
Элэгний өвчлөл өндөр болсон энэ хүнд цаг үед Монголын Элэгний эмгэг судлалын холбоо нь Ази Номхон далайн орнуудын элэг судлалын холбоотой хамтран “Гепатит С вирус ба Ко-Инфекци” сэдэвт олон улсын бага хурлыг маргааш Улаанбаатар хотод анх удаа зохион явуулахаар болжээ.
200 гаруй эрдэмтэн судалгаа, шинжилгээ, эмчилгээ, үйлчилгээний талаар хэлэлцэх юм. Энэ нь элэгний өвчлөл дэлхий нийтэд ихээхэн анхаарал татсан асуудал болсныг харуулж байна. Хурлын үеэр мэргэжил нэгт эмч, судлаачид анагаах ухаанд шинээр нэвтэрсэн нээлт, дэвшилтэт технологи, эмчилгээний ололт амжилтаа харилцан солилцон элэгний чиглэлээр 100 гаруй сэдвээр илтгэл тавих аж.
Мөн СТӨ-нд 13.00 цагаас Япон болон Тайваны эрдэмтэд “Элэгний хорт хавдар”, “Элэгний хатуурал”, “Элэгний вируст гепатит” сэдвээр иргэдэд үнэ төлбөргүй лекц уншиж, тэдний асуултад хариулах аж. Иргэд асуултаа бичгээр өгөх ёстой юм байна. Энэ арга хэмжээ олон орны эрдэмтэн, эмч, судлаач нар хамтран ажиллах сайхан боломжийг олгож байгаагаараа манайд нүүрэлсэн элэгний өвчлөлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд ихээхэн хувь нэмэр болно гэж тэд үзэж байна. Олон улсын болон манай эмч судлаачид цаашид хамтран ажиллах сайхан боломж ийн нээгдэж байна. Манай улсын элэг судлалын салбарт нэг шинэ шат бий болж байгаа нь энэ хурал, лекцийн ач холбогдол болох учиртай хэмээн тэд онцоллоо. Манай улсаас “элэг”-ний хэмээн овоглосон эрдэмтэн, эмч, судлаачид хуралд урилгаар оролцох аж.
Б.Золбоо