Улс төрийн намууд “Олон намын тогтолцоо-30 жил” хуралдаан зохион байгуулах, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд санал хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалт хэлсэн үгэндээ “Бид 2022 оныг эв нэгдлийг жил болгоё гэж уриалж байгаа. Олон намын тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд улстөрийн намууд нэгдэж, ирэх сарын 13-ны өдөр “Олон намын тогтолцоо-30” сэдэвт хуралдаан зохион байгуулна. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж, Үндсэн хууль болон нийгмийн олон талт хэсгүүдийг зөвшилцөлд хүргэх, эв нэгдэлтэй байлгах тал дээр идэвхи санаачлагатай ажиллаач гэж Ардчилсан үндсэн хуулийн баярын өдөр бол ард түмний баяр байх ёстой гэж үзэж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд гаргасан алдаа дутагдал, ололт амжилтаа дүгнэх ёстой. Улстөрийн намуудын тэгш оролцоог хангахыг уриалж, УИХ-д суудалтай гурван нам, иргэний хөдөлгөөнийхөн “Олон намын тогтолцоо-30 жил” хуралдаанд оролцохыг хүсэж байна. 30 жилийн хугацаанд мөрөөдөж байсан нийгэмээ байгуулж чадсан уу гэдэгт дүн шинжилгээ хийх бодит цаг нь болсон" хэмээн онцлов.
Б.Жаргал