Биокомбинат төрийн өчмит үйлдвэрийн газрын өргөтгөлийг Унгар улсын Засгийн газрын зээлээр барьж гүйцэтгэхээр болсон. Тус улс барилгын ажлыг өөрийнхөө улсын компаниар гүйцэтгүүлэх санал гаргажээ. Үүний дагуу Унгарын Засгийн газраас санал болгосон аж ахуйн нэгжүүдийн дунд удахгүй сонгон шалгаруулт явуулах юм байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг өнөөдөр Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Галошфай Михайг хүлээн авч уулзахдаа энэ талаар санал солилцлоо. Одоогийн байдлаар төслийн үнэлгээний хороо байгуулж, тендерийн баримт бичгийг эцэслэн баталж, сонгон шалгаруулалт зарлахад бэлэн болжээ. Биокомбинатын өргөтгөлийн ажлыг ирэх зургадугаар сард эхлүүлээд төлөвлөөд байгаа юм байна. Төслийн шав тавих ёслолын арга хэмжээнд Унгарын Гадаад хэргийн сайд, Хөдөө аж ахуйн сайд нар хүрэлцэн ирж оролцоно гэдгийг Элчин сайд Галошфай Михай хэллээ.
Сэтгэгдэл (1)