Орон сууц нийтийн аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Монголын орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга, тус газрын ахмадын хорооны дарга Ш.Содномцэрэнгийн хөдөлмөрийг өндрөөр үнэлж нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ. Ш.Содномцэрэн нь дулааны инженер мэргэжилтэй бөгөөд улсад 51 жил, орон сууц нийтийн аж ахуйн салбарт 41 жил ажилласан нэгэн. Тэрээр 1981 онд Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар Зааварлагчаар анх ажилд оржээ. Ажиллаж байх хугацаандаа Инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангах, орон сууцны гадна, дотор инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг шуурхай болгох, техникийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ээлжийн инженерийн хяналтын системийг боловсронгуй болгосон юм.