Улаанбаатарын ойролцоо Олон улсын шинэ нисэх буудлыг барих төсөл одоогоос есөн жилийн өмнө албан ёсоор эхэлсэн байдаг. Дэлхийн стандартад нийцсэн, орчин үеийн тохилог үйлчилгээ бүхий шинэ нисэх буудлыг барих төслийн ажил дуусах шатандаа орж, энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно.
“Чингис хаан” нисэх буудлаас дөрөв дахин их буюу жилд 1.7 сая зорчигч хүлээн авч, 18100 нислэгт үйлчлэх хүчин чадал бүхий уг төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтран ажилласан “Самсунг Си энд Ти” корпораци, “Азуса Сэккэй Ориентал Консалтанс Глобал” түншлэлийн нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын төрийн дээд шагнал “Найрамдал медаль”-иар шагнав.
Найрамдал медалиар “Самсунг Си энд Ти” корпорацийн төслийн захирал Ха Сынг Юнг, тус корпорацийн төслийн зам гүүрийн асуудал хариуцсан менежер Пак Дон Ин, “Азуса Сэккэй Ориентал Консалтанс Глобал” түншлэлийн ерөнхий архитехтор Харагүчи Осаму, менежер Маэда Кимихиро, менежер ЖонТеггарт нарыг шагнасныг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ гардуулан өгөв.
Энэ үеэр Ж.Бат-Эрдэнэ сайд, “Энэ төсөл агаарын тээвэр, аялал жуулчлал, эдийн засгийн салбарт шинэчлэлийг авч ирэх болно. Манай төслийн багийнхан та бүхнээс их зүйл суралцаж, арвин туршлагатай баг хамт олон боллоо. Цаашдаа олон сайхан бүтээн байгуулалт, төслүүдэд хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн байна.
Д.Түвшин
Сэтгэгдэл (2)