Цахим үнэмлэхийг орон нутгийн сонгуулиас өмнө тарааж дуусна

Өнгөрсөн бямба гаригт Ерөнхий сайд Н.Алтанхуяг Улсын бүртгэлийн ерөнхий газраар орж, цахим үнэмлэх хэвлэн тараах ажилтай танилцсан. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг иргэний цахим үнэмлэх дээр тулгуурлан явуулах бодлогыг баримталж байгаа. Тиймээс Ерөнхий сайд цахим үнэмлэхийг хэвлэн тараах ажлын гүйцэтгэл ямар байгааг сонирхож байсан юм. Бүртгэлийн газрынхны мэдэгдэж буйгаар сонгуулийн насны нийт иргэдийн 97 хувь буюу нэг сая 996 мянга орчим иргэдийн цахим үнэмлэх хэвлэгдээд байгаагийн 85 хувь нь тараагдсан гэлээ. Харин үлдсэн хувийг ирэх арваннэгдүгээр сарын 15 гэхэд тарааж дуусахаар тооцоолж байгаа юм байна. Гэхдээ цахим үнэмлэхийг тараах ажилд иргэдийн өөрсдийнх нь оролцоо маш чухал байгааг тэд онцолж байсан. Нэгэнт хэвлэгдээд бэлэн болсон үнэмлэхийг харьяаллынхаа дагуу сумынхаа Засаг даргын Тамгын газрын байрнаас ирж авахад л болох гэнэ. Гэтэл иргэд энэ тухай мэдээллийг авсан байж үнэмлэхээ авахгүй байгаа нь асуудлыг үүсгэж байгаа аж. Өвөрхангай, Баян-Өлгий, Говьсүмбэр гэсэн гурван аймагт цахим үнэмлэх тараалт хангалтгүй байгаа гэсэн мэдээг УБЕГ-ын дарга Д.Энхцэцэг хэлж байсан. Энэ үеэр Ерөнхий сайд нэг зүйлийг тодруулсан юм. Тэр нь иргэдийн зүгээс үнэмлэхнийхээ зурганд сэтгэл хангалуун бус байгаа гэдэг асуудал байв. Энэ тухай мэргэжилтнүүд хэлэхдээ харьяаллынхаа дагуу бүртгэлийн ажилтандаа хандаж солиулах арга хэмжээ авч болно гэсэн юм.
Сэтгэгдэл (2)