Энэ бол "Трафигура" хэмээх үндэстэн дамнасан корпораци, Пробо коала хэмээх хөлөг онгоц, Зааны ясан эрэг дэх хорт бодисын хаягдлын тухай билээ
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ, ГРИЙНПИЙС БАЙГУУЛЛАГЫН ХАМТАРСАН ТАЙЛАНГИЙН ХУРААНГУЙ
…“2006 оны 8 дугаар сард манай гэр бүлийнхэн, хөршүүд гээд бүгд хордсон. Бидэнд дахиж ийм гамшиг хэзээ ч бүү тохиолдоосой. . . . . Бидэнд амьсгалах үнэхээр хүнд байсан. Эхлээд амьсгалахын аргагүй үнэр ханхалж тэгээд бид амьсгалж чадахаа больсон. . . . 9 дүгээр сарын 2-ноос би ажилдаа явж чадахаа больж, орноосоо ч өндийж чадахгүй бүтэн долоо хоног хэвтсэн. Тэгээд 9 дүгээр сарын 11-нээс ажилдаа эргэж орсон. Хүүхдүүдийн маань нүд улайж, халуурч бас нэг хүүхэд маань суулгаж эхэлсэн. Тэд дор хаяж 2 долоо хоногийн турш халуурсан. Манай гэр бүлийнхэн бүгдээрээ хордлогонд орсон. Тухайн үед эхнэр маань жирэмсэн байсан учраас би түүнийг эндээс өөр газар руу явуулахыг хүссэн.
….. ойр хавийн айл хөршүүд маань бүгд өвдсөн. Ерөнхийдөө толгой өвдөх, халуурах, ханиалгах, цээжээр хөндүүрлэх, амьсгалын замын элдэв зовиур, загатнах, биеэр батга гарах, бөөлжих, хоол боловсруулах тогтолцоонд асуудлууд гарах зэрэг шинж тэмдэгүүд илэрч байсан.
….. хэрвээ та нар миний мэдүүлгийг авах юм бол намайг болон миний төлөөлж буй бусад хохирогчдын дуу хойлойг хүмүүс сонсох болно.
ЖА, Абобо- Плакю 1-р хэсгийн хохирогч
Кот д’Ивуарын Абиджан хотын иргэд 2006 оны 8 дугаар сарын 20-ний өглөө сэрэхэд хот тэр чигтээ нэгэн үнэрт автсан байв. Гэрчүүдийн дүрсэлж байгаагаар их өтгөн, амьсгал боосон, муудсан өндөг, сармис, газ болон бензин холилдсон сонин үнэр байжээ. Энэ нь хотын эргэн тойронд сургууль, гэр, ажил, ногооны талбай зэрэг 18 газар шөнийн цагаар асгаж хаясан хорт хаягдлаас ялгарч буй үнэр байв.
Тэвчихийн аргагүй үнэр олныг нилээдгүй түгшээж байсан бол үүнээс улбаалсан биет илрэлүүд нь жинхэнэ сандралд хүргэсэн юм. Мянга мянган хүмүүс дотор эвгүйргэх, толгой өвдөх, бөөлжих, гэдэс өвдөх мөн арьс, нүд загатнах зэрэг зовиур амсжээ. Хорт бодисыг хаяснаас хойших хугацаанд дээрх зовиур бүхий хэдэн арван мянган хүн тусламж авахаар эмнэлэгт хандсан байна. 2006 оны 10 дугаар сарын байдлаар эмнэлэгт 100,000 гаруй хүн хаягдлын улмаас хандсан тухай бүртгэгджээ. Орон нутгийн эрх баригчид 15-17 хүн хаягдлын уршгаар нас барсан хэмээн үзжээ.
Хорт бодисыг хаяснаас хойших эхний хэдэн сарын хугацаанд уг хаягдал эрүүл мэнд, бие махбодид хүчтэй нөлөөлж байгаа тухай тодорхой бичиж, тэмдэглэсэн байгаа боловч, зарим хүмүүс үүнээс ч урт хугацаанд зовиурласан байна. Хорт бодисыг зайлуулж, тухайн газрын цэвэрлэхэд хугацаа алдсан, хангалтгүй гүйцэтгэсэн зэрэг нь өдгөө хүртэл хорт бодисын ул мөр эрүүл мэндэд нөлөөлөх вий гэсэн айдсыг төрүүлж байна. Хорт бодис нь урт болон богино хугацаанд эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг шалган дүгнэх эрүүл мэндийн үзлэг, өвчний тархалтын судалгааг огт хийгээгүйгээс гадна хаягдал нь чухам юунаас бүрдэж байгаа тухай бүрэн мэдээллийг олон нийтэд мэдээлээгүй юм. Иймэрхүү олигтой мэдээлэл байхгүй нөхцөлд олон хүн эрүүл мэнддээ санаа зовинох нь зүйн хэрэг.
2006 оны 8 дугаар сард Абиджанд хаясан хаягдал Трафигура гэх газрын тос борлуулдаг компанийх байсан юм. Уг хаядал нь Трафигура компанийн захиалгаар Пробо Коала гэх усан онгоцоор Кот д’Ивуар буюу Зааны ясан эрэг улсад ирсэн ажээ. Гэхдээ уг хаягдал нь Европт бий болсон бөгөөд олон улсын хуулийн дагуу Зааны ясан эрэгт очих үндэслэлгүй юм.
Абиджанд болсон хэргийг – Их Британийн шүүхийн оролцоотойгоор Трафигура компанийн дотоод цахим шууданг шалгах зэргээр бүтэн 3 жил мөрдөн шалгасны эцэст уг хаягдлыг хаяхад Трафигура компанийн гаргасан шийдвэрүүд зайлшгүй үр дагавар авчирсан болохыг Эмнести Интернэшнл болон Грийнпийс байгууллага олж тогтоосон юм.
Мөрдөн шалгах явцад мөн олон засгийн газрууд хүн ам, байгаль орчныг үр дүнтэй хамгаалж чадахгүй байгаа, олон улсын хуулийг сахиулах ёстой аливаа улсын тогтолцоо үндэстэн дамнасан корпорациудыг гүйцэж ажиллаж чадахгүй байгааг, үүний улмаас иймэрхүү компани, корпорациуд нь шүүн таслах ажиллагаанаас зугатаж, ял шийтгэлгүй ажиллах боломжийг олгож байгааг илрүүлсэн юм. Түүнчлэн бүх засгийн газар нөхцөл байдлыг үр дүнтэй залруулж чадахгүй байгааг харуулж байна.
ХАЯГДАЛ: ЮУНААС ГАРЧ, ХААНААС ИРЭВ
2005 оны сүүлээр Трафигура компани нь coker naphtha гэх боловсруулаагүй газрын тосыг их хэмжээгээр авах шийдвэр гаргасан байна. Тэд уг бүтээгдэхүүнийг хямд өртөгтэй болохоор нь шатахуунтай холихоор худалдан авчээ. 2009 онд Их Британийн шүүхийн оролцоотойгоор Трафигура компанийн дотоод цахим шууданг шалгахад уг компани нь энэхүү худалдан авалтаасаа асар их ашиг олно гэж төлөвлөсөн нь харагдаж байжээ.
“PMI trading” ХХК их хэмжээний хүхрийн хий агуулдаг coker naphtha-г маш хямд үнээр зарж байсны учир нь тэдэнд үүнийг боловсруулах боломж байгаагүй аж. Тиймээс ч Трафигура coker naphtha-г боловсруулах арга олох хэрэгтэй болсон.
Трафигура натрийн исэл ашиглан coker naphtha боловсруулахаар шийдсэн байна. Уг аргаар боловсруулах нь хорт хаягдал үүсгэдэг болохыг Трафигура маш сайн мэдэж байжээ. 2008 оны 9 сарын 28-ны өдөр Трафигурагийн захирал Клауде Дауфин болон бусад ажилтан руу илгээсэн нэгэн цахим шуудандаа Лондон хотод байрладаг нэгэн ажилтан
“Энэ үйл ажиллагааг (хүхрийн хийгээр угаах) Европын Холбоо, АНУ болон Сингапурт хориглосон. Боловсруулалтаас гарч буй хаягдал нь хортой (хий, фенол-карбоны хүчил, үнэр) учраас ихэнх орнуудад уг боловсруулах ажиллагааг хориглодог бөгөөд зах зээл дээр иймэрхүү хаягдлыг хүлээн авах газар байхгүй байгаа тул нийлүүлэгчид хаягдлыг хариуцан хаяхаас татгалзаж байна. Роттердамд иймэрхүү төрлийн хаягдлыг шатаадаг нэгэн компани байдаг ба кг хаягдлыг 200 ам.доллараар шатаадаг. Гэхдээ боловсруулах үйлдвэрлэлээс гарсан идэвхижсэн хаягдлыг шатаахад кг тутам нь 1000 гаруй доллар болох юм шиг байна. Европын холбооны хуулийн дагуу иймэрхүү төрлийн хаягдлыг Европын Холбооны газар нутгаар тээвэрлэхийг хориглодог” гэж бичжээ.
ХУУЛЬ ЭРХЗҮЙН ХҮРЭЭНД
Хорт хаягдлыг хууль бусаар хаях нь ихэвчлэн хөгжиж буй орнуудад болдог бөгөөд энэ нь олон улсын хэмжээнд байгаль орчин, хүмүүсийн хүний эрхэд ноцтой асуудал гэж үздэг. Олон улс, бүс нутаг болон улс орнуудын хэмжээнд аюултай хорт бодис болон хаягдлын устгалд хяналт тавих зорилготой хэд хэдэн хууль эрх зүйн баримт бичиг байгуулсан байдаг.
Аюултай хог хаягдлыг хил дамнуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенци (Базелийн конвенци)
Базелийн конвенци нь тусгайлан анхаарах шаардлагатай эсвэл хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд аюул учруулж болох аливаа хаягдлыг хянах, зохицуулах зорилготой олон улсын гэрээ юм. Уг конвенциор аюултай эсвэл бусад иймэрхүү төрлийн хаягдлыг хил дамнуулан тээвэрлэх, ингэхдээ тухайн хаягдлын аваачиж буй оронд урьдчилан мэдэгдэж, зөвшөөрлийг нь аваагүй, хуурамч мэдээлэл, бичиг баримт эсвэл залилан хийж тээвэрлэх зөвшөөрөл авсан, тухайн хаягдал нь бичиг баримттайгаа зөрөх, эсвэл санаатайгаар уг хаягдлыг зохих ёсны дагуу хаяаагүй (шууд асгах гэх мэт) бол хууль бус үйл ажиллагаа гэж үздэг. Түүнчлэн уг Конвенцид аюултай хог хаягдлыг хууль бусаар тээвэрлэх нь эрүүгийн гэмт хэрэг хэмээн заажээ.
ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАЯГДАЛ ТЭЭВЭРЛЭХ ЖУРАМ
Европын Холбооны Хаягдал Тээвэрлэх Журмын 18 дугаар хэсэгт ЕХ-ноос Африк, Карибын тэнгис болон Номхон далайн хэсэг орнууд (үүний дунд Кот д’Ивуар орж байгаа)-д Базелийн хог хаягдлыг тээвэрээхийг хориглон, эрүүгийн хэрэг гэж үзсэн байна.
Усан онгоцны хэвийн үйл ажиллагааны улмаас гарч буй бохирдлоос сэргийлэх тухай олон улсын конвенц
Базелийн Конвенц нь хаягдал, тэр дундаа аюултай хорт хаягдал, асуудлыг зохицуулдаг боловч “усан онгоцны хэвийн үйл ажиллагааны улмаас гарч буй хаягдал”-г зохицуулдаггүй. Эдгээр хаягдлыг Усан онгоцын бохирдлоос Сэргийлэх тухай олон улсын Конвенц 1973/78 (МАРПОЛ Конвенц)-ын дагуу шийдвэрлэдэг. МАРПОЛ Конвенцийн гол зорилго нь газрын тос болон бусад хорт бодисын улмаас далай тэнгисийн эко-орчны бохирдолтыг зогсоох явдал юм. Эдгээр бодисыг хүлээн авах байгууламжид аваачиж устгах ёстой байдаг.
ХОРТ ХАЯГДАЛ БА ХҮНИЙ ЭРХ
Олон улсын хүний эрхийн дагуу улс орнууд нь иргэдээ аюултай хорт бодисоос хамгаалах үүрэг хүлээдэг. Олон улсын эдийн засаг, нийгэм соёлын эрхийн олон улсын конвенцийн 12 дугаар зүйлд “оролцогч улс орнууд бие бялдар болоод сэтгэцийн эрүүл мэндийн дээд түвшинд хүрсэн байх”хэмээн заасан байдаг. НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл (ЭЗНЗ):
“12 дугаар зүйлд заасан олон улсын үүргээ биелүүлэхийн улс орнууд нь эрүүл байх эрхийг эдлэх явдлыг хүндлэх, эх оронд нь гуравдагч этгээд уг эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх ёстой бөгөөд хэрвээ боломж байгаа бол Нэгдсэн Үндэсний Байгууллагын дүрэм болон бусад холбогдох олон улсын хуулийн дагуу хууль, улс төрийн арга замаар гуравдагч талд нөлөөлөх хэрэгтэй” гэжээ.
Улс орнууд нь өөрийн газар нутгаасаа гаднах хүний эрхийн асуудалд анхаарал тавих үүрэгтэй болохыг тус Зөвлөлийн зүгээс хүлээн зөвшөөрч буй нь хүний эрхийг хамгаалахад иймэрхүү хариуцлага чухал нөлөөтэй болохыг хүлээн зөвшөөрч эхэлсэний илэрхийлэл билээ. Дор хаяж, бусад орон дах эрүүл байх эрхийг хүндлэнэ гэдэг нь улс орнууд бусад улсын эрүүл байх эрхэнд халдах аливаа эрсдлийг тооцож үзэх ба хуулийн болон техникийн боломж байгаа бол шаардлагатай арга хэмжээ авах үүрэгтэй болж байгаа юм.
ДАЛАЙ ДЭЭР ЦЭВЭРЛЭХ АЖИЛЛАГАА
Трафигура нь эх газар дээр уг боловсруулах ажиллагааг явуулах үйлдвэр олж чадахгүй байв. 2006 оны 1–3 дугаар сарын хооронд Тунисын боомтод 2 удаа боловсруулах ажиллагаа явуулсан байна. Гэвч хаягдлыг боловсруулах явцад газан хий дайварлан гарч эрх баригчид тухайн боомт нь иймэрхүү төрлийн хаягдлыг устгах байгууламж байхгүй учраас уг цэвэрлэх ажиллагааг зогсоосон байна. Үүний дараа Трафигура компанийхан боловсруулах үйлдвэрлэлээ далайд явж буй усан онгоцон дотор хийх болжээ. Боловсруулах үйлдвэрлэл явуулж байсан онгоцыг Пробо Коала гэдэг.
Трафигура далай дээр үйлвэрлэлийн үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэх үедээ гарах хаягдлыг яаж зайлуулахаа мэдэхгүй байсан боловч уг хаягдал нь аюултай гэдгийг маш сайн мэдэж байжээ. Далай дээрх эхний боловсруулах ажиллагаа 2006 оны 4 сарын дундуур дууссан байна. 2006 оны 6 сарын сүүлээр Пробо Коала онгоц Гибралтараас Амстердам руу хойд зүгийг чиглэн явах замд нийт 3 онгоц coker naphtha угаасан ажээ. Нийт 500м3 хаягдал онгоцны хадгалах саванд хуримтлагдаад байсан ч Трафигура компанийхан үүнийг устгах арга олж чадахгүй хэвээр байна.
ЕВРОП ДАХ ХАЯГДАЛ
2006 оны 4 дүгээр сард Трафигура хаягдлаа буулгахаар Европт 4 газарт ханджээ. Эдгээр газрын аль нь ч хаягдлыг хүлээн авахаас татгалзсан бөгөөд энэ нь уг хаягдалд илүү тусгай боловсруулалт шаардлагатай байсантай холбоотой юм. 2006 оны 6 дугаар 19-нд Трафигура нь усан онгоцны хаягдал боловсруулдаг Голланд компани болох Амстердам Порт Сервис (АПС) гэх компанитай холбоо тогтоож, хаягдлаа буулгахаар болсон байна. АПС нь албан ёсоор томилогдсон боомтын хүлээн авах байгууламж бөгөөд МАРПОЛ-ын Конвенцийн дагуу усан онгоцны хаягдлыг хүлээн авах эрхийг Голландын эрх баригчид олгожээ. Гэвч удалгүй Трафигура АПС-д хаягдлын шинж чанарын талаар хангалттай мэдээлэл өгөөгүй болох нь илэрсэн байна.
Пробо Коала 2006 оны 7 сарын 2-нд Амстердамд ирсэн бөгөөд АПС хаягдлыг даруй буулгаж эхэлжээ. Маргааш өглөө нь буюу 2006 оны 7 сарын 3-нд Голландын эрх баригчид уг газарт маш тааламжгүй үнэр гарч буй тухай гомдол хүлээн авч, гал команд болон цагдаа дуусан байна. АПС-ын барилгын ойролцоо ажилладаг нэгэн эмэгтэй эрх баригчдыг дуудсан шалтгаанаа тайлбарлахдаа:
“Химийн бодисын үнэр үнэртээд байсан. Толгой эргээд, дотор эвгүй оргиод байсан. Мөн миний хүзүү маш их загатнаж, толгой маш аймшигтэй өвдөөд байсан юм. 9 цаг хагасын үед би ажил дээрээ байсан ба муухай үнэр үнэртэж байсан ч яг тухайн үед миний бие харьцангуй гайгүй байсан. Тэгээд 11 цагийн үед цагдаа руу утасдсан. Утасдах үед үнэр нь бүр ихсэж, манан татсан юм шиг л болсон байсан… тэр өдөр надад ямарч хоолны дуршил байгаагүй. 5 цагийн үед гэртээ харьсны дараа ч миний толгой эргэж, дотор эвгүй оргисон хэвээр байсан” гэжээ.
АПС тухайн хаягдлаас дээж авч шинжлэхэд АПС-ын төсөөлж байснаас хамаагүй өндөр хэмжээний Химийн хүчилтөрөгчийн хэрэгцээ (ХХХ, бохирдлын шууд бус хэмжүүр) илэрсэн юм. Уг шинжилгээний үр дүн мөн уг хаягдлыг өөр нэгэн мэргэшсэн байгууллагад өгөн устгах ёстой болохоор АПС анх тохиролцсон үнээ м3 тутам нь $27 (US$) байсныг $1000 (US$)(анхны үнээ 37 дахин өсгөсөн) болгон өсгөсөн байна. Трафигура өндөр төлбөр төлөхөөс татгалзсан бөгөөд АПС-ыг хаягдлыг буцаан Пробо Коалад шахахыг хүсчээ.
Уг хаягдлын үнэр, Трафигурагийн хаягдлыг Пробо Коалад буцаад ачих хүсэлт нь нилээдгүй ер бусын байсан тул хууль сахиулах байгууллагынханы санааг зовоосон байна. 2006 оны 7 сарын 3-4-ний өдрүүдэд орон нутгийн эрх баригчид уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар нилээдгүй яриа хэлэлцүүлэг явагджээ. Голландын байгаль орчны хуулийн дагуу уг хаягдлыг буцаан онгоцонд ачихыг хориглох боломж байсан эрх баригчид хаягдлыг дахин ачиж, Пробо Коалаг Нидерланд улсыг орхин явахыг зөвшөөрсөн байна. Уг усан онгоц Эстонид богино хугацаагаар зогссоны дараа хаягдлаа тээсээр Европыг орхин Баруун Африкийн зүг явжээ.
АФРИК ДАХ ХАЯГДАЛ
Цахим шуудангаас үзэхэд Трафигура хаягдлаа Нигер улсад хаях гэж оролдсон боловч хаяж чадаагүй болох нь харагдаж байна. Нигерээс гараад Пробо Коалаг Кот д’Ивуарын Абиджан руу чиглэхийг Трафигура компаниас зааварчилжээ. Усан онгоц Абиджаны боомтод ирэх үед Трафигура нэгэн шинэхэн байгуулагдаж, тусгай зөвшөөрлөө авсан “Томми” гэх жижиг компанитай гэрээ байгуулсан байна. Үүнд хаягдлыг МАРПОЛ-ын бус зүгээр л химийн хаягдал хэмээн бичжээ.
Гэрээнд – гараар бичсэн тэмдэглэл- Томми компани нь “хотын гадна “Акоуедо” гэх газар хаягдлыг хаяна” хэмээнд заасан байна. Акоуедо нь Абиджаны орон сууцны хороололд байрлах гэр ахуйн хаягдалд зориулсан нээлттэй хогийн цэг юм. Энд аюултай хог хаягдлыг хадгалах, боловсруулах байгууламж огт байхгүй. Уг хог хаягдлын эзэн болохынхоо хувьд Трафигура компани нь уг хаягдалтай зохистой харьцах, угстгах зэрэгт анхаарал тавих үүрэгтэй билээ.
Гэрээнээс үзэхэд “Томми”-гийн зүгээс санал болгосон үнэ нь Трафигура компани нь уг хаягдлыг устгасны төлөө Европ улсуудад төлөхөөс харьцангуй бага байна. Гэрээний дагуу Томми нь МАРПОЛ-ын хаягдал бол м3 тутамд $30 ам.доллар, химийн хаягдлын тухайд м3 тутамд $35 ам.долларын төлбөр авахаар тусгажээ. Энэ нь Нидерланд улсад хаягдлыг хаях АПС-ын $1000 ам.долларын үнийн саналаас эрс ялгаатай байгаа юм. Хаягдлыг химийн хаягдал гэдгийг нь мэдсээр байж Томми яагаад МАРПОЛ-ын хаягдалд үнийн санал өгсөн нь тодорхойгүй байна.
Түүнчлэн Томмигийн өгсөн үнийн санал нь уг төрлийн хорт бодисыг зайлуулах, хаях ажлын хувьд хэт доогуур үнэтэй болохыг Трафигура мэдэж байсан нь гарцаагүй. Голландын цагдаа нар уг хаягдлын асуудлаар Трафигура руу утасдаж, үнийн саналтай танилцахыг хүсэхэд Трафигура “Томми”-гоос илүү өндөр үнэтэй хуурамч нэхэмжлэл гаргаж өгөхийг хүссэн байна.
ХАЯГДАЛ ХАЯХ
Абиджанд хаягдал ирмэгц ачааны машинд ачин, Акоуедо хогийн цэг дээр авчирсан байна. Гэвч эхний хэдэн машин хаягдлыг буулгахад маш хурц үнэртэж, хогийн цэгийг хаахад хүржээ. Хогийн цэг хаагдаж, “Томми”-той холбогдож чадаагүй жолоочид сандарч, хаягдлаа Абиджаны эргэн тойронд сургууль, ажлын байр, орон сууцнууд, тариан талбай, шорон зэрэг хаа дайралдсан газраа асгацгаасан байна.
ЭРҮҮЛ МЭНД, БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАМШИГ
Пробо Коалагийн 523м3 хорт хаягдлыг хамаагүй хаясны улмаас 2006 оны 8 дугаар сарын 19-ний Бямба гаригаас хойш Кот д’Ивуарт хүмүүнлэгийн болон байгаль орчны гамшиг нүүрлээд байна.
Уг явдлаас хойших хугацаанд мэдрэл, хоол боловсруулах тогтолцоо, амьсгалын зам, чих, хамар, хоолой, хараа болон бусад эрүүл мэндийн асуудлаар шаналсан хэдэн арван мянган иргэд эрүүл мэндийн төв болон эмнэлэгүүдэд ханджээ. Болсон хэрэг явдалд уурлаж мөн айсан иргэд хот даяар жагссан байна. Хэт их үнэр, эрүүл мэндэд гарч буй нөлөө зэрэг нь үлэмж хэмжээний айдас, түгшүүр төрүүлсэн юм. 2006 оны 9 дүгээр сарын эхээр “бохирдолд өртсөн иргэдийн өвчлөлт, тоо, өвчний хурцадмал байдал зэрэг нь олны нийтийн дунд айдас түгшүүрийг төрүүлж байна” хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага тэмдэглэжээ.