Хүний амьдрал баян. Хэнэггүй томоогүй зангаасаа эсвэл уур омгоо барьж дийлэлгүй зэрэг таамаглаагүй, хүсээгүй олон шалтгаанаас үүдэн хүн алдаж, эндэх нь бий. Энэ бүгдэд түлхэх бус харин ч эсрэгээрээ төр уучилж, өршөөн дахин алдахгүй байх боломжийг нь олгосноор тухайн иргэн хариуцлага, ухамсартай хүн болж төлөвшинө. Харин тухайн хүн төрийн өршөөл, уучлалыг даан, дахин алдахгүйг хичээн талархах учиртай.
Төр төмөр нүүрээ харуулдаг гэдэг. Гэвч өршөөн уучилж, гэмийг нэг удаадаа хэлтрүүлэх нь төрийн бас нэгэн энэрэнгүй чухал үүрэг юм. Энэ ч утгаараа 2021 оны долоодугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан.
Нөгөөтэйгүүр, Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргахад дараах хоёр хүчин зүйл нөлөөлсөн юм. Тодруулбал, Манай улсад төдийгүй дэлхий дахинд коронавирусний халдвар цар тахлын хэмжээнд хүрч, олон мянган хүн халдварын улмаас амь насаа алдаад байгаа. Тиймээс ч 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дархлалын Олдмол Хомсдол /ДОХ/-ын Нэгдсэн Хөтөлбөр, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газраас гаргасан “Хорих анги болон бусад хаалттай орчин дахь Ковид-19” хамтарсан мэдэгдэлд, төр, засгийн зүгээс эрх чөлөө хасах, цагдан хорих явдлыг аль болох хязгаарлах, нэн ялангуяа хэт их ачаалалтай хорих байгууллагуудад хоригдож буй хоригдлын тоог бууруулах, хорих ялаас өөр төрлийн арга хэмжээ авах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг уриалсан.
Мөн Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргасан гэдгийг хууль санаачлагчид онцолсон билээ.
Энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуульд олон нийт ам сайтай байгаа.
Учир нь, Өршөөл үзүүлэх тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн, хүчирхийллийн болон халдашгүй байдлын болон хүүхдийн эсрэг гэмт хэргийг өршөөлд хамруулаагүй.
Мөн ФАТФ-аас Монгол Улсыг “Саарал” жагсаалтад оруулсантай холбогдуулан Европын Холбооны хар жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулж байсныг харгалзан эдийн засгийн эсрэг аливаа гэмт хэрэг, өмнө нь Өршөөлийн хуульд хамрагдсан боловч дахин санаатай гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлсэн этгээдийг энэ удаагийн Өршөөлийн тухай хуульд хамруулаагүй юм.
Түүнчлэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж болох гэмт хэргүүдийн тухайд суллах бус харин зорчих эрхийг хязгаарлах ялаар солин тэдгээрийг нийгэмдээ хөлөө олон ажил хөдөлмөр эрхлэх, учруулсан хохирлоо нөхөн төлөх боломжийг олгосон нь өмнөх хуулиудаас ялгаатай, онцлог байлаа.
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр нийт хоригдлын 16.7 орчим хувийг өршөөлд хамааруулахаар заасан байв. Харин Улсын Их Хурлаас алдаж, эндсэн иргэддээ боломж олгох нь зүйтэй хэмээн үзэж, 1841 хоригдлыг буюу нийт 46 хувийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулахаар шийдвэрлэсэн нь талархууштай хэрэг байв.
Энэ дагуу 142 хүнийг шууд суллаж, 184 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасаж, 1128 ялтны хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон юм.
Төр иргэддээ ийнхүү боломж олгож, олон айлыг элэг бүтэн амьдрах гэрэл гэгээ, итгэл хайрлав. Гагцхүү одоо тэдгээр иргэд төрийн хайр ивээлийг хүртсэн шигээ хүндлэл итгэлийг нь алдахгүй байх нь чухал юм. Энэ нь нэг талаар иргэний үүрэг, нөгөө талаар дахин өршөөл үзүүлэх тухай хууль "төрж", бусдад боломж олгох гарц байх нь дамжиггүй юм.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)