“Орчлон” дунд сургуулийн сурагчид үдийн хоолондоо хордож олны
чимээнээс нэлээдгүй нууцалсан ч нянгийн гаралтай гэдэсний халдварт өвчин
болох нь тогтоогдсон.
“Орчлон” дунд сургуулийн сурагчид үдийн хоолондоо хордож олны чимээнээс нэлээдгүй нууцалсан ч нянгийн гаралтай гэдэсний халдварт өвчин болох нь тогтоогдсон. Үүний улмаас тус сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон бөгөөд өчигдрөөс эхлэн хичээл хэвийн үргэжлжлэх ёстой байсан. Гэвч тус сургуулийнхан өчигдөр хүүхдүүдээ хүлээн авч, хичээлээ эхлээгүй юм. Тэгвэл өнөөдөр цэвэрлэгээ ариутгалаа хийж дуусгаад хичээл хэвийн үргэлжлэх гэнэ.Түүнчлэн “Орчлон” дунд сургуульд гарсан энэхүү хоолны хордлогын талаар ХӨСҮТ-ээс дүгнэлт гарсан байна. Хоолны хордлогод хамааралтай 568 хүнээс асуумж судалгаа авч, эмнэл зүйн шинж илэрсэн 341 хүнээс давхардсан тоогоор 458 шинжилгээ авч шинжлэхэд 90 хүнээс өвчний үүсгэгч илэрсэн байна. Үүний 17-д нь цусан суулгын нян, 71-д нь алтлаг стафилококк, хоёр хүнд эдгээр нян хавсарч илэрчээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хийсэн ажилчдын болон орчны эд зүйлс, зарим хүнсний зүйлд хийсэн шинжилгээний 68.0 хувьд гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нянгууд илэрсэн учир цусан суулгын нян, алтлаг стафилококкоор үүсгэгдсэн хоолны хордлогот халдварын дэгдэлт гарсан байна гэж дүгнэжээ.
Д.Ундрах 24tsag.mn


















































