зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Дөчин есдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ДӨЧИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ:


ХУВРАГ ТАНСАГ ГАЙТАЙН ТУЛ УСАНД УНАВ

ХОМСИМ БОДИСАДВА АВРАХЫН ТУЛ ЗАГАСНЫ СЭВГИЙГ ОРХИВ

 

Өгүүлэх нь, Бичин, Гахай, Шороо гурвуул Чэн өвгөнөөс салж голын захад хүрч ирсэнд, Бичин өгүүлрүүн: “Та хоёулын аль нь урьдаар усанд ормуй?” Гахай өгүүлрүүн: “Бид хоёулын эрдэм нь ахад хүрэхгүй тул, ах урьдаар орох буй за.” Бичин өгүүлрүүн: “Би хоёр дүүд нуулгүй хэлсүгэй, уулын шулмыг дарах болбоос би таныг хэрэглэх бээр үгүй. Энэ усан доторх хэрэгт би хэрхэн эчиж болмуй. Хэрэв далайд орон мориор явах болбоос, би эрхгүй тарни унших буюу эс бөгөөс загас болон хувилбаас сая явж болох тул, яахан шийдэм эргүүлэн эрдэм гарган шулмыг барьж чадмуй. Тиймийн тул та хоёулыг ортугай хэмээмүй.” Шороо өгүүлрүүн: “Би орж болох боловч гагц усны дотор ямрыг нь мэдэхгүй, бид бүгдээр орсугай. Ах нэгэн юм хувилбаас ямар? Би чамайг үүрэн орсугай. Бид шулмын үүрийг нь эрэн олоод, чи урьдаар орон байдлыг үзтүгэй. Хэрэв багш буй бөгөөс бид хүчлэн дайлалдахуйд сайн. Хэрэв энэ шулмын үйлдсэн хэрэг бус болоод багш өөрөө чичэн үхсэн буюу эсхүл шулам нэгэнтээ идсэн болохул бид зововч хэрэггүй, эртхэн амьдрах замаа эрвээс ямар буй?” Бичин өгүүлрүүн: “Дүү чиний үг зөв. Танай аль нь намайг үүрмүй?” Гахай дотроо баярлан сэтгэрүүн: “Энэ сармагчин намайг олонтаа шоглов, энэ усыг сайн чадахгүйд би үүнийг үүрээд нэгэн удаа шоглосугай!” хэмээгээд манхуу инээн: “Ахыг би үүрсүгэй” хэмээсэнд, Бичин түүний санааг ухаж аргад арга хэрэглэн: “Сайн, сайн, чи Шороогоос хүчтэй тул намайг үүрэгтүн” хэмээгээд Гахайг үүрэв.

 

            Шороо усан зам нээн ах дүү гурвуул Тэнгэр голын дотор орж доош зуу илүү газар явсан хойно, тэр манхуу Бичинийг шоглосугай хэмээн санан атал, Бичин хэдийнэ мэдээд үснээсээ нэгийг сугалж аваад, биеэ болгон хувилгаж Гахайд үүрүүлэн, үнэн бие нь нэг Гахайн ширх болон хувилаад Гахайн чихний дотор шигдэн байвай. Гахай зориуд бүдрээд Бичинийг урагш орхисонд, тэр Бичин хэмээгч нь үсээр хувилсны тул бараа туруугүй оджээ. Шороо өгүүлрүүн: “Ах чи юунд сайхан явахгүй их ахыг усанд унагав!” Гахай өгүүлрүүн: “Тэр сармагчин ойчихыг бас даалгүй усанд унамагц даруй бараа туруугүй болов. Түүний үхэх эдгэхийг бүү хайхрагтун, бид хоёул багшаа эрэхээр одсугай.” Шороо: “Болохгүй, мөн л их ах ирвээс сайн. Тэр хэдий ус чадахгүй боловч, биднээс илүү арга самбаатай, тэр үгүй бөгөөс би чам лугаа одохгүй” хэмээв. Бичин Гахайн чихний дотор аж, үүнийг сонсоод их дуунаар дуудан өгүүлрүүн: “Шороо дүү минь өвгөн Сүн би энд байнам.” Шороо дууг сонсож инээн өгүүлрүүн: “Барав! Чи юунд аймшиггүй түүнийг шогломуй! Өдгөө чи үхэх буй за?” Гахай яаран шавар дотор сөгдөн мөргөн өгүүлрүүн: “Ах, миний буруу болов, багшийг гаргасны хойно чамд буруугаа хүлээсүгэй. Чи хаа байнам? Гарч ир, намайг айлгаж алахуйд хүрэв. Чи үнэн биеэрээ бологтун, би чамайг үүрсүгэй. Үүнээс хойш хэрхэвч дахин айшгүй чамайг шоглохгүй.” Бичин: “Би чиний биеийн дээр байнам, чамд гэм хийхгүй, чи хурдан яв! Хурдан яв!” хэмээсэнд тэр манхуу харайн босч амандаа буруугаа хүлээсээр Шороо лугаа бас урагш явав.

 

            Бас зуу илүү газар явсны хойно гэнэт нэг асар тагт харагдаж дээр нь “Юан мэлхийн ордон” хэмээх хэдэн их үсэг буй. Шороо өгүүлрүүн: “Энэ лав тэр шулмын суусан орон буй за. Бид хоёул үнэн худлыг мэдэхгүй тул яахан түүний үүдэнд хүрч байлдмуй.” Бичин өгүүлрүүн: “Тэр үүдний дотор гадна ус буй буюу?” Шороо: “Ус үгүй” хэмээв. Бичин өгүүлрүүн: “Тийн болбоос та хоёул энд нууж байгтун, би одож мэдээ авсугай.”

 

            Бичин, Гахайн чихэн дотроос гарч ирээд бие сэжин нэгэн урт хөлт сам хорхой болон хувилгаад хаалган дотор орж үзвээс, тэр шулам дундад суун, усны олон амьтдыг хоёр этгээдэд жагсаан, цоохор хавтаст атуу анван хажууд сууж, хараахан Тансагийг идэх учрыг зөвлөлдөн амуй. Бичин хоёр этгээдийг ажиглан үзвээс Тансаг үзэгдэхгүй. Гэнэт нэг их хэвлийт эмгэн сам хорхой орж ирээд баруун гэрийн саравчны доор зогсон байхыг Бичин үзээд дэргэд нь ирж: “Эмгэн, манай их эзэд олон лугаа Тансагийн махыг идэх хэмээн зөвлөлдмүй, тэр Тансаг хэмээгч нь хаа буй?” хэмээсэнд эмгэн сам өгүүлрүүн: “Манай их эзэд увидсаар цас оруулан мөсийг хөлдөөгөөд Тансагийг барьж ордны арын чулуун авдрын дотор хийжээ. Маргаад болтол түүний шавь нар нь эрж ирэхгүй болбоос идэх хэмээмүй.”

 

            Бич тэр үгийг сонсож, тойрсоор шууд ордны ард одож үзвээс, нэг зургаан тохой урт чулуун авдар буй. Бичин дээр нь хэвтэж чагнаваас Тансаг дотор нь уйлан амуй. Бичин дуугүй дахин чагнаваас тэр багш шүдээ хавиран гашуудан өгүүлрүүн:

 

        “Мөрнөө урсагч хөвгүүн миний заяа юутай муу,

        Мөн дэлхийд гишгэлмэгц усны аюулд учрав.

        Эхийн хэвлийгээс унамагц догшин давалгаанаа хөвөн,

Өдгөө баруунш мордохуйяа гүн хөвд унав.

Урьд удаа хар уст голд хашигдан зовлоо,

Энэ өдөр Тэнгэр гол цөмөрч есөн булагт живэв.

Өрлөг шавь минь ирэх эсэхийг эс мэднэм,

Үнэн номыг хэзээ залж эх нутагтаа эргэх болов?”

 

Бичин тэсч ядан: “Багш минь бүү хорсогтун, усанд аюулын сударт өгүүлсэн нь: “Шороо болбоос таван махбодын эх, ус болбоос таван махбодын үүсгэл, Шороо үгүй бөгөөс ургах бээр үгүй, ус үгүй бөгөөс өсөх бээр үгүй” хэмээжээ. Өвгөн Сүн би ирэв!” хэмээсэнд Тансаг үүнийг сонсоод: “Шавь минь, амийг авар!” хэмээв. Бичин өгүүлрүүн: “Багш сэтгэлээ агуу тавь, бид шулмыг барьсан хойно чамайг гаргасугай.” Тансаг өгүүлрүүн: “Түргэлбээс сайн! Бас нэг өдөр хоригдвоос би бүтэж үхмүй!” Бичин: “Гайгүй! Гайгүй! Би одмуй!” хэмээгээд, яаран гарч мөн биеэр болон: “Гахай!” хэмээн дуудсанд, тэр манхуу Шороо лугаа угтан асууруун: “Ах, явсан хэрэг юу болов?” Бичин өгүүлрүүн: “Яг тэр шулам манай багшийг барьж аваачаад амийг хорлоогүй, чулуун авдрын дотор хорьж баймуй, та хоёул түүн лүгээ өдөөн байлд, би усны гадна хүлээсүгэй. Та нар барьж чадваас барь, барьж эс чадваас өдөөж усны захад гаргаж ир, тэр үед би тосон байлдсугай.” Шороо өгүүлрүүн: “Ах сэтгэл амар хойш эргэгтүн, бид байдлыг үзэн мэдсүгэй.” Бичин тарни уншин уснаас гарч эргийн дээр хүлээхийг түр өгүүлэхгүй.

 

            Тэндээс Гахай хаалганы дэргэд хүрч их дуугаар: “Муу шулам! Миний багшийг гаргаж өг!” хэмээсэнд, бага шулам яаран орж: “Их эзэд минь, үүдэн гадна нэг хүн ирж багшаа авмуй хэмээмүй!” хэмээн мэдүүлсэнд их шулам өгүүлрүүн: “Лав түүний шавь ирсэн буй за” хэмээгээд хуяг дуулгаа өмсөж зэр зэвсэгээ аван хаалгаа нээн гарч ирэв. Гахай Шороотон хоёр этгээдэд эсрэглэн зогсож тэр шулмын чимсэнийг үзвээс үнэхээр сүрхий ажгуу:

 

            Тэргүүнд тавьсан алтан дуулгаас гэрэл цацран,

            Биед өмссөн шижир хуягаас солонго татжээ.

            Бэлхүүсээр бүсэлсэн хасын бүсээс сувд тана гэрэлтэн

            Хөлд өшиглөсөн шар гутал өнгө байдал өөр.

            Түгдгэр хамар нь монхойж,

            Дүгрэг нүд нь бүлтийжээ.

            Ган хурц шүд нь ярзайж,

            Гал улаан үс сахал нь сэрвийжээ.

            Есөн талт гуулин манцуурга барьсан энэ шулам даруй

            Илт үзүүлэгч их эзэд хэмээгч мөн болой.

 

Тэр шулам зуу илүү бага шулмыг дагуулан гарч ирээд Гахайн зүг өгүүлрүүн: “Та аль сүмийн тойн бэ? Юуны учир миний энд ирж цуугьмуй?” Гахай зандан өгүүлрүүн: “Энэ муу үхлээ эрсэн шулам! Урд шөнө чи намайг идэх хэмээсэн бус уу? Энэ өдөр юунд үл танигч болон надаас асуумуй? Би болбоос зүүн газрын Тан улсаас ирсэн богд тойны шавь, баруунш одож бурханд мөргөн ном залаар явж баймуй. Чи увидас хэрэглэн юуны илт үзүүлэгч их эзэд хэмээн аашилмуй. Би болбоос чиний Чэн Жиа Жуан гацаанд идмүй хэмээсэн Чэн Чингийн охин Таваг-Алт мөн. Чи намайг танихгүй буюу?” Тэр шулам өгүүлрүүн: “Энэ муу тойн чи огоот ёсгүй! Чи хуурч охин болсонд би чамайг идсэнгүй байтал, чи миний гарт шарх олгов. Үүнийг би цөм юманд бодсонгүй атал чи юунд миний хаалганд ирж намайг эрмүй?” Гахай өгүүлрүүн: “Чи надад юм бодсонгүй агаад юунд цас оруулан мөсийг хөлдөөн миний багшийг хууран барьж ирэв? Миний багшийг түргэн өгвөөс түмэн хэрэг төгсмүй! Хэрвээ “Үгүй” хэмээх үгийн живтрээ гарваас миний гар дахь малтуур хэрхэвч чамайг зүгээр өнгөрүүлэхгүй!” Тэр шулам хүйтнээр инээн: “Энэ тойн амандаа даваагүй, их үг өгүүлмүй. Би цас оруулан мөс хөлдөөгөөд чиний багшийг барьж авчирсан нь үнэн. Чи өдгөө миний хаалганд ирж цуугих нь,  багшаа олох санаа буй буюу, тэр удаа би хуримд залрах тул зэвсэг аваачсангүй, чамд нэгэнтээ дарагджээ. Энэ удаа нь тэр удаа лугаа таарах буюу, чи бүү буруул, бид хоёул гурван удаа зөрөлдөн үзсүгэй, чи намайг дийлэн чадваас би чиний багшийг эгүүлэн өгсүгэй, эс дийлбээс би чамайг барьж Тансагийн хамт идмүй.”

 

            Гахай өгүүлрүүн: “Сайн хөвгүүн минь! Төв хэмээн миний санаа лугаа нийцжээ, малтуурын амтыг үз!” хэмээн цохин орохуйд, тэр шулам өгүүлрүүн: “Үзвээс, саармаг тойн ажгуу!” Гахай өгүүлрүүн: “Үр минь, чи үнэхээр баахан илт мэдэгч байнам, миний саармаг тойн болохыг чи яахан мэдэв?” Шулам өгүүлрүүн: “Чиний малтуур хэрэглэхийг үзвээс чи ямар нэгэн хүний гэрт хүч явж ногоо тариад, гарч ирэхүйд эзнийхээ малтуурыг хулгайлсан буй за.” Гахай өгүүлрүүн: “Үр минь, энэ малтуур хэмээгч газар малтах малтуур бус, чи үз.

 

              Араа шүд нь ал луугийн хумс мэт,

             Алт суулгасан иш нь аварга могойн нуруу адил.

             Атаатан дайсан лугаа учирваас жихүүн салхи татан,

             Алалдаад тулалдаанд орвоос улаан гал бадармуй.

             Богд тойныг хамгаалан буг шулмыг дарж,

Бурханаа мөргөхөөр баруунш одохуйд ад чөтгөрийг арилгамуй.

Малтах бүр манан хөшиглөн нар сарыг халхалж,

Магших бүр туяа татан тэнгэр газрыг гийгүүлмүй.

Сүмбэр уулыг нураан сүрт барсыг цочоож,

Сүн далайг хөрвүүлж гүмбэрва лууг гэлмүүлмүй.

Илт үзүүлэгч чи идэрхэг хэмээн битгий аашил,

Есөн араанд дайрагдваас эрлэгийн оронд хүрмүй.

 

Тэр шулам юуны айх вэ? Гуулин манцуурга далайн тэргүүнийг эрэн занчин орохуйд, Гахай малтуур өргөн угтан авч өгүүлрүүн: “Үзвээс, энэ харин саармаг шулам ажгуу.” Тэр шулам өгүүлрүүн: “Миний саармаг шулам болохыг чи яахан мэдэв?” Гахай өгүүлрүүн: “Чиний гуулин манцуурга хэрэглэхийг үзвээс чи аль нэгэн төмрийн дарханы гэрт хүч явж хөөрөг татаж байгаад хүнгүй завт манцуургыг нь хулуун авч ирсэн буй за.” Шулам өгүүлрүүн: “Энэ нь дарханы хэрэглэдэг манцуурга бус:

 

             Бялууг бадмын гэсэрээр бүтээж,

Баридалыг лянхуан ишээр үйлджээ.

Энэ хэмээгч эгэл ертөнцийн эд бус,

Эрхэм аршийн хүрээлэнд ургасан нь болой.

Ногоон хасын нуурт үндэслэн,

Номин биндэрьяа цөөрөмд дэлгэрчээ.

Үүнийг би авч бясалган бүтээснээр

Рид шидэт эрдэнийн зэвсэг болжээ.

Сэлэм илд шийдэм бялуу алин ч адилтгашгүй

Балт сэрээ, жад алин ч эсэргүүцэл бус.

Хөндөлсөн баригч чиний малтуур хурц мэс мэт боловч

Хурайлан дарах миний манцуургат оногдвоос хугархай төмөр болмуй!”

 

Шороо, тэр хоёулын ийн цуугилдахуйг сонсоод тэсч ядан урагш ирж өндөр дуунаар дуудан өгүүлрүүн: “Шулам чи! Дэмий битгий өгүүл! Бүү дутаа! Миний таягийн амтыг үз!” хэмээн занчин орохуйд шулам манцаргын ишээр тосон авч өгүүлрүүн: “Чи бас ч саармаг тойн буй за.” Шороо өгүүлрүүн: “Чи яахан мэдэв?” Шулам өгүүлрүүн: “Чамд тогоочийн шинж буй.” Шороо өгүүлрүүн: “Чи юунд намайг тогоочийн байдалтай хэмээмүй?” Шулам өгүүлрүүн: “Чи тогоос бус болбоос яахан гүвэр модыг хэрэглэмүй?” Шороо хараан өгүүлрүүн: “Энэ муу чивэлт амьтан, чи юу мэдмүй!”

 

            Ертөнцөд чухаг энэ таягийг эргэвээс шулам чи хэрхэн танимуй?

            Саран ордонд ургасан зандан модоор үйлдэж,

            Чандмань эрдэнэ шигтгэн шижир суулгажээ.

            Эрт цагт эсэрваа хурмастын хуримд үүнийг авч орлоо,

            Энэ өдөр эрхэт багш Тансагийг хамгаалан эрдмээ гаргалаа.

            Өрлөг тэнгэрийн оронд үлэмж алдартай энэ таягийг

            Өрнө зүгийн шулам чи үхээд юуны танимуй.

            Галзуу шулмыг дарагч гайхамшигт эрдэнэ,

            Хорт чөтгөрийг сөнөөгч хувилгаан шийдэм.”

 

Эд гурвуул цөм царай хувилан усны дотор тэр нэгэн зэрэг байлдсан нь:

 

            Манцуурга, шийдэм, малтуур гурав харгалдан,

            Муу шулам лугаа Гахай Шороо ихэд байлдав.

            Нэг нь тэнгэрийн их өрлөгийн ертөнцөд буусан бүрэлбаа,

            Нэг нь орхиул сөхөгч жанжны орчлонд илэрсэн хувилгаан.

            Эд хоёул эрдэм үзүүлэн усан шулам лугаа байлдахуйяа

            Эргүү шулам ганцаар тосч тулалдмуй.

            Хувь ерөөл байхуйн учир их ёсыг бүтээж,

            Харилцан эл дайсан болж хумхын тухтанаа ормуй.

            Шороо усыг дарахуйяа ус шамдваас Шороо үзэгдмүй.

            Усаар модыг түрүүлэхүйеэ мод цэлхрэн цэцэг дэлгэрмүй.

            Самадийн бясалгал хийвээс нэг мөрт орж,

            Шидэт үрлийг бүтээвээс гурван номыг адисламуй.

            Шороо эхээс сүе хөвөрч, алтаас рашаан бүтэж нялх үр эснэмүй.

            Усаар үндэс болгон мод цэцэг амилж, модноос гэрэл гарч гал бадармуй.

            Хам таван махбодыг хамтатган нийлүүлж

            Харилцан өөр тул харгаваас харшилдан тэмцмүй.

            Гайхал шулам гуулин манцуургаар угтахуйяа

            Гахай Шороо малтуур таягаар тосмуй.

            Багшаа авран баруунш одохын төлөө батарлан байлдмуй.

 

Гурвуул усны дотор хоёр цаг гаруй байлдаж, дийлэн дийлэгдэх ялгаваргүй болсоноо Гахай шулмыг барьж үл чадахаа мэдээд Шороон зүг нүдийг зараад хоёул зэвсэгээ чирэн хойш буруулав. Тэр шулам олон хүүхдэд: “Та энд хүлээж байгтун, би тэр хоёрыг нэхэмжлэн барьж танд идүүлсүгэй!” хэмээгээд танавч нисэх мэт нэхэмжлэн уснаас гарч ирэв.

 

            Бичин эргийн дээр зогсож нүд цавчилгүй усыг харж байтал, гэнэт давалгаа босон Гахай цуугилдсаар гарч ирээд: “Ирэв! Ирэв!” хэмээтэл Шороо бас гарч ирээд “Ирэв! Ирэв!” хэмээв. Тэр шулам хойноос нэхэмжлэн: “Битгий буруул!” хэмээн уснаас гарч иртэл, Бичин: “Шийдэм үз!” хэмээн зандан занчихуйд, тэр шулам шийдмээс зайлан гуулин манцуурга өргөн угтан байлдав. Нэг нь эргийн дээр сүр бадруулан, нэг нь голын хөвөөнд давалгаа босгон хоёул гурван удаа болсонгүй тэр шулам эс тэсэн хоосныг занчин хойш дутаан усны дотор оров.

 

            Бичин эргийн дээр гарч ирэн Гахай Шороо хоёрт өгүүлрүүн: “Хоёр дүү зүдсэн буй за.” Шороо өгүүлрүүн: “Энэ шулам хуурай дээр дэмий чадалгүй боловч усан дотор харин ч хэцүү! Бид хоёул хавчин байлдаад эс дийлэн чадав. Багшийг яаж гаргасугай?” Бичин өгүүлрүүн: “Хүлгэлзэх хэрэггүй, багшийн аминд хор хийх болуузай.” Гахай өгүүлрүүн: “Бид дахин орж өдөөн байлдсугай, ах чи сэмээр огторгуйд байж шулмын толгой нь уснаас гарч ирмэгц дээрээс уруу саримсаг нүдүүр мэт нүд! Хэдий үхэхүйд үл хүрэвч үхэдхиймүй, тэр үед би завдаж нэг малтуур тусгаваас түүнийг тонилгох болой!” Бичин өгүүлрүүн: “Зөв! Зөв! Энэ арга маш сайн! Үүнийг “Дотор гаднаас хавчин байлдах” хэмээмүй. Ийн байлдваас дийлж болмуй.” Гахай Шороо хоёул дахин усанд орохыг түр өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь, тэр шулам ордондоо дутаан орсон хойно, атуу анван ирж ийн өгүүлрүүн: “Их эзэд тэр даруй хоёр тойныг хаа хүртэл хөөв?” Шулам өгүүлрүүн: “Тэр хоёр тойнд бас нэг нөхөр буй ажгуу. Би хөөсөөр эргийн дээр гартал, тэр төмөр шийдэм барьсан тойн дэмий занчин ирэхүйд би зайлан өнгөрүүлж, түүн лүгээ гурван удаа зөрөлдөөд, миний манцуурга түүний шийдмийг хүлээж болохгүй тул эс тэсэн дутааж ирэв.” Атуу анван: “Их эзэд лүгээ байлдсан тэр хүн ямар зүстэй буй?” хэмээн асуусанд, шулам өгүүлрүүн: “Тэр, нүүртээ үстэй, аянгын эрхтэнд адил, чих сортгор, хамар яртгар ал нүд алтан цэцгийт тойн.” Тэр атуу анван сонсоод цочин өгүүлрүүн: “Аяа, их эзэн дутааж ирсэн чинь сайн болов, эс бөгөөс түүнд алагдмуй! Тэр тойныг би танимуй.” Шулам асууруун: “Тэр хэн хэмээгч буй?” атуу анван өгүүлрүүн: “Би зүүн далайд байхуйд Жян лусын хаадын хэлэлцэхүйг сонссон бөлгөө. Тэр хэмээгч таван зуун жилийн өмнө тэнгэрийн орныг ихэд түйвээсэн тэнгэр лүгээ чацуу их богд бурхны шажинд орж нэрээ Сүн Ү Күн хэмээн халаад Тансагийг хамгаалан баруун газар ном залаар одмуй. Түүний хувилгаан эрдэм цаглашгүй, хувилах улирах нь мохошгүй. Их эзэд түүнд бүү халд, үүнээс хойш түүн лүгээ бүү байлд” хэмээв.

 

            Ийн хэлэлцэн атал хаалга сахигч шулам орж ирэн мэдүүлрүүн: “Их эзэд тэр хоёр тойн бас ирж байлдсугай хэмээмүй!” Шулам өгүүлрүүн: “Охин дүүгийн үг мөн, би өдгөө гарахгүй, тэр намайг яаж чадмуй” хэмээгээд бага шуламдаа: “Та нар хаалгаа батлан хаа. Тэр нэг хоёр өдөр ирж цөхрөөд харьсан хойно, бид Тансагийг амар идэх бус уу?” хэмээсэнд олон бага шулам шавар чулуугаар хаалгаа бөглөв. Гахай Шороотон яахан дуудавч шулам гарч үл ирэхүйд Гахай тэсч ядан малтуураар халгыг эвдэв. Тэр хаалга маш бэх тул орон эс чадав. Гахай долоо наймантаа занчаад хаалгыг эвдсэн боловч дотор нь шавар чулуугаар давхар давхар битүүлсэн тул мөн орон эс чадсанд, Шороо өгүүлрүүн: “Ах, энэ шулам нэгмөсөн айгаад үүднээсээ аймшиггүй гарч ирэхгүй болов. Бид түр эгэж их ах лугаа жич арга зөвлөсүгэй” хэмээсэнд, Гахай мөн хэмээн зөвшөөрч зүүн эрэгт гарч ирэв.

 

            Тэндээс Бичин огторгуйд шийдмээ барин хүлээж атал, Гахай Шороо хоёул гарч ирэхүйг үзээд үүлнээс буун голын хөвөөнд угтан асууруун: “Шулам юунд эс гарч ирэв?” Шороо өгүүлрүүн: “Тэр шулам хаалгаа таг дараад гарч ирэхгүй болжээ, хоёрдугаар ах хаалгыг эвдэн үзвээс дотор нь цөм шороо чулуугаар түгжжээ.  Тийнхүү ах лугаа багшийг гаргах аргыг зөвлөсүгэй хэмээн ирэв.” Бичин өгүүлрүүн: “Энэ мэт болбоос үнэхээр аргагүй. Та хоёул энд эргэцэж байгтун, түүнийг алдаж өөр тийш явуулж болохгүй, би одмуй.” Гахай өгүүлрүүн: “Чи хаа одмуй?” Бич өгүүлрүүн: “Би Будлан ууланд эчиж Хомсим Бодисадвагаас энэ шулмын үндсийг асуусугай. Үүний уг язгуур, нэр овог, дээдсийн орон газрыг мэдвээс түүний төрөл садан айл зэргэлдээг урьдаар барьсны хойно сая түүнийг барин багшийг гаргасугай.” Гахай инээн өгүүлрүүн: “Ах, ийн яршиглаваас цагийг саатмуй.” Бичин: “Би одож удалгүй ирмүй!” хэмээв. Төд Бичин үүлийг хөлөглөн тонгорцоглон өмнө далайд одов, төдөлгүй Будлан уулын өлмийн доор хүрч ирсэнд гагц үзвээс тэр хорин дөрвөн замын тэнгэр уулыг сахигч их хувилгаан ивээл тойн сайн Эддү хөвгүүн, сувд өргөгч лусын охин нар зэргээр урагш дэвшин ёслон асууруун: “Их богд ямар хэрэгт ирэв?” Бичин өгүүлрүүн: “Бодисадвад золгох хэрэг буйн тул ирэв.” Бүгд эрхтэн өгүүлрүүн: “Бодисадва энэ өглөө хүн дагуулалгүй ганцаар агуйгаас гарч хулсан ойд зугаахийхээр оджээ. Бодисадва, их богдыг энэ өдөр хүрч ирэхийг мэдээд, маныг энд угтаж түр суулга. Би харьж ирсэний хойно уулзсугай хэмээн захьсан бөлгөө.”

 

            Бичин үгийг дагаж сая суун атал, тэр сайн Эддү хөвгүүн урагш ирэн ёслон өгүүлрүүн: “Би их богдын өршөөлөөр Бодисадваг дагаж өглөө үдэш Бодисадвагийн дэргэдээс салахгүй бадам лянхуан тавцангийн доор зарагдан Бодисадвагийн хайрыг их л хүртэв.” Бичин Улаан хөвгүүн шулмыг таниад инээн өгүүлрүүн: “Чи, тэр цагт шуламд бачлагдаж, сэтгэл чинь будангуй байсан бөлгөө. Өдгөө үнэн номын шажинд орсон тул сая өвгөн Сүн миний сайныг мэджээ.”

 

            Бичин, Бодисадваг удтал хүлээгээд гарч үл ирэхүйд дотор цухалдан: “Та миний тул орж айлтгах ажааму. Миний багш удваас аминд нь хор болох болуузай.” Бүгд эрхтэн: “Бодисадва энд хүлээ хэмээсэн бөлгөө, өөрөө гарч ирэх буй за, айшгүй орж айлтгаж болохгүй” хэмээсэнд Бичиний зан нь түргэн тул юуны хүлээн тэсэх аж, босон харайн бор хулсан ойд оров. Аяа!

 

            Огцом зантай сайхан Бичин ван удаан хүлээхийг тэсч болох уу?

            Олон эрхтэний хориглохыг сонсолгүй ундуу хөдлөн ойн дотор оров.

            Алд алдаар алхсаар ягч ойд орж,

            Ал нүдээ төгрөглөн алдалгүй ширтэв.

            Алс холын ойд аврал ихт Бодисадва

            Алаг хулсны навчин дээр алгаа хамтатган суужээ.

            Алзуу залхуу нь хөдлөв үү, засал чимэг юу ч үгүй,

            Амарлингуй дүрийг нь лавлан үзвээс анхнаас сайхан болжээ.

            Үс гэзгээ самнасангүй нэг тийшээ ороогоод,

            Өнгөт татуураа татсангүй сул заслаар байжээ.

            Цэгээн өнгөт цамц юүгээ өмссөнгүй,

            Цэвхтэл биеийг баринтаг цээжмэгч хэдэрчээ.

            Хоргой дурдан хормойвч юугаа хугас дундуур бүсэлж,

            Хоёр хөлөө нүцгэлэн хойш харан суужээ.

            Хоёр тохойгоо ил гаргаж

            Хурц мэсийг хасын мутарт барин

            Хулсыг хальслан зорж суумуй.

 

Бичин үзээд ихэд дуудан өгүүлрүүн: “Бодисадва, шавь Сүн Ү Күн ёслон мөргөмүй.” Бодисадва зарлиг болруун: “Чи гадна сууж хүлээгтүн.” Бичин мөргөн өгүүлрүүн: “Миний багшид зовлон учирсны тул Бодисадвагаас тэр Тэнгэр голын шулмын уг язгуурыг асуусугай хэмээн ирсэн бөлгөө.” Бодисадва: “Чи гадна гар, би даруй гармуй” хэмээв.

 

            Бичин айшгүй байж болохгүйн тул ойн дотроос гарч ирээд олон эрхтэнд өгүүлрүүн: “Бодисадва энэ өдөр юунд суурин дээрээ суухгүй, чимэг заслаа зүүхгүй, биеэр ойн дотор орон хулсыг шулмуй?” Олон эрхтэн: “Бид цөм мэдэхгүй, энэ өглөө чимэг засал ч үгүйгээр агуйгаас гаран ойд орж бас маныг энд чамайг хүлээтүгэй хэмээснийг санахул лав их богд чиний хэргийн тул буй за” хэмээсэнд Бичин аргагүй хүлээн авай.

 

            Бодисадва удсангүй гарт нэг улаан хулсан сэвгийг барьж ойгоос гарч ирээд: “Ү Күн, би чам лугаа Тансагийг аврахаар одсугай” хэмээсэнд Бичин яаран сөгдөж өгүүлрүүн: “Шавь би шахамдуулах бээр үгүй, Бодисадва засал чимгүүдээ зүүж чимэн ажааму.” Бодисадва өгүүлрүүн: “Засал чимэг хэрэггүй, өдгөө даруй одсугай” хэмээн олон эрхтнийг агуйд үлдээн алтан гэрэл хөлөглөн, Бичин хойноос дагасаар ирэв.

 

            Төдөлгүй Тэнгэр голын захад хүрч ирснээ Гахай Шороотон үзээд ийн өгүүлрүүн: “Номын ахын зан нь түргэн тул өмнө далайд хүрээд Бодисадваг хэрхэн шахамдуулсныг мэдэхгүй, хувцас чимгүүдийг нь өмсгөлгүй авч ирэв” хэмээн өгүүлэн байтал хүрч ирэхүйд хоёул угтан мөргөж: “Бодисадва, бид дэмий зоригоор явсан нь ял болов!” хэмээв. Бодисадва бүсэлсэн бүсээ тайлж аваад тэр хулсан сэвгийг оосорлож уяад оосроос барьж үүлэнд гишгэн сэвгийг голын дотор орхин аманд тарни уншиж: “Амьд нь ор, үхсэн нь гоож! Амьд нь ор, үхсэн нь гоож!” хэмээн долоонтоо өгүүлээд дээш татаж авбаас, тэр сэвгийн дотор нэг амьд алтан загас шүүрджээ. Бодисадва зарлиг болруун: “Бичин чи хурдан орж багшаа гарга” хэмээсэнд Бичин өгүүлрүүн: “Шулмыг бариагүй болоод багшийг хэрхэн гаргамуй?” Бодисадва өгүүлрүүн: “Энэ сэвэг доторх шулам бус буюу?” Гахай Шороо хоёул мөргөн өгүүлрүүн: “Энэ загасанд яахан ийм их чадал байх буй?” Бодисадва өгүүлрүүн: “Энэ болбоос миний бадам лянхуа цэцэгт нуурт тэжээсэн алтан загас бөлгөө. Өдөр бүр толгойгоо гаргаж ном сонссоор ийм их чадалтай болжээ. Үүний барьсан тэр гуулин манцуурга хэмээгч навч нь дэлгэрээгүй лянхуа цэцгийн иш бөлгөө, энэ бясалгасаар цэргийн зэвсэг болгожээ. Аль нэг удаагийн үерт энд ирсэнийг мэдэхгүй, би энэ өглөө хэрсэгийг түшин цэцэг үзэхүйд энэ амьтан эс гарч ирсэнд сэжиглэн хуруу даран бодож үзвээс энэ энд ирж шулам болон чиний багшийг зовоож байх тул, тийнхүү засал чимгүүдээ өмсөж зүүлгүй, хулсыг шулж сэвэг хийж үүнийг барив.”

 

            Бичин өгүүлрүүн: “Тийн болбоос Бодисадва түр баахан хөлөглөж ажааму, бид энэ гацааны олон мөргөлчнийг дуудаж Бодисадвагийн гэгээн дүрийг үзүүлсүгэй. Нэгд болбоос шулмыг барьсныг алдаршуулан, хоёрт бөгөөс ертөнцийн хүнийг сүсэг төрүүлбээс сайн буй за” хэмээсэнд Бодисадва өгүүлрүүн: “Тийм болбоос та нар одож түргэн дууд” хэмээв. Гахай Шороо гүйн одож өндөр дуунаар: “Та нар ирж амьд Хомсим Бодисадваг үз!” хэмээсэнд тэр гацааны хөгшин залуу эр эм цөм голын захад ирж ус шаврыг огт хайхрахгүй сөгдөж Бодисадвад мөргөв. Тэр олны дотор нэгэн сайн зурагч хүн байж Бодисадваг хөрөглөж авав. Өдгөө ертөнцийн хүмүүс загасан сэвэгт Хомсим Бодисадва хэмээн хөрөглөн тахих учир нь тэр болой. Хомсим Бодисадва өмнө далайд залран эгсэнийг түр өгүүлэхгүй.

 

            Тэндээс Гахай, Шороотон усны дотор орж Юан мэлхийн ордон мэлхийн ордонд хүрээд багшаа эрэн үзвээс, тэдгээр усан зэтгэр загасан шулмууд цөм үхжээ. Хойд ордонд орж чулуун авдрыг нээгээд багшаа гаргаж аван, уснаас гарч олонд учрав. Тэр Чэн овогт ах дүү хоёул мөргөн өгүүлрүүн: “Бид төдий ятгавч багш үг авахгүйн тул ийм их зовлонд унав.” Бичин өгүүлрүүн: “Олон өгүүлэх хэрэггүй, үүнээс хойш жил бүр тахихаа байтугай, тэр шулмын үндэс нь нэгэнтээ тасрав, та нэг онгоц эрж маныг суулган энэ усыг гэтэлгэгтүн.” Өвгөн: “Онгоц буй!” хэмээгээд мод зүсэж онгоц хийсүгэй хэмээхүйд тэр гацааны олон хүмүүс үл баярлан үйлчлэх нь үгүй, зарим нь би дарвуулын шураг өгсүгэй хэмээмүй. Бас зарим нь би сэлбүүр мод гаргасугай хэмээмүй. Зарим нь би дээс татлагыг мэдсүгэй хэмээмүй. Бас зарим нь би хөлсөлсүгэй хэмээмүй.

 

            Бүгдээр ийн шуугилдан байхуйд, гэнэт голын дундаас нэг юм дуудан өгүүлрүүн: “Их богд, хүний хөрөнгийг сүйтгэн онгоц хийлгэх хэрэггүй, би таныг гаргасугай.” Бүгд улс сонсоод маш цочин дутаах нь дутаан одов. Зарим их зүрхтэй нь чичирсээр хулуун үзвээс усан дотроос нэг юм гарч ирэв. Түүний төрсөн төлөв байдлыг үзвээс:

 

            Дөрвөлжин толгойт хувилгаан юм энгийн зүйл бус,

            Тив ертөнцийг есөнтөө туслаж усан хувилгаан хэмээгдэв.

            Сүүл сэжин мянган мөчлөгийн өлзий хутагтан болоод,

            Бие далдлан зуун мөрний гүн хөх цээлд хоргодов.

            Урван хөрвөхүйеэ давалгаа босч мөрний эргийг далдан,

            Уртад ядарваас далайн хөвөөнд нар салхийг үзмүй.

            Амьсгалыг тэжээн гайхамшигийг олоод үнэн ёсонд орж

            Он удсан халцгай толгойт Юан мэлхий байжээ.

 

Тэр Юан мэлхий гарч ирээд ийн дуудруун: “Их богд онгоц хийлгэх хэрэггүй, та багш шавийг би гаргасугай” хэмээсэнд Бичин шийдмээ далайн өгүүлрүүн: “Энэ муу чивэлт адгуус! Чи урагш ирвээс би чамайг цохиж алмуй!” Тэр Юан мэлхий өгүүлрүүн: “Би их богдын ачийг хариулахын тул таныг гаргасугай хэмээсэн бөлгөө. Юунд намайг занчих хэмээмүй?” Бичин бас асууруун: “Би чамд ямар ач буй?” Тэр Юан мэлхий өгүүлрүүн: “Их богд та мэдэхгүй, энэ усан доторх орд харши хэмээгч нь миний элэнц хуланцын суусан орон бөлгөө, би үүнийг дахин шинэтгэж бүтээл хийж суун атал, есөн жилийн өмнө энэ шулам далайн давалгааг дагаж энд ирээд, хүч чадалдаа эрдэж надлугаа тэмцэлдэн миний үр хөвгүүдийг олонтаа хорлон аймаг угсаан олонхийг нь дагуулав. Би түүнийг дийлэн чадахгүй тул гэр ордноо түүнд булаагдав. Өдгөө Тансагийг гаргахын тул их богд Хомсим Бодисадваг залж ирээд шулмыг бариулснаар орд харш минийх болж, хөгшин залуугаар дахин учрав, үүнээс хойш дахин шороод налж, шаварт хэвтэхгүй, хуучин ордондоо олов. Энэ ач нь уул мэт хүнд, далай мэт гүн болой. Ганц би бус, энэ нэгэн гацааны хүмүүсийн охин хөвгүүн үр ачид их тус болов. Ийм их ачийг айшгүй үл хариулж болох буюу?” Бич үүнийг сонсоод маш баясан шийдмээ хураан өгүүлрүүн: “Чиний энэ сэтгэл үнэн буюу?” Тэр Юан мэлхий өгүүлрүүн: “Их богдын ачийн хүнд ихэд, айшгүй худал хэлэх буюу?” Бичин: “Үнэн болбоос чи тэнгэрийн зүг хандаж ам алд” хэмээсэнд тэр Юан мэлхий тэнгэрийн зүг амаа ангайн ам алдан өгүүлрүүн: “Би хэрвээ үнэнч сэтгэлээр Тансагийг энэ Тэнгэр голллс гаргах бус болбоос, миний бие хайлж цус болох болтугай!” Бичин инээн: “Үнэн тийм болбоос чи гарч ир” хэмээсэнд, тэр Юан мэлхий эргийн дээр гарч ирэв. Бүгдээр үзвээс, найман алд илүү бүдүүн, цагаан хавтастай Юан мэлхий ажгуу, Бичин өгүүлрүүн: “Багш, бид үүний нуруун дээр сууж гарсугай.” Тансаг өгүүлрүүн: “Тэр зузаан мөс ч гэм гарсан бөгөөтөл, энэ мэлхийн нуруу болох буюу? Лавдуун үгүй болох болуузай.” Юан мэлхий өгүүлрүүн: “Багш чи сэтгэлээ сул тавь, миний нуруу тэр зузаан мөснөөс хол лавтуун болой. Өчүүхэн хазайваас гавьяад бүү тооц!” Бичин: “Багш, аливаа амьтан зургаан зүйл, хүний үгийг хэлж чадваас худал үг хэлэхгүй болой. Дүү нар морио хөтөлж ир” хэмээв.

 

            Тэндээс Чэн Жиа Жуан гацааны их бага улс цөм голын хөвөөнд ирж мөргөн үдэв. Бичин цагаан морио мэлхийн нуруун дээр хөтлөн гаргаад, Тансаг морины зөв талд зогсон, Шороо буруу талд зогсож, Гахай морины хойтой зогсон Бичин морины өмнө зогсов. Бич бас тэр мэлхийн ёс бусчлахаас болгоомжлон бүсээ тайлж аван хамрыг нь дөрлөөд, нэг гараар бүсийг барин нөгөө гараар шийдмээ өргөн, нэг хөлөөр толгойг нь гишгэн, нөгөө хөлөөр хавтсыг гишгээд: “Чи алгуур яв, баахан хазайваас би толгой уруу чинь тусгамуй!” хэмээсэнд, тэр мэлхий: “Та сэтгэлээ сул тавь” хэмээгээд, дөрвөн хөлөөр өшиглөн усны дээгүүр хуурай явах мэт одов. Эрэг дээр хоцорсон олон хүн хүж зул асааж: “Намо Авид бурхан минь” хэмээн залбирав. Энэ үнэхээр архад, ертөнцөд буухуйяа, амьд Бодисадва гэгээн дүрийг илрүүлэв. Олон хүмүүс залбиран мөргөсөөр бараагүй болсны хойно сая хойш харив.

 

            Тэндээс өгүүлэх нь, тэр Тансаг цагаан Юан мэлхийг хөлгөлж тэр нэгэн өдөрт найман зуун газрын Тэнгэр голыг хормой норж хөл дүрсэнгүйгээр гарч бараад эрэгт хүрэв. Тансаг эрэгт гараад наманчлан талархаж: “Хөгшин Юан мэлхий таныг ихэд зүдээв, өдгөө чамд өгөх юмгүй, ном залж ирсэн хойно тал хийсүгэй” хэмээсэнд Юан мэлхий өгүүлрүүн: “Багшаас юуг санамуй. Ганц гуйх нь, сонсохул баруун газрын бурхан хэмээгч үхэлгүй үүрд мөнхөрсөн, өнгөрсөн ирээдүйг илт айлтгагч шидтэн хэмээмүй. Би энэ газар бүтээл хийсээр мянга гурван зуун жил болоод хэдий насны хутгийн уртыг олж хүний үгийг сурсан боловч, энэ адгуусны биеэс ангижран чадахгүй баймуй. Багш хайрлаваас баруун газар хүрсний хойно бурхнаас миний энэ биеийг хэзээ сая адгуусны төрлөөс хагацаж хүний биеийг олох буй? хэмээн асуух ажааму.” Тансаг хүлээн авч: “Би чиний тул асуусугай” хэмээв. Тэр хөгшин мэлхий баярлаж усандаа оров. Тэндээс Бичин Тансагийг түшиж мордуулаад Гахай дамжуураа дамнан, Шороо хойноос дагаж багш шавь дөрвүүл их замыг барин баруунш одов. Энэ чухамхүү:

 

            Богд тойн зарлигийг хүлээн бурхан багшид бараадахуйяа бэрх

            Бартаат уул усны барцад зовлон олон.

            Бодлого чигч, санаа үнэнч мөхөл үхлийг умартсанаа

            Бэрчгэр мэлхий нуруунд ачиж Тэнгэр голыг гэтэлгэв.

 

Үүнээс цааш бас хэдийчинээ зовлонг туулахыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 7 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 55 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 20 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 23 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 27 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 10 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 43 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 46 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 47 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 21 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 30 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 40 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 45 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 8 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 25 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 50 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 19 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 43 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 44 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 59 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК