“Пёнчан-2018” өвлийн олимпийн ХХIII наадмын хаалтын өдөр Норвеги, ХБНГУ-ууд медалийн тоогоор ана мана өрсөлдөж эцсийн мөчид Норвегийн алдарт цаначин, өмнө нь олимпийн 7 алт, 4 мөнгө, 3 хүрэл нийт 14 медалиар өвлийн олимпийн бүх тамирчдыг тэргүүлж явсан М.Бьорген гүйлтийн цанын 30 км-ын уралдаанд түрүүлж өвлийн олимпиос 8 дахь алтан медалиа хүртсэн амжилтаар Норвеги улс 14 алтан медальтай болж, “Пёнчан-2018” олимпийн наадамд авсан медалийн тоогоор ХБНГУ-ыг гүйцэн түрүүллээ. Скандиновын хойгт орших 5.4 саяхан хүнтэй Норвеги улс ийнхүү өвлийн олимпид хамгийн олон медаль авсан орноор тодорч энэ төрөлд дэлхийд тэргүүлэгч гүрэн гэдгээ баталгаажууллаа. Тэд ийнхүү эцсийн мөчид ХБНГУ-тай адил 14 алтан медальтай болсон ч мөнгө, хүрэл медалийн тоогоор илүү гарч “Пёнчан-2018”-д тэргүүллээ. Дашрамд сонирхуулахад өдгөө 37 настай Норвегийн алдарт цаначин М.Бьорген ийнхүү өвлийн олимпийн 8 дахь алтан медаль хүртэж өвлийн олимпийн бүх тамирчдыг тэргүүлж байгаа бол түүний ард мөн л Норвегийн алдарт биатлончин О.Бьорндален мөн л 8 алт, 4 мөнгө, 1 хүрэл нийт 13 медалиар хоёрдугаар байр, гуравдугаар байранд мөн л Норвегийн алдарт цаначин Б.Дэли 8 алт, 4 мөнгө нийт 12 медалиар жагсдаг ажээ. Саяхан болж өндөрлөсөн эрэгтэй хоккейн алтан медалийн төлөөх тоглолтод ОХУ-ХБНГУ-ын хоккейчид үндсэн цагт 3:3-аар тэнцэж нэмэлт цагт ОХУ-ын хоккейчин С.Каприцов хожлын алтан гоол хийснээр ОХУ-ын хоккейчид 1992 оноос хойш анх удаа олимпийн аварга боллоо. Удахгүй “Пёнчан-2018” өвлийн олимпийн ХХIII наадмын гал аажуухан бөхөж “Бээжин -2022”-ын цаг явж эхэлнэ.
Д.Түвшин
Сэтгэгдэл (2)