Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойг тохиолдуулан Богд хааны хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Энэ үеэр Богд хааны музейн захирал Ц.Эрдэнэбаатарын сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “110 жилийн өмнө дэлхийн газрын зураг дээрээс Монгол гэдэг нэр үгүй, дээрээс нь ард түмэн маань харийн түрэмгийлэлд дарлагдаж байсан ийм цаг үе байсан. 200 гаруй жилийн их хүсэл эрмэлзлийг Богд хаан, ноёд болон лам хуврагуудтай хамтарч дэлхийн газрын зураг дээр Монгол гэдэг нэрийг бий болгосон. Бий болгохдоо өнөөдрийн монголоос 2.5 дахин том монголыг бий болгож байсан. Тэр утгаараа 110 жилийн өмнө "Нью-Йорк Таймс" сонинд “Маргааш Хятадын газар нутагтай дүйцэхүйц том газар нутагтай Их Монгол Улс тусгаар тогтнолоо зарлана” гэж дэлхийн хэвлэлүүд шуугиж байсан юм. Энэ 110 жилийн ойг Монголын төр, түүх соёлоо мэддэг, үнэн түүхэндээ ойр байдаг хүмүүс хүндэтгэл үзүүлдэг. Жил бүр энэ түүх улам тодорч байна. Хуучин Богд хааны түүхийг Төвд хүн гэдэг утгаар нь хардаг байсан бол Монгол Улсын төлөө зүтгэж, энэ Монгол Улсыг байгуулсан гэдгийг ард түмэн мэддэг болжээ. Богд хааны ордон музейгээс сүүлийн 2, 3 жил судалгаа хийсний эцэст 30-аад эрдэм шинжилгээний товхимол гаргасан. Мөн Богд хааны хэлмэгдсэн цаг хугацаа цагаатгагдаж байгаа ийм он жилүүд үргэлжилж байна гэж харж байна” гэлээ.
Д.Батчулуун