/Зөвхөн 2020 оны баримт түшин өгүүлэхэд/
Түлхүүр үг: Ардын аман билиг, сэтгүүл зүйн хэл, нийгмийн сүлжээнд зөв сайхан бичих, монгол хэлний яруу хэрэглүүр, түүнийг хэрэглээнд оруулах
Энэхүү өгүүллээ дэлхий нийтийг цочроосон цар тахлын үед МУИС-ийн ерөнхий суурийн “Илтгэх урлаг” хичээл судалж байгаа оюутнууд цахимаар хийсэн даалгавраас сонгон танилцуулж байна. Мөн Хэнтий, Багануурын чиглэлд өнгөрсөн зун явсан хээрийн шинжилгээнээс цөөхөн баримт орууллаа. Оюутнууд ихэвчлэн 2019 оны элсэгчид бүүр тодрүүлбал нэгдүгээр курсийн суралцагчид билээ. Нэгэн оюутны захидлаар эхэлье. Түүний нэрийг Э.Уранбилэг гэдэг.
Сайн байна уу багшаа. Таньд энэ өдрийн мэнд хүргэе!
Таны илгээсэн “Ардын дүрслэлийн хэл-5” бюу “По” багшийн үгийн эрчим лекцийг уншаад эх хэлнийхээ баялаг, жирийн монгол ардынхаа цэцэн цэлмэг уран яруу сайхныг гайхан бахдаж суулаа. Энэ дашрамд хэлэхэд багш таны оролцсон Монголын үндэсний радио телевизийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлгийг үзсэнээр эл хичээлийг улам ойлгож Монголчууд бид үгийн цаана үг дайдаг гэсэн учрыг илүү тунгааж авсандаа талархаж байна.
Миний өвөө Ховд аймгийн Чандмань сумын харьяа сайхан буурай байсан юм. Амьд ахуйд нь энэ хичээлээ судалсан бол өвөөгөөсөө олон зүйлийг сонсох байсан биз ээ. Гэвч миний бие буурлуудын үгийг сонссон ч ойлгож ухахааргүй балчир байсан тул одоо буурлуудын дурсамжаас үлдсэн яриаг ухаж төнхөн өөрийн ураг садны угийн бичээс номоо эргүүлж тойруулан сууна. Багш таны даалгавар урьд өмнө ном сонинд нийтлэгдэж байгаагүй зүйл олох байсан боловч зөвхөн бидний ургийн ном учраас олон хүнд хүрээгүй гэдэгт итгэлтэй байна.
Миний өвөө Г.Түдэв тун төвөггүй ан хийдэг сайн анчин хүн байсан гэдэг. Өвөөгөөс антай явав уу гэж асуувал, “Хараа хоосонгүй, ханын толгой зэврээсэнгүй явлаа” гэж хариулдаг байсан гэдэг.
Ховд аймгийн Чандмань сумын бидний нагац болох Дамбадаржаа буюу олны авгайлдагаар Дамаажий гэж хөгшин байжээ. Нэг хавар туранхай морь хөтөлсөн явахад нь хөтөлгөө морио зарах уу гэж асуухад нь,
-Өдийд зарах ч өгч авч байгаадаа урамгүй дээ. Гэхдээ ярьж болно гэжээ. Тэгээд хөгшин хүнд хөөрхөнгүй, туранхай малд сайхангүй дээ. Таргалчих юм бол сайхан амьтан даа гэсэн гэдэг.
Б.Дашзэвэг гэдэг 1933 онд ааваа 53 настайд, ээжийгээ 43 настайд мэндэлжээ. Үеийнхнээсээ давжаа биетэй хүүгээ шагайгаар тоглож байхыг харсан аав нь “Хөгшин хүний хүүхдийн сүүдэр сиймхий” гэдэг л энэ хэнз банди байхдаа гэсэн гэдэг.
Оюутан Э.Уранбилэгийн ирүүлсэн гурван үгэнд монгол бэлгэдэл, ёс заншил нэвт шингэж, малчдын малаа хайрлах ухаан, хүүхдээ өхөөрдөх үгийг ончтой мэргэн олж хэлж байгаа нь харагдаж байна.
Баруун хязгаараас оюутан Т.Алимаа сонгуулийн жил байсан болохоор тэгсэн үү, дээшээ хандсан үг нэлээд ирүүлжээ. Увс аймгийн Ховд сумын иргэн Ө.Алгаа “Тэгнэ гэсэн дарга нар тэр үгэндээ хүрдэггүй, тэгс тэгс гэсэн морь тэр өдрийн явдал даадаггүй” гэж хэлжээ. Мөн сумын иргэн С. Лхагвасүрэн “Мэдлэггүй дарга хүн загнах нь их мэргэжилгүй жолооч хээр хонох нь их” гэсэн бол иргэн А.Насанжаргал “Шүд нь шүүр болж шүлс цулбуур боллоо” гэж хэлжээ. Өмнөх цувралд “нүд гэж нүх, шүд гэж шүр боллоо”[1] гэж хэлж байсан. Улаан буйл болсныг ийнхүү егөөдөж хэлсэн байдаг. Баян-Өлгий аймгийн казак үндэстнүүд морь услахдаа хэлдэг зүйр үг “Аав чинь үхсэн байсан ч амгаатай нь морио битгий усал” гэж хэлдэг ажээ. Эсрэгээр нь хэлдэг ч ёс бий. Хайртай морио хазаартай нь усал, хайртай дотно хүндээ хамаг юмаа битгий ярь гэдгийг ахмад багш 82 настай улаан хуулар овогт Л.Чулуун хуучилсан юм.
Оюун ухааныг дээдэлсэн нэгэн насны амьдралдаа өвөг дээдсийн захисан хэлсэн сургаал номлол, үг гэрээсийг даган зөв дууриалтай явахын учир утгыг шингээсэн үгсийг оюутан Л.Хонгорзул, Ц.Хүслэн, Т.Болормаа, Д.Дашдулам нар олж ирүүлсэн юм. Манай нутагт ашигч сонжооч хүнийг “Аарцыг уугаад аягыг нь голчихдог хүн байгаа юм” /Л.Хонгорзул/ гэж ярьдаг. Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэдэгтэй адил дотор нь бойжиж дороос нь уначихаад эвийлүүлж хайрлуулж өсчихөөд аав ээжийгээ тоодоггүй сэхүүн тэнэг залуус элбэг байдаг. Үр хүүхдээ зэмлэхдээ “Малгай толгой хоёр нь адилхан болчихсон юм” /Л.Хонгорзул/ гэдэг. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг хэмээн монголчууд хүнийг удам судраар нь шинждэг. Тиймээс “Уг муутыг усан дотроос түймэр авна” /Ц.Хүслэн/ “Ус хэдий ширүүн ч эргээ дагаж урсана, уул хэдий хатуу ч салхиа дагаж бөхөлзөнө” /Т.Болормаа/ гэсэн үгс нь ямар ч хүнийг танихдаа удмыг нь харах хэрэгтэй, учир нь хүн удмын улбаа, үргэлжлэл байдаг гэсэн санаа юм.
Орчин цагийн өнгө аяс, техник технологийн хөгжлийг хүртэл өөрсдийн аман билэгтээ оруулсан жишээ элбэг болжээ. Цахим ертөнцөөр аялах, нийгмийн сүлжээнд оролцох, ном унших, суралцах үйлийг хүртэл оруулан “Амьдрал гэдэг нь шалгалт, алдаж онох нь дүн, алхам бүр нь асуулт, алс ирээдүй нь хариу байж” хэмээн аавынх нь найз хөлчүүрхэн хэлж байсан хэмээн оюутан Ц.Хүслэн, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат өндөр настан Ж.Пагамжав эмээ зээ хүүдээ нэгэн үлгэр дутуу ярьж өгчихөөд, эмээ тэгээд яасан гээд шалаад байхад нь “Үг бүрийг шимтэн уншваас ном уншсаны хэрэг тэр, үйл явдлыг нэхэн уншваас сэтгэл баясгахаас цаашгүй” гэж хэлээд маргаадар нь нэгэн үлгэрийн ном өгсөн гэдэг хэмээн Т.Болормаа бичжээ.
Залхуу хойрго, унхиагүй дорой байдлыг ямар ч хүн үздэггүй. Яст мэлхий адил хөдөлж цөхсөн, эмгэн хумс шиг этийсэн, хулгана залгисан могой шиг хөдөлгөөнгүй, дутуу алсан амьтан шиг гөлийгөөд гэх мэтээр унтаа нойрмог хүүхэд багачуудаа монголчууд зэмлэдэг. Энэ зун Хэнтий аймгийн Чингисхаан хотод ерөөлч Доржсамбуугийн Ганчөдөртэй уулзахад /2020.07.04/ ээжийнхээ хэлдэг “Гурван есийн хүйтэнд ялаа дүнгэнэсэн гэрт хананд хөлөө тэвхдээд тэсгийтлээ идээд, тэрийтлээ хэвтээд...” гэж загнадаг байсан хэмээн ярьсан бол оюутан Д.Дашдулам Булган аймгийн Рашаант сумын 47 настай Ё.Дашдорж /2020.03.11/-ийн хэлсэн “Ярих нь сарнаар байж, явах нь нарнаар болох” Өвөрхангай аймгийн Бүрд сумын 56 настай Г.Эрдэнэбат / 2020.03.12/-аас "Нойрмог хүний ажил нохой ногоо зулгаах мэт“ гэсэн сайхан үгсийг олсон байна. Ийм сайхан ончтой аман билигт тайлбар бичих нь илүүц.
МУСГЗ, зохиолч, сэтгүүлч До.Цэнджав “Өвгөд дээдсийн үгийн нүдийг олж хэлдэг энэ гайхамшиг бүр "Монголын нууц товчооны" мөр бүрээс илэрхий мэдэгдэж, мэдрэгддэг. Энэхүү дэлхийд монголчуудын нүүрийг тахалж, бишрүүлсээр ирсэн агуу бүтээлийн өмнө дор хаяж 10 ийм "Нууц товчоо" шиг бүтээлийг хийсэн байж таарна. "Үндэс байж мод ургадаг, угшил байж мэргэд төрдөг" хов хоосон орон зайд ийм сор бүтээл гарах боломжгүй. XIX зуунд Монгол нутгаар явж өнгөрсөн өрнөдийн эрдэмтний тэмдэглэлд "Монголчууд эрдэмтэн шиг ярьдаг" гэсэн баярламаар үг үлджээ”[2] гэж нэгэн сонинд бичсэн тэмдэглэлдээ дурджээ.
Оюутнууд олон хүнтэй уулзаж нийгмийн харилцаанд тэр бүрий орж чадаагүй байдаг болохоор ойр дотны тэр тусмаа эмээ, өвөө, аав ээжийнхээ үгийн “авдар” уудалдаг. Түүнийг нь ч бид сайшаадаг. Оюутан Б.Ариунцэцэг өвөө Дагдандоржийнхоо хүүхдүүддээ хэлдэг “Нэгэн тэмээний хорголд мянган тэмээ халтирдаг” муу үйл хийвэл үр удмаараа муу нэртэй болно гэсэн санаатай аман билгийн үг олсон байна. Монгол ардын аман зохиолд “Нэг үхрийн эвэр дэлсвэл мянган үхрийн эвэр доргино” гэдэг санааны хувилбар юм. Оюутан Х.Өүлэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд байдаг эмээгээсээ ардын дүрслэлийн хэлний жишээ асуухад,
-Манай суманд тийм хэлэмгий доломгой хүн байсныг дуулаагүй ч олны дунд үг цөөтэй ч хэлсэн ганц нэг үг нь ороолгох шиг болдог нэг сүрхий чавганц байсан юм. Түүнийг Сүрэн гэдэг. Тэднийх манайх нэг зун хоёр гэрээрээ зуссан юм. Нэг удаа хонь гаргаад айлдаа хүртээх гээд тэднийд очтол том ач нь унтаж байна. “Манайх хонь гаргаад, ижий энийг өгүүллээ” гэхэд унтаж байсан хүү нь сэрүүн байсан уу, бүү мэд ярдаглаад өндийгөөд ирэв. Тэгээд надтай мэнд мэдчихээд махруу зүтгэхэд эмээ нь “Хмм, мах гэхэд өндөлзөж, мал гэхэд хойрголодог нь хаанахын ёс вэ. Хоол гэхэд сэргэж, хонь гэхэд намсдаг нь хэнийгээ дуурайгаа вэ чи, түрүүнээс хойш дуудахад сэрэхгүй мөртөө түмпэнтэй мах үнэртээд босч, саянаас хойш үглэхэд дуулахгүй атлаа савтай мах үнэртэж сэрдэг сүрхий эд ээ!” гэж ачийгаа аашилж билээ. Тэгэхэд өнөө ач нь үг дуугүй гараад явсан юм даа гэж ярьжээ. Сураар биш үгээр ороолгодог ийм сайхан буурлууд өсгөсөн болохоор ардын хүүхдүүд ажилсаг гавшгай болдог аж.
Ийм бахармаар сайхан ярьдаг өвөг дээдсийн удам байж хэлний өчүүхэн чамирхлаар өөрсдийнхөө сэтгэлгээг ядууруулж байх ч гэж. Гадаад далайн чанад явж, галбарсваан модны үр жимсээр хооллосон цүдгэр цодгор харчууд, гэдгэр годгор охид, хүүхнүүд маань “аягүй, аймаар, лаг” гурваас өөр тодотголгүй, “ок, лайк, гүүд” гурваас өөр сэтгэл хөдлөлгүй болж байгаа нь юутай харамсал[3] .
Хүнийг ичээнэ, үгээр сэтгэлд нь үлдэнэ гэдэг амаргүй. Уран, хошин хэлж гэмээнэ үлддэг. Эсвэл хүний хоржоонтой үйлдэл, санаанд мартагдашгүй адал явдал өнө удаан дурсагдан, домог мэт ардын яриан дунд оршсоор байдаг. Багануурын орчим Гүн галуутайд насаараа нутаглаж байгаа, аймгийн арслан Б.Даваадорж /2020.07.05/ наадмын бэлтгэлд гараад бөхийн гал дээр байхад нь МУИС-ийн төгсөгч, утга зохиолын магистр, аймгийн начин шавь Н.Анхбаярынхаа тусламжтай уулзлаа. Тэрбээр, залуудаа улаан хөлтийг урдаараа гаргадаггүй анчин байснаа ч нуусангүй. Одоогийн залуус “Та бидэнд тарвага үлдээхгүй, яагаад бүгдийг дуусгасан юм” гэхэд нь “сав” хоосон буцаахгүй “Та нар тарвага битгий хэл, талыг маань ухаад дуусч байна. Хэрэг тооцох юм бол хэн маань жин дарах бол. Бид хэрэг хийгээгүй. Харин хэрэгт холбогдсон гэх байх” гээд инээлээ. Наадам ойртож байсан болохоор бөхчүүдийн болон говь нутгийн сайн эр Цөмөө гэгчийн тухай хууч дэлгэв. Монгол Улсын хүчит арслан Дэмүүлээс нэгэн залуу бөх “Яаж барилдах вэ?” гэж зөвлөгөө авахаар очиход “Сайн сага” гэж хэлсэн гэнэ. Хүн өөртөө итгэж бардамнахгүй, айж хулчигнаад байвал бяр хүч ордоггүй аж. Нээрээ ч Дэмүүл гуай өөрөө их аатай барилддаг “Дэнж нь түвшин байвал Дэмүүл өнхөртөл өдий” гэж хэлдэг, говь нутгийн нэгэн сайхан бөх байсныг наадамчин олон андахгүй. Нас нь харьсан хойно нэгэн сэтгүүлч ярилцлага авах далимдаа “Таны гэдэс дэндүү том юм. Дотор нь юу байдаг бол” гэсэн чинь Дэмүүл арслан “Аа чи миний гэдэс асууж байна уу. Миний гэдсэнд тарган хонины мах, таанын айраг таг чихээстэй байгаа. Та нар ийм гэдэстэй бол барилдах нь битгий хэл, бааж чадахгүй” гээд амыг нь тагласан гэдэг.
Нутаг нутагт аман домог болсон хууч ярианы бай “баатар” гэмээр элдэвтэй, хэл амтай, адтай хүмүүс мэр сэр байдаг. Говь нутгийн Цөмөө гэж “сайн” эр тэдний нэг. Айлын дэл сул юмыг аваад гарахаас сийхгүй, охид хүүхнүүдийг оролдох, татаж чангаахаас буцахгүй тэр эр нэлээд сүүлд нийслэлд долоон буудал орчимд айлд иржээ. Өглөө гадаалан морь харахаар явж байтал хажуу айлын охин “Ахаа та бие засах гэж байгаа юм уу” гэхэд “Чи яах нь вэ?” гэв. Охин “Наадах чинь муу усны нүх, жорлон тэр байна” гэхэд нь “Ахын чинь асгах гэж байгаа ус ч нэг их сайн ус биш ээ” гэж хэлсэн гэдэг. Бас говь нутгийн нэгэн айлд Цөмөө ирж хоножээ. Тэднийх насанд хүрч байгаа охинтой айл юмсанж. Цөмөөг зүүн орон дээр амруулаад охиноо баруун орон дээрээ унтуулж аав ээж хоёр нь хоймороор дэвсгэрээ засахдаа сонор сэрэмжтэй байхыг сэм шивнэлджээ. Шөнө дунд авдарны цоож тожигноод явчихаж. Гэрийн эзэн сэрж,
-Цөмөө яаж байна гэвэл,
-Ам цангаад гэж.
-Ам цангахаар яагаад цоож дуугардаг юм?
-Аяга хайгаад...
-Аягаар яах вэ, данхтай хүйтэн цай тулганы ард байна.
-Ариун цэвэрт яаж тохирох вэ?. Ингэж ярилцаад хэсэг чимээгүй болж. Түүнээс хойш нэг их удалгүй баруун орон дээр унтаж байгаа охин нь,
-Ээж ээ, Цөмөө гуай гэж хашгирав. Цөмөө “Яачихаав, суниаж байхад...” гэж дуугарчээ.
Энэ мэт наргиан хөгжөөнтэй яриа оюутны цахим богцноос бас олон гарлаа. Говь-Алтай аймгийн Цээл сумаас Э.Бямбасүрэн хамаатан, төрөл, саднаараа цуглах тоолондоо хөөрөлддөг хөгжилтэй ярианаасаа хэд хэдийг ирүүлсэн юм. Гучаад жилийн өмнө манай нутгийнхны хувьд өвлийн идэш хийх нь нүсэр ажил байжээ. Ганц айл хэдий ч манайх бод бог нийлсэн арав гаруй мал гаргадаг байсан гэнэ. 1992 оны нэгэн өвлийн эхэн сард идэш хийх үер ээж гэдсээ арилгаж дуусгаад дүүдээ хандан “Энэ муу сархинагийг /зарим нутгийнхан салбант сархинаг гэдэг/ гадаа байгаа цувдайд хийчихээд ир’’ гэхэд нагац эгч Юмжирдулам “Тэр хэдэн цувдай чинь хаалгаа дотроосоо түгжчихээд тайлж өгөхгүй байна билээ. Би түрүүн хаалгыг нь баахан нүдсэн. Одоо ч бүүр сайн түгжээд авсан байх аа” гэж хошигножээ. 2000-аад онд бидний Адай хэмээн авгайлдаг наян настай эмээ /жинхэнэ нэрийг нь Шоовдор гэдэг/ хөлдүү махтай ноцолдож байхад, гэрт нь суудаг оюутан хөдлөхгүй байсанд “Миний хөлдүү мах зулгаах, чиний орон дээр завилж суух хоёр яг зохиж байгаа биз” гэжээ. 1980-аад оны үед Говь-Алтай аймгийн Цээл сумд суудаг Сандаг хэмээх хөгшний хорь хүрч буй ганц охиныг дөч нэлээд гарсан нэгэн эр эргүүлээд байсанд эцэг нь улс амьтны нүдэн дээр “Явах дуртай хөлгүй, ярих дуртай хэлгүй” хэмээн хэлж охиноосоо холдуулж байжээ. Энэ Сандаг өвөө бол аавын маань холын хамаатан юм. Энэ хулгана жилийн цагаан сараар Говь-Алтай аймгийн төвд авга ахындаа золгохоор айлчилж байхад авга ах Жигмэд /62 настай/ ээжтэйгээ гар утас булаалдаж буй зээгээ хараад “Маний үед боорцог байвал л баярлаад гүйдэг байсан. Тануусын үед утас байвал л баярлаад гүйдэг болж дээ” хэмээсэн билээ.
Ардынхаа аман билигт дуртай, хайртай олон оюутан байгаа нь сэтгүүл зүй, утга зохиолыг хэлийг энэ ундаргаар баяжуулах найдлага төрж байна. Оюутан С.Мэргэн “Энэ даалгаврыг хийж гүйцэтгэхээр явуулсан багшдаа их талархаж байна. Өмнө нь энд, тэндгүй явж нутаг нутгийн олон хүнтэй уулзаж танилцаж, ам хөөрч явахдаа ам дамжин үлдсэн яриа, ардын дүрслэлийн хэлүүдийг их сонсож тайлбарлуулж гайхан биширч, сонороо баясгаж явснаас ийм өвөрмөц сайхан яриа, сайхан хэллэгүүд яаж үлдсэн юм болоо гэсэн нэгдсэн том ойлголт байдаг гэж бодохын сөхөөгүй явсан юм. Харин энэ даалгаврыг авч мөн багш таны илгээсэн файлтай танилцсанаар гайхамшигтай нэгэн соёлыг мэдэж авлаа” гээд доорхи хэдэн жишээг ирүүлсэн юм.
Миний хар багын найзыг Бадамсэрээжид гэдэг. Бид дуудахдаа Сээгий гэнэ. Тэр найз минь элдэв газар хүнтэй ярьж хөөрөхдөө дуртай, ямар ч хүнд бодол санаагаа илэрхийлж өөрийгөө ойлгуулахдаа тун сайн нэгэн билээ. Одоогоос дөрөв, таван жилийн өмнө зуны орой найзтайгаа ам халан байгалийн сайхныг ярин суух зуур найз маань өөрийнхөө өссөн нутгийн талаар ярьсан юм. Уг яриандаа тэрээр “Эрээн үүлс тэнгэрт удаан хоноглоод эрэг усандаа нуртлаа хүрвэл Сөгнөрөгийн голд шумбасан хэн гуай ч сөхөрч өвдөглөн гуйвч ирэхгүй” хэмээн хэлж байсныг санаж байна. Энэ үгний утгыг асуутал Сөгнөрөг гэдэг газар бол байгаль нь онгон дагшинаараа үлдсэн яг л зурсан зураг мэт үзэмж сайхан, тэрийгээ дагаад ч тэр үү их том уул усны савдагтай догшин газар байдаг. Байгалийг хайрлахгүй, гол усанд хамаагүй орвол хүний амьтай л ярьдаг газар даа гэж хэлж байсныг санаж байна. Завхан аймаг Их-Уул суманд ганц бие айхтар сайхан бядтай, хөвч хангай мэт өтгөн хөмсөг нүд болсон гарын дүүтэй залуу аав ээж хоёртойгоо суудаг юм. Аавынх найз их шооч өвгөн Лувсан гэгч нэгэн өдөр аавтай нь айрагдах гээд их л оройхон заларч явсан гэнэ. Нэлээд ууж гуншаад согтоод ирэхдээ хүүг нь догион ярихдаа “Хутга цүүцны иш тогтоохгүй, хөөрхөн хүүхний энгэр тогтохгүй хүү байна, яаая даа байз” хэмээн хүү рүү нь хандан сахлаа имэрсэн гэдэг. Угтаа уг залуу эрийн хувьд ханхар сайхан, царай зүс зөвтэй нутагтаа л уран Донш гэдгээрээ алдартай юм. Нэг гэм нь олон охид хүүхэнтэй нэр холбогдоод байсан аж.
Монголчууд малынхаа бэлчээрт орчлон ертөнцийн адал явдлыг хэдэнтээ бясалган боддог гүн ухаанч ард түмэн гэдгийг оюутнуудын ирүүлсэн жишээнээс ч харагдаж байна. Суралцагч Э.Хан-Оргил өөрийн гаргасан өчүүхэн амжилтандаа бардаж цээжээ дэлдэж буй залууст илүү их хичээвэл цаашаа улам том оргил бий шүү гэдгийг хэлж ойлгуулах утгатай “Оргил толгод хоёрыг ялгах ухаантай байх хэрэгтэй”, хүн юу ч үгүй хоосон хоцорсон үедээ л өөрт нь юу байсныг хожим ухаарч, үхэх үедээ хэн байгаад хэн болсон гэдгээ олж хардаг. Тийм учир өөртөө үргэлж дүгнэлт хийж, байгаа юмандаа сэтгэл хангалуун байж хичээх хэрэгтэйг илэрхийлсэн “Үгүйрэхийн цагт байснаа бодож, үхэхийн цагт өөрийгөө олдог юм” гэсэн сэрдхиймээр, бодууштай уран хэллэг ирүүлсэн бол оюутан Т.Шинэцэцэг “Баян хүний гараас юм авах барсын амнаас мах авахтай адил”, “Сүүгүй хонь холбоонд дуртай, сүжиггүй лам хуралд дуртай” гэсэн үгсийг ирүүлэхдээ “Манай арван жилийн ангид үнэхээр их мэдэгч хүүхэд байдаг байсан. Багшийн өмнүүр орж ярих болгонд багш энэ үгийг хэлдэг байж билээ” гэсэн тайлбар дагалдуулжээ. Одмаа хотод төрж өссөн хэдий ч Хөвсгөл аймгийн уугуул, 50 шахам настай авга эгч Мягмар /2019.12.27/-ынхаа өөрийг нь зэмлэхдээ хэлсэн “Бүргэдэд хүртэл болжмороос үргэн дэрхийх үе бий шүү” гэж хэлсэн үгийг илгээсэн байна. “Харин тухайн үед би энэхүү үгийн утгыг тийм ч сайн ойлгоогүй, харин сүүлд үгчилж хайхад зэмлэж байсан шалтгаантай нь санаа дүйж их сайхан санагдсан юм” гэж бичжээ.
Говь-Алтай аймгаас Н.Сэндэнханд тус аймгийн Халиун сумын Чацран багийн харьяа Бямбын Ёндонжамц нагацынхаа хэлсэн үгийг явуулсан байна. “Нагац маань бэлэн цэцэн үгтэй хүн байж билээ. Томчуудын яриаг сонсоод сууж байтал хэн нэг нь нагацаас чимээгүй байхыг хүсэж л дээ. Хариуд нь нагац маань
Зоосон чинээ нүхээр
Зоргоороо ярь гэж заяасан
Битгий ярь гэсэн
Бичиг надад байхгүй тэр хүнийг таг болгож байсан юм” гэж бичжээ.
Дэлхий дахинд айдас түгшүүр авчирсан титэмт вирус /корона/ өвчний талаар монголчууд юу ярьж байсныг оюутан Э.Маралмаа онцолсон байна. Энэ жилийн цагаан сараар нэгэн халамцуу эр мэнд амар мэдэлцсэний дараа сонин сайхан юутай байна гэж гэрийн эзнээс дахин дахин асуухад нь жаахан түвэгшээсэн шинжтэй “тоосгүй ирсэн дайсны утаагүй дэгдээсэн түймрийг унтраах гэж усгүй оволзсон үерийг хорих гэж хол ойргүй хөл хорьсон давчуу хэцүүг л сонин гэхгүй юм бол өөр юу ч алгаа, айл аймгаа хамгаал, амь насаа бөөцийлж харьж амар даа” гээд хэлэх үггүй болгожээ. Гэтэл манай сэтгүүлчид ингэж бичсэн нь хэр олон байгаа болоо.
Сэтгүүл зүйн нийтлэл уран сайхны олон төрөлд /эссе, фельеотон, тэмдэглэл, найруулал, уран нийтлэл, улс төрийн шог гэх мэт/ ард олныхоо баялаг аман билгээс байнга хэрэглэж, нийгмийн сүлжээнд болон бусад тохиолдолд хазгай буруу бичдэг хэлдэг үгсийг эзэн, баримттай хайр найргүй шүүмжилж хэлнийхээ дархан байдлын “байлдагчийн” үүргээ биелүүлж баймаар байна. Эх хэлээ эрхэмлэх нийгэмлэг, ШУА хамтран олон нийтийн хэлний боловсролд зориулсан улирал тутмын “Эх хэл, бичиг” сэтгүүлийн дуран буландаа “Хүүхдийн арьсан гутал”, “Үхрийн гараар татсан мах”[4], “Бөгсөөрөө орсон бандгар бенз задалж зарна”[5], “Уулын болон гүйлтийн дэлгүүр нээгдлээ”[6] зэрэг ичмээр үгсийг хаяг шошготой нь зориуд нийтэлж байгааг сэтгүүлчид өлгөн авч “чимхэж”, ардын сайхан хэлний жишээг хэлсэн ярьсан эзэнтэй нь түгээн дэлгэрүүлж байвал алдаатай, эндүүтэй хэллэг үгс аяндаа засран сайжрах нь гарцаагүй.
Төгсгөлд нь өгүүлэхэд, хэдийгээр дэлхий даяар хижиг өвчин тархсан хүнд хэцүү хавар байсан ч оюутнууд даалгавраа сайн гүйцэтгэсэн нь харагдаж байна. Ялангуяа орон нутагтаа, нэг үгээр хэлбэл ардын дүрслэлийн хэлийг хүүрнэх эх сурвалжтайгаа ойр хамт байгаа оюутнууд илүү сайхан жишээ ирүүлсэн юм. Энэ үйлсийг сэтгүүлчид маань дэмжиж улс орон даяар сайхан хэлц, хэллэгийн жишээ баримтын уралдаан зарласан ч болох юм. Ингэж ардынхаа хэлнээс суралцаж байнгын хэрэглээнд оруулан хэрэглэвэл сэтгүүлч, нийтлэлч, зохиолчдын хэл шинэ зууныхаа эрэлт хэрэгцээнд нийцэх нь лавтай.
Ишлэл
[1] “Ардын дүрслэлийн хэл-5” буюу По багшийн үгийн эрчим” МУБИС Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл 2017., 55 дугаар тал
2 До. Цэнджав “Нүүдэлчин Монголын үгийн ухаан” Нээлттэй хаалга /Open door/ сонин 2017 № 46 /176/
3 “Ардын дүрслэлийн хэл-5” буюу По багшийн үгийн эрчим” МУБИС Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл 2017., 57 дугаар тал
4 “Эх хэл, бичиг” 2014 № 04 /08/ 69 дүгээр тал
5 Мөн сэтгүүл 2015 № 04 /12/ 93 дугаар тал
6 Мөн сэтгүүл 2019 № 04 /28/ 51 дүгээр тал
Ашигласан бүтээлийн жагсаалт
- До. Цэнджав “Нүүдэлчин Монголын үгийн ухаан” Нээлттэй хаалга /Open door/ сонин 2017 № 46 /176/
- “Ардын дүрслэлийн хэл-5” буюу “По” багшийн үгийн эрчим МУБИС, Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл 2017
- “Эх хэл, бичиг” сэтгүүл 2014, 2015, 2019 оны зарим дугаарууд
[1] “Ардын дүрслэлийн хэл-5” буюу По багшийн үгийн эрчим” МУБИС Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл 2017., 55 дугаар тал
[2] До. Цэнджав “Нүүдэлчин Монголын үгийн ухаан” Нээлттэй хаалга /Open door/ сонин 2017 № 46 /176/
[3] “Ардын дүрслэлийн хэл-5” буюу По багшийн үгийн эрчим” МУБИС Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл 2017., 57 дугаар тал
[4] “Эх хэл, бичиг” 2014 № 04 /08/ 69 дүгээр тал
[5] Мөн сэтгүүл 2015 № 04 /12/ 93 дугаар тал
[6] Мөн сэтгүүл 2019 № 04 /28/ 51 дүгээр тал