Дөрөв хоногийн өмнө Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Шастины нэрэмжит III эмнэлгийн баруун талд баригдаж буй барилгад бетон зуурмаг шахаж байсан кран осолдсоны улмаас ойролцоох замын гарцаар гарч явсан 12 настай хүүхдийн дээрээс нурж амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Уг хэрэгт гурван хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Тодруулбал, зуурмаг шахагч автомашины менежер Б.Баттулга, жолооч Г.Гантөмөр, туслах Б.Дашням нарыг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн байна. Тус зүйл ангид “Уул, уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг аж.
Урьдчилсан байдлаар зуурмаг шахагч автомашин хоёр талын барилгын хоорондын зай бага стандарт зөрчиж баригдсанаас үүдэлтэйгээр хоёр талын тулгуураа гүйцэд сунгаж чадалгүй шахагч хоолойгоо сунгах үеэр сул шороотой газар цөмөрч автомашин хөмөрсөн гэсэн дүгнэлт гарсан байна.
Б.Чимэг




















































