

Арилжааны банкуудын зургаан банк нийт зээл олголтын дүнгээ багасгасан гэж үзсэн бол бусад нь ерөнхийдөө нэмсэн гэж хариулсан байна. Нийт дүнгээр нь харахад банкууд өнгөрсөн гурван сарын хугацаанд зээлээ маш бага хэмжээгээр нэмэгдүүлсэн гэсэн дүн гарчээ. Хэрэглээний болон ЖДҮ эрхлэгчдийн зээлийн хэмжээг нэмэгдүүлсэн бол боловсруулах үйлдвэр, барилга болон үл хөдлөх хөрөнгийн зээлийг бууруулсан байна. Зах зээлээс эх үүсвэр татах боломж муу байсны улмаас зээлээ бага зэрэг хумьсан гэж банкуудын олонхи нь хариулсан бол төлбөр түргэн гүйцэтгэх чадвар зээлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болжээ. Түүнчлэн том банкууд барьцааны шаардлагаа чангаруулсан байхад бусад банк зээлийн үйлчилгээний шимтгэлээ нэмэгдүүлсэн байна. Ингээд зээлийн эргэлт өнгөрсөн гурван сард эрс нэмэгдсэн гэж санал асуулгад оролцсон банкуудын 33 хувь нь үзжээ. Харин эдийн засгийн салбарын ангиллаар авч үзвэл уул уурхайн салбарын зээлийн эргэлт хамгийн өндөр байсан гэж банкуудын 70 орчин хувь нь хариулсан байна.
Д.Ундрах 24tsag.mn