
Сирийн Засгийн газар “ Бидэнд химийн зэвсэг бий. Харийн түрэмгийлэгчид халдах зэрэг нэн шаард лагатай тохиолдолд хэрэглэнэ” гэж мэдэгдсэний дараа АНУ “Дамаскийн эрх баригчдыг химийн зэвсэг хэрэглэхгүй байхыг сануулж, Сириэс химийн зэвсгийн өчүүхэн ч гэсэн ул мөр илэрвэл тус улсад цэргийн хүч оруулахгүй байх төлөвлөгөө эргэн харна” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, тус улсад цэргийн хүч оруулж, Ирак, Ливи шиг ажиллагаа явуулна гэж мэдэгдсэн юм. Үүний улмаас хоёр орны дунд ширүүн маргаан үүсээд байгаа бөгөөд Сирийн Гадаад харилцааны дэд сайд Кадри Жамил ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавровтай уулзаж, дэмжлэг хүссэн байна. Тэрбээр энэ уулзалтынхаа дараа Барак Обамад хандаж ширүүхэн мэдэгдэл хийсэн. Үүнтэй зэрэгцэн Британийн Засгийн газара Сирид цэргийн хүч оруулах АНУ-ын анхааруулгад нэгдэж байгаагаа мэдэгдлээ. Тус улсын Ерөнхий сайд Дэвид Кэмерон Цагаан ордны тэргүүн Б.Обаматай утсаар ярьсныхаа дараа “Бид ч мөн Сириэс химийн зэвсэг олдвол цэргийн хүч ашиглана” гэж мэдэгджээ. Д.Кэмерон энэ мэдэгдлийнхээ дараа Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай утсаар ярьсан байна. Б.Обамагийн мэдэгдлийг ганц Сири бус Хятад Улс ч мөн адил зэмлэн буруушаажээ. Д.Кэмерон “Б.Обама бид хоёр хоёулаа Сириэс химийн зэвсэг олдох юм уу тус улсыг энэ зэвсгээ ашиглавал цэргийн хүч ашиглахыг зөвшөөрч байна. НҮБ болон бусад байгууллага энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэжээ. Энэ мэдэгдлийн дараа “Си-Ай-Эй” буюу АНУ-ын Тагнуулын төв газар Сирийг химийн зэвсэгтэй эсэхийг тогтоох шуурхай ажиллагаанд орсноор Сирийг химийн зэвсэгтэй гэдэгт итгэж байгаагаа мэдээлжээ. Учир нь Сири хэдэн жилийн өмнөөс химийн зэвсгийн хөтөлбөрөөр хөөцөлдөж эхэлсэн бөгөөд нисэх онгоц, баллистик пуужин, их бууны сум, бөмбөгүүдийг химийн хороор цэнэглэсэн гэнэ. “Си-Ай-Эй”-ийн таамаглаж буйгаар 1919-1997 онд 11 удаа ашиглагдаж байсан иприт, 1950-2004 оны хооронд 13 ашиглагдаж байсан сарин хэмээх хордуулах чадвар өндөртэй хийнүүд бий ажээ. Мөн сэтгэцэд нөлөөлдөг хийнүүд гаргаж авахыг оролдож байгаа гэнэ. Турк, Арабын орнуудын тагнуулын байгууллагын үзэж буйгаар Сирийн 50 хот, тосгонд мянга орчим тонн химийн зэвсэг хадгалагдаж байгаа аж. Сири Улс нь химийн зэвсгийн конвенц, биологийн болон хорт бодист зэвсгийн конвенцид нэгдээгүй аж.
Э. Индра