Нийслэл Улаанбаатар хотод 100 гаруй жилийн насжилттай 25 түүхэн дурсгалт барилга байдаг. Түүний нэг нь Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг, 21 дүгээр сургуулийн зүүн хойд талд байх “Гоожингийн өндөр”. Богд хаант тусгаар Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн анх 1914 онд бариулж байсан “Гоожингийн өндөр” хэмээх барилга олноо өргөгдсөн оны үед Сангийн яамны мэдэлд очин, тус яамны сургагч Козин ажиллаж амьдарч байжээ.
Козин хэмээх нэрийг монголчилж “Гоожин” гэж дуудах болсноор уг барилга “Гоожингийн өндөр” гэж нэрлэгдэх болжээ. Энэхүү түүхэн барилгад Ерөнхий сайд Т.Намнансүрэн амьдарч байсан, Богд Жавзандамба 50 гаруй хоног хоригдсон, Д.Сүхбаатар жанжны үсэг өрөгч амьдарч байсан гэдэг билээ.
Хамгийн сүүлд “Гоожийнгийн өндөр”-ийг Санхүү, эдийн засгийн сургуулийн ажилчдын байраар ашиглаж байсан бөгөөд 2008 онд Б.Мөнх-Эрдэнэ гэх иргэн худалдаж авсан байдаг юм. Энэхүү барилгыг 1991 онд “Нийслэлийн өмчид шилжүүлсүгэй” гэсэн Санхүү, эдийн засгийн сургуулийн захирлын тушаал байдаг ч тухайн үеийн нийслэлийн удирдлагууд өмчөөр бүртгэж аваагүйгээс түүхэн дурснгалт “Гоожингийн өндөр” хувь хүний өмч болжээ. “Гоожингийн өндөр” барилга нийт 470 метр квадрат хэмжээтэй газартай. Уг барилгын өмчлөгч Б.Мөнх-Эрдэнийн хувьд уг барилгыг нийслэлийн өмчид шилжүүлэн авах, эсвэл буулгах зөвшөөрөл олгож шинэ барилга барих нөхцөлөөр хангаж өгөх хүсэлтээ нийслэлийн Засаг даргад тавьж байсан гэдэг. Гэвч энэ барилгыг 2008 оны нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн соёлын өвд бүртгэсэн учир зөвшөөрөл олгоогүй юм байна. Харин 2018 оны аравдугаар сард нийслэлийн Засаг дарга С.Батболд “Гоожингийн өндөр”-ийг нийслэлийн өмчид эгүүлэн авах ажлыг зохион байгуулах захирамж гаргаж байсан ч энэ нь хэрэгжээгүй юм.
Харин өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын захирамжаар “Гоожингийн өндөр”-ийг нийслэлийн хамгаалалтад авч, газрын эрхийг цуцалж байна.
О.Балдан-Очир