрөөд чөтгөрийг үзсэн буй за?” Бүгд тойн өгүүлрүүн: “Чөтгөр бус, арван хоёр эрхтэн, номын сахиулсан ирж маныг сахиж үхүүлэхгүй.” Бичин өгүүлрүүн: “Тэдгээр эрхтэн бас ч хүнийг дэнсэлмүй, та нарыг эртхэн үхүүлээд эртхэн төрөл олговоос харин сайн бус буюу, юунд ийнхүү сахиж үл үхүүлмүй?” Бүгд тойн өгүүлрүүн: “Тэдгээр эрхтэн зүүднээ маныг ятгаж “Та нар бүү үх, зовон элэн тэсвэрлэн хүлээ, зүүн газраас их Тан улсын богд тойн, баруун газраас ном залаар одогч архадыг хүлээ. Түүнд нэгэн шавь буй, нэр нь тэнгэр лүгээ чацуу их богд хэмээмүй. Түүний хувилгаан эрдэм нь цаглашгүй. Тэр үүрд шударга санаагаар хүний тэгш бус хэргийг үзэн ядаж, зовлонтныг туслан зөвдүүг тэтгэж, өнчин бэлэвсэнийг асран, өрөөсөн ганийг нигүүлсмүй. Тэр ирсний хойно хувилгаан эрдмээр бумбыг сөнөөж, бурхны шашныг дахин мандуулмуй” хэмээсэн бөлгөө. 


Бичин үүнийг сонсоод дотроо инээн сэтгэрүүн: “Та нар өвгөн Сүнг чадалгүй хэмээн битгий бас, хувилгаан сахиулсан урьдаар ирж танд мэдэгджээ” хэмээгээд гандигаа тогшиж, тойдоос салан хойш ирж хоёр бумбад золгосонд тэр хоёул угтан ирж ийн өгүүлрүүн: “Багш та саднаа олов уу?” Бичин өгүүлрүүн: “Таван зуун тойн цөм над лугаа садан болох ажгуу.” Тэр хоёр бумба инээн өгүүлрүүн: “Чамд тийм олон садан амуй?” Бичин өгүүлрүүн: “Нэгэн зуу нь миний зүүн айлын хүмүүс, нэг зуу нь миний баруун айлын хүмүүс, нэг зуу нь миний эцгийн төрөл, нэг зуу нь миний эхийн садан, нэг зуу нь миний андын ах дүү болмуй. Энэ таван зуун хүнийг цөм тавьбаас би даруй чам лугаа хотод орсугай, эс тавьбаас орохгүй.” Тэр бумба өгүүлрүүн: “Чи солиорсон буюу, юунд гэнэт дэмий донгодмуй. Эдгээр тойд хэмээгч цөм хаан эзнээс манд хайрласан боол бөлгөө, нэг хоёрыг тавивч, бид урьдаар багшид өвдөв хэмээх бичиг бариад, хойно үхэв хэмээх бичиг барьсны хойно сая тавьж болмуй. Яахан бүгдийг тавих болмуй! Үл болох буюу! Үл болох буюу! Ийнхүү бүгдийг тавьбаас бидэнд зарагдах хүнгүй болохыг ч байтугай, мөн хаан эзэнд ч буруушаагдмуй. Тэндэх түшмэд үргэлж ирж байцаахыг байтугай, зарим үес эзэн хаан өөрийн биеэр ч байцаамуй, айшгүй яахан тавьж болмуй?” Бичин: “Тавихгүй буюу” хэмээхүйд бумба: “Тавихгүй!” хэмээв. Бичин дахин давтан асуусан ч үл тавихуйд, их л хилэгнэн чихнээс шийдмээ гарган салхины өөд нэгэнтээ сэжин аяган чинээ бүдүүн болгоод хоёр бумбын тэргүүнийг эрэн занчсанд хөөрхий хоёр бумбын тэргүүн хагаран тархи гарч, аман хүзүү булгаран амь тасрав. Элсэн дэнд байсан олон тойд үүнийг холоос олж үзээд, тэргээ орхин гүйлдэн ирж: “Муу болов! Муу болов! Хааны ургийг алав!” хэмээсэнд, Бичин: “Хааны ураг хэмээгч хэн буй?” хэмээн асуусанд олон тойд Бичинийг томоолон авч: “Эдний багш нар хэмээгч нь харшид гарахуйяа эзэнд мөргөхгүй, харшаас буухуйяа хаанд айлтгахгүй, хаан эзэн тэднийг “Улсын багш” хэмээн дууддаг бөлгөө. Чи юунд энд ирж зовлон өдмүй? Тэдний шавь нар ирж биднийг байцаах нь чамд ямар хамаа буй, чи юунд тэднийг цохиж алмуй? Тэдний багш нь чамайг алав хэмээхгүй, биднийг алав хэмээвээс хэрхсү, бид яахан хэрэггүй гарч чадмуй? Өдгөө чам лугаа хотод орж энэ амин хэргийг тушаасугай” хэмээхүйд Бичин инээн өгүүлрүүн: “Та нар битгий цуугь, би бумба бус, та нарыг аврахаар ирсэн хүн болой.” Бүгд тойн өгүүлрүүн: “Чи хүн алж зовлон болгосон атал, бас юунд маныг аврав хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Би их Тан улсын богд тойны их шавь Бичин хэмээгч болой, өдгөө тусгайлан та нарыг аварсугай хэмээн ирсэн бөлгөө.” Олон тойд өгүүлрүүн: “Бус! Бус! Тэр багшийг бид танимуй.” Бичин өгүүлрүүн: “Та нар түүн лүгээ золгосонгүй бөгөөтөл яахан таних буй?” Тойд өгүүлрүүн: “Бидний зүүдэнд Шугар гараг хэмээгч нэгэн өвгөн ирж манд хэлсэн нь, та нар тэр Бичинийг бүү эндүүр хэмээн түүний зүсийг нь хэлж өгсөн бөлгөө.” Бичин асууруун: “Тэр та нарт ямар зүстэй хэмээн хэлсэн буй?” Тойд өгүүлрүүн: “Түүний хэлсэн нь: “Тэр их богд болбоос 


        Ал нүднээс нь алтан гэрэл цацран,
        Ангир нүүрт нь үс дүүрэн ургажээ.
        Ам хоншоор нь аянгын эрхтэн мэт,
        Авир зан нь адбиш этгээд.
        Алтан толтот болд бэрээг байлдаанаа хэрэглэн,
        Анх цагт хэрэг өдөн тэнгэрийн орныг түйвээв.
        Өдгөө номд ороод номч тойныг хамгаалан
     Ертөнцийн хүний гай зовлонг арилган явмуй хэмээсэн бөлгөө.” Бичин үүнийг сонсоод дотроо баясан: “Энэ Шугар гараг хэмээгч миний нэрийг ихэд алдаршуулав” хэмээн сэтгээд бас уурлан: “Энэ өвгөн юунд миний сүлд биеийг ертөнцийн эгэл ардад ийн өгүүлмүй!” хэмээгээд гэнэт дуу алдан өгүүлрүүн: “Би хэдий Бичин бус боловч, түүний шавь болой, энд сая ирж хэрэг өдөн наадмуй. Тэр ирэх нь Бичин бус буюу?” хэмээн хуруугаар зүүнш заасанд бүгд тойн заасан зүгд харахын зуур Бичин хэдийнэ уг биеэр болон хувилав. Олон тойн Бичинийг үзэж таниад нэг нэгээр сөгдөж мөргөн өгүүлрүүн: “Өвөг минь! Бид хувилгаан багшийг эс танив. Гуйх нь манай зовлонг түргэн арилгаж, хотод орж тэр шулмыг даран, шашныг дахин мандуулах болов уу!” Бичин: “Та нар намайг дагаж ир” хэмээн олныг дагуулан элсэн дэнгийн зүг эчив. 


Тэндээс Бичин хувилгаан увидсаар тэр тэргийг чирэн эрэг дээр гаргаж хэмхчин хаяад мод чулууг нь эрэг рүү түлхэн оруулж олон тойныг дуудан: “Та нар цөм тарх, миний дэргэд бүү байгтун! Би маргаад хотод орж хаанд золгоод тэдгээр бумба нарыг сөнөөсүгэй!” хэмээсэнд олон тойн: “Бид явж болохгүй, баригдваас элдэгдэхүйн зовлонд учирмуй.” Бичин өгүүлрүүн: “Тийн болбоос би та нарт бие халхлах увидас өгсүгэй” хэмээгээд үсээ нэг атга сугалан авч амандаа хийж зажлаад хүн бүрт нэжгээд өгч: “Та нар үүнийг ядам хурууны хумсан завсартаа хавчуулан нударгаа зангидаж яв, та нарыг айшгүй үл барих буюу, хэрэв та нарыг хүн барихаар ирвээс, та нар нударгаа чанга зангидаж “Тэнгэр лүгээ чацуу их богд” хэмээн дууд, би даруй ирж та нарыг тусламуй” хэмээсэнд бүгд тойн өгүүлрүүн: “Ойр болбоос дуудахуйд чи сонсох буй за, хол болбоос яахан сонсмуй?” Бичин: “Та нар сэтгэл амар яв, намайг дуудваас би түмн газрын гадна байвч хүрч ирэн та нарыг аварч чадмуй” хэмээв.


Тэдний дотор нэг цөс ихтэй тойн нь нударгаа зангидан “Тэнгэр лүгээ чацуу их богд” хэмээн дуудсанд үнэхээр нэгэн аянгын эрхтэн мэт Бичин гарт болд бэрээ барьж дэргэд нь ирэн зогсоод мянган жанжин түмэн цэрэг ч биед ойртон чадахгүй болов. Тэр үес зуу илүү хүн зэргээр “Тэнгэр лүгээ чацуу их богд” хэмээн дуудсанд бас зуу илүү их богд ирж хамгаалав. Олон тойн бүгдээр сөгдөн мөргөж: “Үнэхээр гайхамшигтай, үнэхээр илт!” хэмээлдэхүйд Бичин бас захиж өгүүлрүүн: “Та нар “Буцагтун” хэмээн өгүүлбээс эдгээр Бичин даруй үс болон гарт эгмүй.” Тойд бүгдээр: “Буцагтун!” хэмээн өгүүлсэнд, тэдгээр Бичин үс болон хумсны завсар нь оров. Бүгд тойд сая маш баясан тархан одохуйд Бич: “Та нар хол бүү од, хотын дотор тойдыг дахин элсэх тунхаг тархваас та нар цөм хотод ирж миний үсийг буцааж өг” хэмээв. Таван зуун тойн за хэмээн зүг зүгт тархан одохыг өгүүлэхгүй.


Жич өгүүлэх нь, Тансаг замын хажууд Бичинийг удтал хүлээгээд ирэхгүйд, Гахайгаар морийг хөтлүүлэн урагш тархан одогч олон тойд лугаа учрав. Хотын ойр хүрч ирэхүйд Бичин арваад тойд лугаа хамт ажээ. Тансаг морийг татан Бичиий зүг: “Чи тэр дууг сонсоор ирээд юунд өдий болтол үл эгмүй?” хэмээсэнд Бичин арван хэдэн тойдыг дагуулан Тансагийн морины өмнө ёслон урьдах явдлаа нэгэн зэрэг тоочин өгүүлсэнд, Тансаг их л цочин: “Ийм болбоос бид хэрхсү?” хэмээсэнд тэр арваад тойд өчрүүн: “Их багш сэтгэлээ агуу тавь, энэ их богд нь Тэнгэрээс буусан тул хувилгаан увидас хэцүү, лав чамайг хамгаалж чадмуй. Бид цөм энэ хотын доторх зарлигаар байгуулсан “Гүн билигт сүм”-ийн тойд, энэ сүмийг урьд Тайзу хаан барьсан бөлгөө, хааны хөрөг өдгөө сүмд буйн тул эвдсэнгүй, бус сүм хийдийг цөм эвдэв. Багш эртхэн хотод орж манай эвдэрхий сүмд амарваас маргааш өглөө их богд хэргээ бүтээхүйд сайн буюу.” Бичин: “Эдний үг зөв, эртхэн хотод орсугай” хэмээв.


Тэр багш сая мориноос буун бүгдээр хотын үүдэнд хүрч ирэхүйд нэгэнтээ нар жаргажээ. Тэд унуул гүүрийг өнгөрөн гуравдугаар үүдийг шурган орсонд “Гүн билигт сүм”-ийн тойд морийг хөвлөн боодлыг үүрэн ирэхүйг хотын ард үзээд цөм зайлан одов. Хараахан явсаар сүмийн үүдэнд хүрч үзвээс үүдний дээр нэгэн алтан үсэгт их илэрхийллийг өндөр өлгөж түүний дээр нь “Зарлигаар байгуулсан гүн билигт сүм” хэмээх таван алтан үсэг бичжээ. Олон тойд сүмийн үүдийг түлхэн нээж Махаранзын дуганыг өнгөрөн, гол харшийн үүдийг нээсэнд Тансаг карша намжираа авч нөмрөөд бурханд мөргөн дотогш оров. Олон тойн сүм сахигч өвгөн тойныг дуудсанд тэр өвгөн тойн гарч ирээд Бичинд мөргөн: “Багш! Чи ирэв үү?” хэмээсэнд, Бичин өгүүлрүүн: “Чи намайг таних буюу?” хэмээв. Тэр өвгөн тойн өгүүлрүүн: “Би чамайг танимуй, чи тэнгэр лүгээ чацуу их богд бус буюу, Шугар гараг үргэлж ирж зүүд өгч, гагц чи ирвээс биднийг амь үлдэх хэмээсэн бөлгөө. Бид шөнө бүр зүүдэндээ таныг олж үздэг. Энэ өдөр багш таны гэгээн нүүрт золгохуйд зүүдний тэр их богд лугаа огт өөр бус. Багш таны ирсэн нь сайн болов! Бас хэдэн өдөр хойшилсон болбоос бид цөм чөтгөр болох болой!” Бичин инээн: “Бос! бос! Маргаад даруй олж мэдмүй” хэмээв. Олон тойн цав манз бариад гэрээ ариутган ор дэвсгэр засаж Тансаг багш шавь хэдүүлийг ундуулав.”


Бичин, маргаашийн явдлыг бодож хоёр жин болтол нойргүй хэвтэж атал алсад бялар бишгүүрийн дуу сонстмуй. Бичин сэмээр босч хувцаслан огторгуйд дэгдэн гарч үзвээс өмнө биед лав зул гийгмүй. Үүлээ доошлуулж лавлан үзвээс бумбын сүмийн бумба нар од тахиж байх ажгуу. Үзвээс:


        Дуган харш сүндэрлэн Түшидийн орон мэт,
        Цогчин асар жигдрэн цэцэглэг ордон адил.
        Хоёр этгээдэд хувилгаан бумба бялар бишгүүр үлээн,
        Хоймор суудалд хутагт багш хас шаваа барьжээ.
        Нүглийг арилгах наманчлалыг байн байн шившиж,
        Номыг дэлгэрүүлэх судрыг дахин дахин уншмуй.
        Сацал сацан тарнийг уламжлахуйяа шавь бүхэн сүсэглэж,
        Судар дэлгэн ном номлохуйяа хүн бүхэн мөргөмүй.
        Адис рашааныг тарнидахуйяа зулын гэрэл мандан,
        Алтан одыг тахихуйяа хүжсийн үнэр анхилмуй.
        Ариун тахилыг ширээ дүүрэн өрж, 
        Амтат идээг таваг дүүрэн овоолжээ.


Харшийн хаалган дээрх шар хивийн дээр:


“Хур салхи тэгш нь хутагт богдын хязгаарлашгүй хувилгаан увидаст шүтнэм. 
Хаан төр амгалан нь түмэн настын үлэмж их өлзий хутагт ивээгднэм
” хэмээх хос уянга өлгөжээ. Бичин ойр нь хүрч үзвээс, тэр Барс хүчит, Буга хүчит, Ямаа хүчит гурван бумба номт дээлээ өмсч дээр суугаад, доор нь долоо найман зуун бумба хэнгэрэг дэлдэн харанга цохиж, хүж асаан цаас түлэн хоёр гарлан зогсчээ. Бичин сэмээр баясан дотроо сэтгэрүүн: “Би орж шоглосугай хэмээхүл “Ганц хүн хүн болохгүй, ганц цучил гал болохгүй”-г хэрхсү. Би хойш одож Гахай Шороог дуудаж эднийг нэгэн зэрэг шоглосугай” хэмээв.


Үүлнээс бууж ирээд гэрт орж үзвээс, Гахай Шороо хоёул хүлцэн унтжээ. Бичин урьдаар Шороо хэмээн дуудсанд, Шороо сэрээд ийн асууруун: “Ах чи унтахгүй бас юунд дуудмуй?” Бичин өгүүлрүүн: “Чи бос, бид тахилга амсахаар одсугай.” Шороо өгүүлрүүн: “Харангуй шөнө ам хатаж нүд хөшжээ, ямар амсах юм баймуй?” Бичин өгүүлрүүн: “Энэ хотын бумбын сүмийн бумба нар ном уншиж байнам. Түүний тахиж давхалсан жимс боорцог маш элбэг баймуй, мантуу нь маалуун чинээ, боорцог нь будангийн чинээ буй, бид идэхээр одсугай!” хэмээсэнд Гахай сайн юм идэх хэмээхийг сонсоод нойроос сэрж өгүүлрүүн: “Ах намайг үл аваачих буюу?” Бичин: “Чи идсү хэмээвээс бүү бархир, багш сэрэх болуузай, та хоёул намайг дагаж ир” хэмээв.


Тэр хоёул хувцсаа өмсөн сэмээр өмнө үүдийг гараад Бичинийг даган үүл хөлөглөн одов, тэр манхуу зулын гэрлийг үзмэгц даруй орсугай хэмээхүйд, Бичин татан зогсоож өгүүлрүүн: “Бүү яар, тэднийг тархсаны хойно орвоос болмуй.” Гахай өгүүлрүүн: “Тэд сая номоо эхлэн яг гүн дээрээ амуй, хэзээ тархах буй?” Бичин: “Би тэднийг тархаах нэгэн арга гаргасугай” хэмээв.


Бичин тарни уншин хийн орноос нэгэн ам хий сорж үлээн гаргасанд даруй нэгэн хуй салхи хөдлөн шууд тэр харшийн дотор эргэлдэн ороод лавир чимэг лаа зул, хөрөг зургийг нь цөм хийсгэн унагасанд, бумба нар ихэд айн цочив. Тэр Барс хүчит их хувилгаан: “Шавь нар та өдгөө тарх, энэ нэгэн зэргийн хувилгаан салхинд лаа зул цөм унтрав, та нар хойш эгэж нэгэн шөнийг өнгөрөөгөөд маргааш эрт номыг нөхөж унш” хэмээсэнд, бумба нар цөм тархан одов.


Тэндээс Бичин, Гахай Шороо хоёулыг дагуулан үүлнээс буугаад сүмийн дотор орсонд тэр манхуу боорцгийг үзмэгц болсон түүхийг үл хайхран авч идэхүйд, Бичин шийдмээр гарыг нь цохих хэмээсэнд Гахай гараа татаж аваад өгүүлрүүн: “Ямар амттайг мэдээгүй байтал хүнийг цохимуй?” Бичин өгүүлрүүн: “Битгий юмын бараа эс үзсэн мэт аашил, баахан ёстой зоогловоос зохих буюу.” Гахай өгүүлрүүн: “Ичихгүй! Хулуун идэхүйд бас ямар ёс буй! Хэрвээ урьж авчирсан болбоос чи чухам яахан ёсорхохыг мэдэхгүй!” Бичин өгүүлрүүн: “Энэ дээр суусан нь аль Бодисадва буй?” Гахай инээн өгүүлрүүн: “Гурван ядмыг бас танихгүй, Бодисадва болгомуй!” Бичин асууруун: “Аль гурван Ядам буй?” Гахай өгүүлрүүн: “Дунд суугч нь Цакрасамбара, зүүн этгээдэд суугч нь Раднаасэд, баруун этгээдэд суугч нь Дилав болой.” Бичин: “Бид цөм эдэнд адил хувилж идвээс сая тавтай болой” хэмээсэнд, тэр манхуу идэхүйг яаран тавцангийн дээр авиран гарч хоншоороороо Дилавын хөргийг этэн унагаж: “Өвгөн чи сууж гүйцэв, өвгөн Гахай би өдгөө түр суусугай” хэмээгээд Дилавт адил хувилав. Бич Цакрасамбара болон хувилав. Шороо Раднаасэд болон хувилаад гурван хөргийг цөм түлхэн унагаж Гахай даруй боорцгийг авч идэн атал Бичин бас: “Бүү яар!” хэмээсэнд, Гахай өгүүлрүүн: “Энэ мэт хувилаад бас идэхгүй ямар цагийг хүлээмүй?” Бичин өгүүлрүүн: “Аяа, дүү минь, идэхийн хэрэг гайгүй, нууцыг задруулбаас хэрхсү, энэ гурван ядамын хөргийг цөм түлхэн унагав. Маргааш өглөө хэрэв жүн цохигч, газар шүүрдэгч бумба нар ирж торж унаваас харин ч сэв мэдэгдэхгүй юү! Чи эдний хөргийг нэгэн буланд нууж тавьбаас сайн.” Гахай өгүүлрүүн: “Энэ газрын үүд хаалгыг мэдэхгүй, би хаана аваачиж тавьмуй?” Бичин: “Би сая орж ирэхүйд, баруун этгээдийн нэгэн бага хаалган дотор муухай үнэр ханхалж үнэртсэн бөлгөө, тэр лав таван тарианы үрийг талх болгон орчуулагч газар буй за, чи эдгээрийг тэнд аваачиж хаяваас барав” хэмээв.


Тэр манхуу нэлээд их эр чадалтай тул дэвхрэн бууж гурван Ядамын хөргийг үүрч аваачаад үүдийг өшиглөн нээж үзвээс, нэгэн гадаалах газар ажгуу. Гахай инээн өгүүлрүүн: “Энэ агтан даамлын амнаас үнэхээр зүйлийн үг гармуй, нэгэн гадаалах газрыг хүртэл цол өгч юуны “Таван тарианы үрийг талх болгон орчуулагч газар” хэмээмүй!” хэмээгээд гурван Ядамын хөргийг үүрсээр амандаа:


        Гурван Ядам, гурван Ядам, миний хэлэхүйг сонс,
        Алс газраас энд ирж ад шулмыг бид дарсу хэмээмүй.
        Ариун тахилыг чинь амссугай хэмээхүл
        Амгалан орон эс олдов.
        Та гурвуулын тавцанг зээлэн
        Тавтайхан сууж зооглосугай.
        Бадам тавцанд та нар удаан суусан тул,
        Баасан нүхнээ өдгөө түр саатагтун.
        Арш бумба болж амттаныг аль олон амссан тул
        Өдгөө бузрыг амсан буртгийг танирлах шүтээн болох чинь зүй болой!” хэмээн шившээд пүлхийтэл орхихуйд шээс баас үсрэн дээлийн энгэрийг нь цөм бялджээ. Гахай хойш ирснээ, Бичин: “Сайтар нуусан буюу?” хэмээн асуусанд, Гахай өгүүлрүүн: “Сайтар нуувай. Гагц үсэрсэн ус нь миний дээлийг буртаглажээ, үнэр нь даанч муухай, чи бүү бөөлжис хүрэгтүн.” Бичин инээн: “Өдгөө ирж идтүгэй, гагц гарч одохуйд хувцсаа цэвэрлэн чадах буюу?” хэмээв. Тэндээс Гахай бас Дилав болон хувилаад гурвуул тааваараа идэхүйд тэр манхуу сайн муу хүйтэн халууныг хайхралгүй тахилын юмыг хоосортол иджээ. Бичин уулаас гал тогооны идээг дэмий иддэггүй тул хэдэн жимс идээд тэр хоёулыг дайлахуйд, тэр хоёр нэгэн зэрэг бүхэл хахал залгилан цөм идэж дуусгаад бас явахгүй зоог хэлэлцэн суух авай.


Ийн атал тэр сүмийн зүүн жигүүрийн гэрийн нэгэн бяцхан бумба унтахын үед гэнэт очир хонхоо үгүйлэн: “Аяа, би очир хонхоо дуган дотор умартжээ, хэрэв гээвээс маргаад бас намайг донгодмуй” хэмээгээд хамт хоногч өвгөн бумбадаа: “Чи унттугай, би хонхоо эрэхээр одмуй” хэмээн мэндэн сандан дотор хувцсаа өмссөнгүй, намжираа авч нөмрөөд, шууд дуганд орж тэмтэрсээр хонхоо олж гаран иртэл хүний амьсгах чимээ сонстохуйд айж гадагш гүйгээд санамсаргүй барчгар луун нүдний хальсанд гишгэн халтирч ойчоод хонхоо унагаж хагалжээ. Гахай үүнийг үзээд тэсгэлгүй хадганан инээхүйд тэр бяцхан бумба нэнт айж, гурван сүнс нь зайлан долоон сүг нь сарниад унан тусан гүйж гэрийн хаалгыг цохилон: “Өвгөн багш аа! Хэрэг муухай болов! Зовлон болов!” хэмээв. Тэр үес гурван хувилгаан бас хараахан унтаагүй байсан тул даруй үүдээ нээж: “Ямар хэрэг гарав?” хэмээн асуусанд, тэр бяцхан бумба чичрэн дагжин өгүүлрүүн: “Шавь би хонхоо умартаад, эрэхээр эчсэнд, дуган дотор ха ха хэмээн хүн инээх дуу сонстмуй, би айн үхэж алдав.” Гурван хувилгаан үүнийг сонсоод: “Хурдан зул асааж авчир! Ямар юм болсныг үзсүгэй?” хэмээн зарлиг буулгасанд их бага олон бумба цөм босч, зул өргөлцөн дуганд үзэхээр ирэв. Чухам ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    8 цаг 4 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 51 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    11 цаг 17 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    11 цаг 20 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    11 цаг 24 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    12 цаг 7 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    12 цаг 39 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    12 цаг 43 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    12 цаг 43 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    13 цаг 17 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    14 цаг 26 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    14 цаг 37 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    14 цаг 42 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    15 цаг 4 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    15 цаг 21 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    15 цаг 47 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    16 цаг 15 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    16 цаг 39 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    16 цаг 40 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 55 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК