Биеийн тамир, спортын улсын хорооны нягтлан бодогч Алданышийн Рита өчигдөр Алтан гадас одонгоор мялаав. Тэр 2007 оноос одоог хүртэл Биеийн тамир, спортын салбарт нягтлан бодогч мэргэжлээр өөрийн мэдлэг, боловсрол, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан улсад нийт 25 жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа Биеийн тамир, спортын салбарын тэргүүний ажилтан юм. Мөн Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн спортын байгууллагуудын нягтлан бодох бүртгэлийг цахимжуулах, программчлах түүнийг хэвшил болгох ажиллагааг зохион байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулж удаа дараагийн сургалтуудыг зохион байгуулж байв. Спортын салбарын өөрчлөлт, шинэчлэлтэд тулгуурласан санхүүгийн эрх зүйн баримт бичгийг боловсруулахад шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг тусган бүртгэлийн арга аргачлалд шинэлэг санаа дэвшүүлж, санхүүгийн үйл ажиллагааг оновчтой зөв зохион байгуулах, тавигдах хяналтыг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан нэгэн. А.Ритагийн спортын болон санхүү эдийн засгийн салбарт хариуцлагатай, идэвх зүтгэлтэй, бусдыгаа манлайлан ажиллаж ирснийг өндрөөр үнэлж Боловсролын салбараас “Арга зүйч багш” цол тэмдэг, “Шилдэг багш” алтан медаль, Спортын салбараас Монгол Улсад Биеийн тамир, спортын хөдөлгөөн үүсч хөгжсөний 80, 90 жилийн ойн медаль, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Монголын Үндэсний Олимпын Хорооны “Олимпын алдар” медаль, жүдо бөх, чөлөөт бөх, бокс, хөнгөн атлетикийн холбоодын ойн медалиуд, “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” болон “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр тус тус шагнагдаж байжээ.
Сэтгэгдэл (1)