
Энэ өдрийн хуралдаанаар “Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө цогцолбор”-ыг иргэдэд нээлттэй болгож, автобензин, дизель түлшний хангамж, ургац хураалт, үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам, тээвэр, барилга, хот байгуулалт болон нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцэн шийдвэр гаргасан байна.

Мөн Засгийн газрын хуралдаанаар автобензин, дизель түлшний хангамж, жижиглэн худалдаалах үнийг тогтвортой байлгах талаар хэлэлцлээ. Асуудлыг хэрхэн зохистой шийдвэрлэх талаар нухацтай ярилцсаны дараа тодорхой санал, боломжит хувилбарыг нарийн тооцоо, судалгаатай боловсруулж, Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт үүрэг болголоо.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын Олон улсын чиглэлийн зорчигч, бүртгэлийн танхимын хогийн савнаас сэжигтэй зүйл илэрсэнтэй холбоотой асуудалтай танилцлаа. Мэдээлэл ирсэн даруйд олон улс, орон нутгийн нислэгүүдийг түр зогсоон, зорчигчдыг аюулгүй газар шилжүүлж, шалгалт хийсэн байна. Сэжигтэй зүйл нь дуу чимээ, утаа гаргадаг, хүний биед хоргүй, сургалтад ашигладаг хэрэгсэл болохыг мэргэжлийн байгууллага тогтоосон учир нислэгийг 3 цаг 40 минутын дараа хэвийн үргэлжлүүлж эхэлжээ.
“Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Камбожийн Вант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зүйтэй хэмээн үзэж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар боллоо. Хэлэлцээрийн дагуу дипломат болон албан паспорттой иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих юм.
Б.Чимэг