"Аав зарна" гэсэн утга бүхий зар гуравдугаар сарын 1-ний өдөр зарын сонинд нийтлэгдсэн нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт хийж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин тус зар нь киноны зар байсан болохыг уран бүтээлчид нь мэдээлж, хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ ч хэлсэн.
Тэгвэл уг зартай холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар иргэдийн гомдлын дагуу хяналт, шалгалт хийжээ. Улмаар "Аав зарна" зарыг нийтэлсэн "Шуурхай зар" сониныг эрхлэн гаргадаг компани нь Зар сурталчилгааны хуулийг зөрчсөн гэж үзэж, 5,000,000 төгрөгөөр торгосон байна. Мөн тус зарыг санаачилсан, хэвлэн нийтлүүлсэн байгууллагыг үргэлжлүүлэн шалгахаар болжээ.
Б.Баатар