
Бага хурлыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн цагаатгалын салбар комисс, Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн Судалгааны төв хамтран зохион байгуулж байна.
1922 оноос 1950-иад он хүртэл төрийн эсрэг зохион байгуулалттай гэх 44 гэмт хэрэг гарсан барагцаа тоо байх бөгөөд гэмт хэргийн шинж бүрдэл байхгүй, зохиомлоор бүрдүүлсэн, олон арван мянган хүнийг холбогдуулан хилсдүүлж, хэлмэгдүүлэн цээрлүүлсэн баримт байдаг. 1922 оноос “Д.Бодоогийн хэрэг” гэгчээр эхэлж, 1932-1933 онд “Ж.Лхүмбийн хэрэг”, 1937 онд “Гэндэн, Дэмид нарын хувьсгалын эсэргүү бүлгийн хэрэг” гэгчээр дээд цэгтээ хүрсэн билээ.
МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1957 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 6 тоот тогтоолд заасан ёсоор БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1957 оны 106 тоот тогтоолоор Цагаатгах ажлыг эрхлэх комисс байгуулагдаж, 1962 оны 2 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл ажиллахдаа “МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга байсан Ж.Лхүмбийн бүлэг хэрэг”, “Гэндэн, Дэмидийн хувьсгалын эсэргүү бүлэг” хэрэгт холбогдон ял шийтгүүлэгчдээс 756 хүний хэргийг шалгаж, 294 хүнийг цагаатгажээ.
Ж.Лхүмбийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлын үеэр “Ж.Лхүмбэ 1930-аад оны монголын нийгэм, улс төрийн томоохон зүтгэлтэн болох нь”, “Улс төрийн их хэлмэгдүүлэлт ба “Лхүмбийн хэрэг”, “1932 оны зэвсэгт бослого ба Ж.Лхүмбэ”, “Лхүмбийн хэргийн мөрдөн байцаалт, эрүү шүүлт” зэрэг илтгэлийг тавьж хэлэлцүүлэг хийхээр байна. Мөн хуралд оролцож буй Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга О.Лхагварэнцэн цагаатгалын ажлын явц, цаашид хийх ажлын талаар илтгэл тавина гэж Комиссын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.