Тээврийн цагдаагийн албанаас энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 14 150 хэрэг бүртгэгдсэний 391 хэрэг нь замын осол хэрэг буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг байна гэж мэдээллээ.
Энэ үеэр орон нутгийн замд ялангуяа Дархан-Сэлэнгэ чиглэлийн авто замын нөхцөл байдлын талаар ТЦА-ны Замын цагдаагийн газрын дэд дарга Б.Батболд мэдээлэл өглөө. Тэрбээр “Дархан-Сэлэнгэ чиглэлийн автозамын засварын асуудлаар УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсэг болон Зам тээврийн яам, бусад төрийн байгууллагын оролцоотойгоор ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хоёрдугаар багц дээр 48 км, дөрөвдүгээр багц дээр 53 км замын засварын ажил эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас зам засварын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудтай хамтарч, хяналт шалгалт хийх, цаашлаад осол гэмтлээс сэргийлэхээр Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн цагдаагийн алба хаагчдыг 24 цагийн турш хяналт тавин ажиллаж байна. Энэ чиглэлийн авто замд осолд орж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн судалгааг хийсэн. 2016-2021 оны судалгаагаар нас барсан, гэмтсэн иргэдийн тоо буурсан үзүүлэлт гарсан" гэв.
Д.Батчулуун