Боловсролын Үнэлгээний Төвөөс Монгол хэл бичгийн шалгалтын үр дүн, багшийн болон байгууллагын үнэлгээний талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Боловсролын Үнэлгээний Төвийн захирал Л.Ганбат мэдээлэл өглөө.
Тэрбээр "2013 оноос их, дээд сургуульд элсэх шалгуулагчдаас Монгол хэл бичгийн шалгалтыг заавал авч эхэлсэн. Шалгалтын босго оноог 400 байхаар тогтоож ирсэн.
Улсын хэмжээнд 30,879 шалгуулагч хэл бичгийн шалгалтад хамрагдсан байна. Эдгээр шалгуулагчаас 26,017 сурагч тэнцсэн бол 4,862 сурагч тэнцээгүй. Харин хэл бичгийн шалгалтын 400 онооны босгыг 26,017 сурагч давж, тэнцсэн.
Шалгалтын гол зорилго нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, хүртээмжийг сайжруулахад оршино. Монгол хэл бичгийн шалгалтыг зөв бичих чадвар, Монгол бичгээр унших чадвар, Эх зохион найруулах чадварыг шалгах агуулгын хүрээнд авсан. Шалгуулагчид сэдвийнхээ хүрээнд 250-300 үгтэй эсээ найруулан бичиж, бүтээлч байдлаар шалгалт өгдөг онцлогтой. Шалгалтын материалыг нийслэлд төвлөрүүлж, мэргэжлийн багш нар гар аргаар нэг бүрчлэн дүгнэж, оноо өгдөг. Энэ жилийн хэл бичгийн шалгалт нь A, Б хувилбартай нийт 50 оноотой байсан. Улсын хэмжээнд 50 оноогоо бүтэн авсан 36 шалгуулагч байгаа.
Сүүлийн зургаан жилийн хугацаанд шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтыг хэрхэн өгч ирсэн мэдээллийг танилцуулъя. Энэ жилийн хувьд нийт 50 онооноос улсын дундаж 35 оноотой гарчээ. Гүйцэтгэлийн хувиар нь тооцож үзвэл 70 хувьтай гарсан. 2022 онд шалгалт авахад улсын дундаж нь 63 хувьтай байсан. Сүүлийн жилүүдэд хэл бичгийн шалгалтын үзүүлэлт тогтмол өссөн" гэв.
Д.Батчулуун