МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар УИХ-ын сонгуульд нэр дэвшин гарсан Ц.Оюунбаатар өнөөдрийг хүртэл тангаргаа өргөөгүй байгаа. Учир нь Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэрэл нарын Цэцэд өгсөн өргөдөлтэй холбогдуулан түүний тангараг өргөхийг нь түр түдгэлзүүлээд байсан юм. Хэдийгээр Үндсэн хуулийн цэц гомдлыг хэлэлцээд “Үндэслэлгүй” гэж үзсэн ч Ц.Оюунбаатарын бүрэн эрхийг баталгаажуулаагүй байгаа билээ. Харин өнгөрсөн долоо хоногт МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж, Ц.Оюунбаатарын тангаргыг өргүүлж, бүрэн эрхийг нь баталгаажуулах ёстой гэж үзсэн юм. Харин сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ц.Оюунбаатарыг УИХ-ын гишүүнээс татгалзаж, ТЕГ-ын даргаар томилогдоно хэмээн цацагдсан билээ. Энэ талаар Ц.Оюунбаатараас тодруулахад “Монгол оронд улс төрийн хэлмэгдэлт болж, Н.Энхбаяр дарга хоригдож эрүүл мэнд нь муудсан. Тухайн нөхцлөөс шалтгаалж, Н.Энхбаяр даргатай ярилцаж гишүүний тангараг өргөхөө түр хойшлуулаад байсан. Харин сүүлийн үед хэвлэлээр ТЕГ-ын даргаар болно хэмээн цацагдаж байна. Энэ бол ор үндэсгүй ташаа мэдээлэл. Төр, бизнесийнхэн зориуд гүтгэлэг тарааж байна. Би хэн нэгэн албан тушаалтантай албан тушаалын тохиргоо хийгээгүй. Улс төрд 20 жил явахад ийм албан тушаалд би шохоорхож байсангүй. Хүний эрхийн хуульч хүнийхээ хувьд гишүүний эрхээ албан тушаалаар солих ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. Н.Энхбаяр даргын биеийн байдлыг харгалзаж, ойрын хугацаанд гишүүний тангараг өргөнө” гэв.
Б.Чимэг

















































