Өнгөрсөн оны зургадугаар сарын 19-нд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Э гэгчийг хүчирхийлж, хоолойг боож амийг нь хөнөөгөөд, цогцсыг нь шуудайд хийн жорлондоо нуусан жигшүүрт хэрэг гарсан. Энэхүү хэрэгт “Мөнх замбала” компанийн хүргэлтийн жолоочоор ажиллаж байсан Ж.Нэргүйг сэжигтнээр татан, Цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа юм. Түүнийг маргааш буюу энэ сарын 21-нд Баянзүрх дүүргийн шүүхэд 10.00 цагаас шүүнэ. Хуралд даргалагч шүүгчээр С.Пүрэвсүрэн, шүүгдэгч Ж.Нэргүйгийн өмгөөлөгчөөр Н.Тунгалаг, Н.Эрдэнэбат, хохирогчийн өмгөөлөгчөөр Н.Сосорбарам, улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Алимаа нар оролцох юм. Ж.Нэргүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.2-т зааснаар буруутган шүүхээр болжээ. Тус зүйл ангид танхайн сэдэлтээр хүний амь хөнөөсөн бол 10-15 жилийн хорих ялаар шийтгэнэ хэмээн заасан байдаг.
Талийгаач Э нь 1988 онд төрсөн. Боловсролын их сургуулийн компьютер, англи хэлний багшийн ангийг төгсжээ. Тэрээр Нийслэлийн 79-р дунд сургуульд багшлана хэмээн төлөвлөөд байсан ч ийнхүү амиа алдсан байна. Харин сэжигтэн Ж.Нэргүйгийн аав нь УИХ-ын гишүүн асан Р.Будын ах нь аж. Тиймээс хэрэг өдий хүртэл шийдэгдээгүй хэмээн талийгаачийн ар гэрийнхэн үзэж байгаа юм байна.
Б.Чимэг


















































