Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан ёсны анхны гадаад айлчлалаа БНСУ-аас эхлүүлсэн билээ. Ерөнхий сайд өнгөрсөн нэгдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд тус улсад айлчлахдаа 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болсон. Зээлийг үр ашигтайгаар буюу хотын агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахаар төлөвлөөд байгаа юм.
Тэгвэл Ардын засгийн тэргүүн удаах айлчлалаа урд хөршид буюу БНХАУ-д хийх гэнэ. Өнгөрсөн 2017 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хэн ч урд хөршид албан ёсны айлчлал хийгээгүй юм. Ерөнхий сайд ирэх дөрөвдүгээр сарын 10-13-ны хооронд Бээжин хотноо айлчлах тов гарчээ. Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн энэ сарын эхээр БНХАУ-д хийсэн айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын тус улсад хийх албан айлчлалын бэлтгэлийг хангах хүрээнд хийгдсэн айлчлал болохыг тус яамны хэвлэлийн албанаас мэдээлжээ.