Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг гишүүдэд дуулгаснаар хэлэлцүүлэг эхэлсэн.
Байнгын хороо нэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг төсөлд тусгасан байна. Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.6 хувь нь дэмжснээр тогтоол батлагдав.