Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа.
Япон Улс ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 850 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсонд Шадар сайд талархал илэрхийлсэн бөгөөд энэ дэмжлэг эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулахад жинтэй хувь нэмэр оруулна гэжээ.
Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтад оролцож байгаа Монголын тал хариуцсан ажлаа төлөвлөсөн хугацаандаа гүйцэтгэх, менежменттэй холбоотой хэлэлцээрийн явцыг түргэсгэхэд Шадар сайдын хувиар дэмжлэг үзүүлэхийг Элчин сайд Масато Такаока хүссэн байна.
Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах зэрэг чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байгаад Шадар сайд талархал илэрхийлэв. Цаашид Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилт болон Давхар татвараас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг байгуулахад анхаарна гэлээ.
Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хууль тогтоох дээд байгууллагын удирдлага харилцан айлчилж, урлаг, соёл, иргэдэд чиглэсэн олон арга хэмжээ зохиож байгаад сэтгэл хангалуун байгаа Элчин сайд илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс