Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний дарга Т.Энхболд, Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очир нар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед нартай 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Баян-Өлгий аймагт гарч байгаа нийтлэг зөрчил, уг зөрчлийг давтан гаргахгүй байхад анхаарах, удирдах албан тушаалтны ёс зүй, манлайлал, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ярилцжээ.
Авлигатай тэмцэх газарт 2021 онд иргэдээс ирүүлсэн авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах нийт гомдол, мэдээллийн 48 хувийг нийслэл, дүүргээс, 52 хувийг хөдөө, орон нутгаас ирүүлсэн байна. Тухайлбал, 2020 онд аймаг, орон нутгаас ирүүлсэн гомдол, мэдээллийн 11.6 хувь, 2021 онд ирүүлсэн гомдол, мэдээллийн 23,4 хувь нь Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчилд хамаарч байна. Мөн томилгоотой холбоотой асуудлаар сумын иргэдээс түлхүү гомдол ирүүлжээ.
Уулзалтын явцад Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан авлигын эсрэг хууль тогтоомжид заасан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг онцгойлон хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлжээ. Мөн тус аймагт гарч байгаа нийтлэг зөрчлийг давтан гаргахгүй байхад анхаарах, Авлигатай тэмцэх газрааc холбогдох сургалт, арга зүйн зөвлөмжийг тухай бүрт хүргэх, анхан шатны нэгж буюу сумдын удирдлагад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хяналт тавьж, дахин зөрчил дутагдал гаргахгүй байхад анхаарч ажиллахаа аймгийн удирдлагын зүгээс илэрхийлсэн гэж Авлигатай тэмцэх газар мэдээллээ.